sonin.mn
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Засгийн газрын өргөтгөсөн хуралдаанаар иргэдийн санал, хүсэлтэд тулгуурлан төрийн үйлчилгээг сайжруулах зорилгоор 2019 оныг “Иргэн төвтэй төрийн үйлчилгээний жил” болгон зарлав.
Сүүлийн жилүүдэд төрд итгэх иргэдийн итгэл суларсан байна. Тиймээс иргэдийн санал, хүсэлтэд тулгуурласан, оролцоог хангасан ил тод, хариуцлагатай, цахим үйлчилгээг хөгжүүлэх нь чухал байгааг ЗГХЭГ-ын дарга Г.Занданшатар танилцууллаа.
“Иргэн төвтэй төрийн үйлчилгээний жил”-ийн хүрээнд төрийн 320 гаруй үйлчилгээг цахим хэлбэрт шилжүүлэхээр төлөвлөсөн байна. Түүнчлэн төрийн үйлчилгээний стандартыг шинэчлэх, нэг цэгийн үйлчилгээний чанар, хүртээмжийг сайжруулах чиглэлээр 70 төсөл хэрэгжүүлэх аж.
Энэ үеэр ЗТХ-ийн сайд Я.Содбаатар "Төрийн байгууллагын тодорхой үйл ажиллагаа, мэдээ, мэдээлэл цахимжиж байгаа. Гэтэл төрийн байгууллагууд цахим системээсээ татаад авчих боломжтой мэдээллийг иргэдээс цаасан хэлбэрээр нэхдгээ болих хэрэгтэй” гэсэн санал хэллээ.
Иргэдэд аль салбарын үйлчилгээ хамгийн их чирэгдэл учруулж байгаа болон нэн тэргүүнд ямар салбарыг цахим хэлбэрт шилжүүлэх шаардлагатай байгаа талаар нарийн судалгаа гаргах хэрэгтэй гэдгийг Өвөрхангай аймгийн Засаг дарга Г.Ганболд дурьдсан юм.
Мөн үеэр Шадар сайд Ө.Энхтүвшин Засгийн газраас 2018 онд зарласан “Сахилга, хариуцлагын жил”-ийн хүрээнд Засгийн газар, төрийн байгууллагуудын хэрэгжүүлсэн ажлын тайланг товч танилцууллаа.
Өнгөрсөн онд Төрийн болон орон нутгийн өмчөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тусгай зөвшөөрөл олгох, газар олгох ажлыг нийтэд ил тод болгох чиглэлээр яам, агентлагууд олон ажлыг шинээр эхлүүлснийг Шадар сайд дурьдаад, “ЭМЯ эм, эмнэлгийн хэрэгслийн импорт, экспортын зөвшөөрөл олгох ажлыг, БХЯ харъяа байгууллагуудынхаа бүх худалдан авах ажиллагааг цахим хэлбэрээр зохион байгуулсан. Төрийн захиргааны бүх байгууллага албан хаагчидтайгаа үр дүнгийн болон хөдөлмөрийн гэрээ байгуулж, үүргээ хангалтгүй биелүүлсэн 1655 ажилтанд сахилгын шийтгэл ногдуулсан. Үүний дийлэнхийг ажлын цагаар согтууруулах ундаа хэрэглэсэн, ёс зүйн хэм хэмжээ зөрчсөн, удирдлагаас өгсөн үүрэг даалгавар биелүүлээгүй, хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ажил тасалсан зэрэг зөрчил эзэлж байна. 2018 онд улсын төсвийн хөрөнгө оруулалтаар хэрэгжих 636 төсөл хэрэгжүүлэхээр төлөвлөснөөс 613 төсөл хэрэгжүүлэгчийг хуулийн дагуу сонгон шалгаруулсан. Төрийн захиргааны удирдах албан тушаалтнуудын сонгон шалгаруулалтыг улсны хэмжээнд хангалтгүй зохион байгуулсан байна. Тодруулбал, төрийн жинхэнэ албан хаагчийн мэргэшлийн түвшний үнэлгээнд хамруулсан 45 мянга 576 хүнээс тангараг өргөөгүй 1030, түр орлон гүйцэтгэгч 1159, гэрээт ажилтан 2442, төрийн албан шалгалт өгөөгүй 726 албан хаагч байна. Харин ШӨХТГ, ОБЕГ нь албан хаагчдаа ажлын үр дүнг нь үнэлэх замаар дэвшүүлсэн томилсон нь сайн жишиг болсон” хэмээв.
Дараагаар нь ЗГХЭГ-ын дарга Г.Занданшатар “Төрийн албаны сахилга хариуцлага, дэг журмыг чангатгах тухай” Засгийн газрын тогтоолыг хэрэгжүүлэх зорилгоор орон даяар өрнүүлсэн төрийн жинхэнэ албан хаагчдын ажил, мэргэшлийн түвшний үнэлгээний дүнг танилцууллаа.
Уг үнэлгээнд 13 яам, 21 агентлаг, 21 аймаг, нийт сум, 44467 төрийн албан хаагчийг хамруулсан байна. Энэ хүрээнд хууль зүй, мэдээлэл, технологи, төрийн захиргаа болон төрийн албан хаагчийн тестийн шалгалт авсан байна. Төрийн залгамж чанар, мерит зарчим алдагдаж буйг харуулж байгааг ЗГХЭГ-ын дарга онцлов. Тодруулбал, яам, агентлагийн ажилчдын 58.3 хувь нь 1-5 жил ажиллаж байгаагаас гадна төрийн албаны шалгалт өгөөгүй 700 гаруй албан хаагч байгааг шүүмжилсэн юм. Мөн төрийн байгууллагуудад зохион байгуулж буй сургалтуудын уялдаа холбоо, үр дүнг сайжруулах шаардлагатай байгааг дурьдсан юм. Уг ажлыг хэрэгжүүлэх үүднээс Төрийн албаны зөвлөл болон Удирдлагын академи хамтран төрийн албан хаагчдыг давтан сургах төлөвлөгөө боловсруулсныг хэллээ.
Хуралдааны төгсгөлд Ерөнхий сайд У.Хүрэлсүх, “Монгол Улсын Засгийн газар төрийн бүх шатанд шударга ёсыг тогтоох болон эдийн засгийг сэргээх гэсэн хоёр зорилт дэвшүүлсэн. Энэ асуудал тодорхой хэмжээнд хэрэгжиж байна. Монгол Улсын эдийн засаг сэргэж байна. Хамгийн гол нь иргэдэд үр ашгийг нь хүртээхэд анхаарах хэрэгтэй. Ард түмний амьдрал хүнд байгааг хүн бүхэн мэдэж байна. Гэхдээ нэн тэргүүнд шударга ёсыг тогтоох нь чухал. Өвлийн тачигнасан хүйтэнд 30 мянга гаруй иргэн цуглаж, шударга ёс тогтоохыг шаардаж байна. Эрхзүйт төрд ямар ч албан тушаалтан хуулиас дээгүүр байх ёсгүй. Тиймээс шударга нийгэм байгуулах, төрийн албыг сахилга баттай болгохын төлөө хамтарч ажиллана гэж итгэж байна” гэлээ.
Ингээд Ерөнхий сайд У.Хүрэлсүх газрын тос боловсруулах үйлдвэр, цэвэрлэх байгууламж, сургууль цэцэрлэг, зам гүүр зэрэг бүтээн байгуулалтын төслүүдийг хэрэгжүүлэхэд анхаарч ажиллах, төсвийн сахилга бат хариуцлагыг чангатгах, цахим засаглалыг бий болгож, төрийн хүнд суртлыг арилгах, ажлын уялдаа холбоог хангахыг 21 аймгийн Засаг дарга нарт үүрэг болгов.
 
 
Ч.Ариунболд
Эх сурвалж: Монцамэ агентлаг