sonin.mn
ЛИМА. /BBC/. Перу улсын Ерөнхийлөгч асан Алан Гарсияг авлигын хэрэгт холбогдуулан баривчлахаар цагдаагийн ажилтнууд гэрт нь ирсний дараа тэрбээр өөрийгөө буудан хөнөөсөн байна.
А.Гарсияг нийслэл Лима хотын эмнэлэгт яаралтай хүргэсэн боловч түүнийг нас барсан талаар Перугийн одоогийн Ерөнхийлөгч Мартин Вискарра албан ёсоор мэдэгдсэн байна. Ерөнхийлөгч асныг дэмжигчид эмнэлгийн гадна цуглажээ.
 
Бразилын “Odebrecht” барилгын компаниас авлига авсан хэмээн А.Гарсияг буруутгаж байсан бол тэрбээр энэхүү мэдээллийг үгүйсгэж байжээ. А.Гарсия Перу улсын Ерөнхийлөгчийн албыг 1985-1990, 2006-2011 онд тус тус хашиж байсан юм. 
Дотоод хэргийн сайд Карлос Мораны сэтгүүлчдэд мэдээлсээр, цагдаа нарыг ирэх үед М.Гарсия утсаар ярихаар өрөөндөө ороод хаалгаа хаасан аж. Хэдхэн минутын дараа буун дуу гарсан бөгөөд цагдаа нар хаалгыг хүчээр нээхэд М.Гарсия сандал дээрээ сууж байсан байна.
“Ерөнхийлөгч асны гэрт 4-5 галт зэвсэг байсан бөгөөд тэрбээр тэдгээрийн нэгийг ашиглан амиа егүүтгэсэн байж магадгүй” гэж М.Гарсиягийн нарийн бичиг Рикардо Пинедо мэдээлжээ.
 
 
 
М.Гарсияг ямар хэрэгт буруутгасан бэ?
 
 
 
Мөрдөн байцаагчдын мэдээлснээр, Ерөнхийлөгч асан бүрэн эрхийнхээ хоёр дахь хугацааны үеэр нийслэл хотод метроны шугам барих төсөлтэй холбоотойгоор “Odebrecht” компаниас авлига авсан ажээ.
“Odebrecht” компани 2004 оноос хойш Перугийн эрх баригчдад 30 орчим сая ам.долларын авлига өгснөө хүлээн зөвшөөрсөн байна. Гэсэн хэдий ч М.Гарсия өөрийгөө улс төрийн хавчлагын хохирогч байсан хэмээн мэдэгдээд, өөрийнх нь эсрэг "ямар ч нотлох баримт байхгүй" хэмээн жиргэж байжээ.
Өнгөрсөн оны 11 дүгээр сард тэрбээр Урагвай улсаас улс төрийн орогнол хүссэн боловч хүлээн зөвшөөрөөгүй юм. 
 
Э.Хулан
 
Эх сурвалж: "Монцамэ" агентлаг