sonin.mn
БНСУ руу визгүй зорчих болбол МУ-д хүн үлдэхгүй гэж ярьдаг. Тоглоом наадам гэж боддог байсан. Үнэн бодит байдал юмсанжээ. “Виз шалгах хугацаа 7 сар болсон, МУ дахь БНСУ-ын ЭСЯ маш муу ажиллаж байна” гэж манай иргэд БНСУ-ын ЗГ-т гомдол мэдүүлжээ. БНСУ-ын ЭСЯ асар их ачааллыг хүчрэхүйеэ бэрх болж, онц байдалд оржээ. 
 
“Одоогийн байдлаар манай ЭСЯ ЗГ-аас тогтоосон визний материал шалгах ажилтны хэмжээг 2 дахин нэмэгдүүлж, мөн ачаалал их улиралд бусад хэлтсийн ажилтны талыг түр хугацаагаар томилоод зогсохгүй, байгууллагын өдөр тутмын зардлыг хүртэл ашиглан, цагийн ажилтан авч туслуулах зэргээр хурдан шуурхай шалгах талаар бүхий л арга хэмжээг авч байна. Гэсэн хэдий ч монгол иргэдийн Солонгос улсад зорчих визний шалгах хугацаа уртсаж буй” гэжээ. Хоёр улсын харилцааг тал бүрээр хөгжүүлэх үүрэгтэй ЭСЯ-ны ажил алдагдаж, бүхнийг визний төлөө гэсэн зарчимтай болох дөхжээ.
 
Сүүлийн жилүүдэд манай иргэдийн виз мэдүүлэх нь өдөрт дунджаар 800-1000 болжээ. Энэ нь жилд хэд вэ? Хэдэн жилд хэд вэ? Визгүй болбол МУ-д хүн үлдэх нь үү? Энэ тухай мэдэж мэдэрч, судалж тооцоолж, бодитойгоор ойлгож дүгнэж, зохих арга хэмжээ авч хэрэгжүүлж байгаа юм хаана ч байхгүй, ангайгаад л сууцгааж байх. Улсын хүн ам тэр чигээрээ дүрвэх байдалд орчихоод байна шүү дээ. МУ-д байх хүсэлтэй хүн бараг алга.
 
Хуурамч бичиг баримтын галзуурал, хавтгайрал үүсчээ. Өрнөдийн орнуудад олон удаа зорчиж байсан мэтээр хуурамч виз хүртэл үйлддэг байна.
 
2018 оны байдлаар, БНСУ-д хууль бусаар оршин сууж байгаа нийт гадаадын иргэдийн тоон өсөлтөд 3 сая хүн амтай Монголын иргэдийн эзлэх хувь нь, 1 тэрбум 400 сая хүн амтай Хятад улс, 90 сая хүн амтай Вьетнам улстай адил хэмжээнд очжээ. Сар бүр 500-600 МУ-ын хууль бус оршин суугч шинээр нэмэгдэж байна. Энэ тоон үзүүлэлтээрээ дэлхийн 170 гаруй улсад суугаа БНСУ-ын элчин сайдын яамдаас МУ-д суугаа Солонгосын ЭСЯ нь хууль бус цагаач нэвтрүүлсэн гэж 1-р байранд орох болжээ.
Манай цагаачид БНСУ-ын ҮАБ, нийгмийн хэв журамд сөрөг нөлөө үзүүлэх, БНСУ-ын хөдөлмөрийн зах зээлд эмх замбараагүй байдлыг үүсгэж болзошгүй аюултай байдлыг үүсгэжээ. Өөрөөр хэлбэл, дайн болсон Сири зэрэг орны дүрвэгчид Баруун Европын орнуудад маш аюул осолтой нөхцөл байдлыг үүсгэсэн шиг манай дүрвэгчид Солонгосын хувьд том гамшиг болжээ. 
БНСУ виз, хууль бус цагаачийн чиглэлээр хууль зөрчсөн МУ-ын иргэдэд хариуцлага хүлээлгэх талаар манай хууль сахиулах байгууллагуудад хүсэлт өгдөг ч олигтой үр дүн гардаггүй бололтой юм.
 
БНСУ монголчуудыг Ахан дүү үндэстэн гэж үзэн, визний мэдүүлэгт нь халуун дулаанаар хандаж, хамгийн аядуу зөөлөн байдлаар шийдэж ирсэн байна. Мөн Монгол улсын эдийн засгийн нөхцөл байдлыг харгалзан, БНСУ – д ойролцоогоор 20 000 гаруй манай иргэн хууль бусаар оршин суугаа хэдий ч, Солонгосын засгийн газраас монгол иргэдийн талаар цагаачлалын зөөлөн бодлогыг хэрэгжүүлж ирсэн байна. 
 
Үүнд ямар хариу барив? Өнөөдөр манай олон иргэн энэ улсыг муучлан гүжирдэх, даажигнан доромжлох, хууль дүрмийг нь уландаа гишгэх,ажлын байр гаргаж өгвөл боолчиллоо гэж гомдоллох, тус улсыг болон соёлыг нь үзэн ядах, иргэдийг нь дорд үзэх, чадал боломжоороо тус улсад гэм хор учруулах юм хэлэх хийхийг хичээх, тус улсад дайсагнасан харьцаатай Хойд Солонгосыг болохоор тахин шүтэж, дэмжин тал засах нь ажиглагддаг. МУ-д сайн хандсан бүх улсад тэгж хандах нь өргөн хавтгай үзэгдэл. МУ-д сайнгүй ханддаг бүх улсад Хойд Солонгосод ханддаг шигээ сайнаар ханддаг нь МУ-ыг хорлохын төлөө төрсөн буг чөтгөрүүд үү гэлтэй байдаг.
 
Улс орноо хайрлан хамгаалж, хөгжүүлэн дэвжээхийн оронд, нэг гүрний голдуу зальхай түрэмгий этгээдүүдэд урван, хамаг байдгаа өгч шан харамж хүртэж, ийм гэмт хэргийг аль их хийсэн шалгарсан цолгорсон урвагч хулгайчдаа шүтэн сонгож, дархлан дээдэлж, эцэстээ эх орондоо амьдрах аргагүй болчихоод, сөнөж мөхөхийн даваанд хүрэхэд нь дайн дажин болсон улсаас дайжин амь гарахын адилаар үй олноороо дүрвэх одохыг хүсэж, эрүүл саруул, хөгжиж цэцэглэж байгаа улсад гамшиг учруултлаа үерлэж байх ч гэж дээ. 
Манайд дайн болсон уу? Харийн цэрэг халдан довтолсон уу? Хэн МУ-ыг ийм байдалд хүргэчихэв ээ? АНУ ийм болгочихов уу? Манайд байдаггүй шахам ардчилагчид ийм болгов уу? Тэгсэн гэж л хамаг буруугаа бусдад нялзаачихаад яваад байдаг. Ердөө бид өөрсдөө, их багагүй хамтдаа улсаа ийм болгосон. Хэзээ ухаарах вэ? Хэзээ өвөг дээдэс шигээ жинхэнэ монгол хүн болох вэ? Хэзээ мөнхийн зүүний нялхас байхаа больж, нас биед хүрсэн хүн болох вэ, бид? Хэзээ "МУ-д коммунизм-советизм, большевизм-маоизм байгуулна, Өрнөдийн орнуудыг дарна устгана" гэж худал бурах, хэрэг дээрээ капитализм руу түм бумаараа зугтахаа болих вэ?
 
Өнөөдөр "энэ нэг царцааны нүүдэл шиг улс байна" гэж бүх улсууд хилээ бидний хувьд хаахад л энэ их дүрвэлтийн давалгаан зогсох магадлалтай байна.
 
 
Ч.Мөнхбаяр