sonin.mn

АНУ-д 14 жил амьдрахдаа нийгэм, улс төр, хөгжлийн тухай агуулгатай олон арван нийтлэл, өгүүлэл бичиж олон нийтэд хүргэсэн, басхүү нийгмийн хэд хэдэн төсөл санаачлан ажиллаж байсан Г.Галбадрахтай ярилцлаа.

 

Та АНУ-д 14  жил ажиллаж, амьдраад ирлээ. Эх орондоо буцаж ирэх болсон гол шалтгаан юу байв?

 
 Америкт 14 жил болохдоо Монгол руугаа хандсан таван төсөл хийсэн юм. 
Хамгийн эхэнд хийсэн “Монгол хүн Монголын баялаг” төсөл бол дэлхийн нэр хүндтэй байгууллага, компанид амжилттай ажиллаж, өндрөөр үнэлэгдэж буй залуусынхаа мэдлэг, боловсрол, туршлагыг Монголынхоо хөгжилд хэрхэн ашиглах тухай байсан.
Хоёрдахь нь АНУ-аас бэлтгэсэн, “Хөгжлийн замаар” нэртэй, Монголыг хөгжүүлэх стандартуудын тухай 55 цуврал нэвтрүүлэг юм. Миний олж харснаар АНУ-ын хөгжлийн тулгуур, иргэдийнх нь аюулгүй, амар тайван амьдрах нөхцлийг бүрдүүлэгч нь хуульчлагдсан стандартууд байсан. Төслийн гол санаа нь АНУ-д он удаан жил хэрэгжээд, үр дүнгээ өгсөн стандартуудыг Монголынхоо хөрсөнд шууд нутагшуулах юм. Хоёр жилийн турш АНУ болон Монголдоо зураг авалтыг нь хийсэн.
 Мөн миний олон жил бодож, хийсэн “Монголчууд Америкт” нэвтрүүлэг байна. АНУ-д ирсэн Монголчууд хэрхэн өөрчлөгдсөнийг бодит амьдралаар нь харуулахыг зорьсон. Дал орчим хүнтэй ярилцсан. Хамгийн сонирхолтой нь Монголд хэн байснаас үл хамаараад АНУ-д очсон ихэнх хүмүүс бүх зүйлээ тэгээс эхэлсэн байдаг.
 
Өөрөөр хэлбэл баян ядуу, боловсролтой боловсролгүй, дарга цэрэг хэн ч байсан АНУ-д очоод “зогтусдаг” юм байна. Би ер нь хэн юм бэ? Би АНУ-д, энэ нийгэмд яаж амьдрах ёстой юм бэ? гэж өөрөөсөө асууж, бодож, эргэцүүлж, өөрийгөө шинээр харж, нээх гэж хичээдэг юм байна л даа.  
 
Тэгээд олонх нь аяга таваг угаах, цэвэрлэгээ хийх гэх мэт доороос эхлээд, дээшилсээр амжилтанд хүрсэн байдаг. Одоо эдгээр Монголчууд маань дэлхийн хаана ч хөлөө олоод, өөрөө өөрийгөө аваад явах чадвартай болсон байна. Үүнийг өнөөгийн залууст харуулах гэсэн юм. Улстөрчийн цүнх барьж бүү гүйгээч ээ, мөнгөтэй хүн дагаж бүү далдаганаачээ. Амьдралд үй олон боломж байна. Энэ дундаас өөрөө өөрийгөө ол. Алдаатай ч, оноотой ч өөрийнхөөрөө амьдар гэсэн санааг залуустаа өгөхийг хичээлээ. Удахгүй Монголын Үндэсний Телевизээр цацагдана.
Дөрөв дэх нь олон улсын аялал жуулчлалын стандартын чиглэлээр хийсэн “АНУ-аар 11000 бээр” төсөл. Нэвтрүүлгээ АНУ-ын дэлхийд алдартай Үндэсний паркуудаар явж бэлтгэсэн. Үндсэн таван зүйл дээр анхаарлаа төвлөрүүллээ.
Нэгдүгээрт аялал жуулчлалын үйлчилгээ. Жорлон, хогийн сав, дэлгүүр, зоогийн газар гэх мэт. Хоёрт аялагчдын аюулгүй байдал. Хэн нэгэн мориноос унаж, хулгайд эд зүйлээ алдмааргүй байна. 
Гуравт аялал жуулчлал бол боловсрол. Ялангуяа гэр бүлээрээ аялаж яваа нөхцөлд хүүхдүүдийн биологийн, газар зүйн мэдлэг тэлдэг. Мөн эх орноороо бахархах, хайрлах, ёс уламжлалаа танин мэдэх, үндэсний үзлийг суулгаж өгдөг. 
Дөрөвт байгаль дэлхийгээ онгон дагшнаар нь авч үлдэх асуудал
Тавд нь аялал жуулчлалын менежмент, санхүүжилт хэрхэн явагддаг, хийгддэг тухай. Монголын Үндэсний Телевизийн захиалгаар хамтарч, нийт найман дугаар хийсэн. Энэ хавраас гарч эхэлнэ. 
Ингээд дөрвөн том телевизийн контент бэлдсэн. Бас АНУ-ын 200-аад бизнесийн мэдээллийг агуулсан “Шинэч” гэж сэтгүүлийг гаргасан. Үүн дээр 40 орчим сайн дурын байгууллага, АНУ-д судалгаа хийж байгаа эрдэмтдийн мэдээлэл нэмэгдсэн. Гадаадад айлчилж байгаа манай төр, засгийн тэргүүнүүд “Бид гадаадад байгаа Монголчуудыгаа эх орныхоо хөгжилд ашиглана” гэж хэлдэг. Тэгвэл би асууж байна. Та нарт ямар мэдээлэл, судалгаа байгаа юм. Байхгүй шүү дээ. Гадаадад байгаа Монголчуудынхаа мэдлэг чадвар, туршлагыг ашиглая л гэж байгаа бол бид тэднийхээ талаар мэдээллийн сан үүсгэх ёстой. АНУ-д байхдаа ийм таван төсөл Монголчууддаа хандаж хийсэн. Албан ёсны санхүүжүүлэгч байсангүй. АНУ-д ажиллаж, амьдарч байгаа Монголчуудынхаа хандив, дэмжлэгээр хийсэн.
 
Өнөөдөр гадаадад болон дотоодод байгаа Монголчуудын хооронд сэтгэлгээний маш том зөрүү гараад ирсэн. Энэ сэтгэлгээний зөрүүг арилгах хэрэгтэй байна. Яагаад гэвэл бид нэг эх оронтой, нэг ард түмэн.
 
Бид хамтдаа л хөгжиж чадна. Бид 2020 онд “Монголчууд Америкт”, мэдээллийн сан үүсгэх зэрэг төслүүдээ Австрали, Солонгос, Европын орнуудад хэрэгжүүлэхээр бэлтгэж байна. 2021 онд Канад, Япон, Хятад, Орос гэсэн дөрвөн орноор явна. Хоёр жилийн дараа энэ бүгдээ нэгтгээд гадаадад байгаа Монголчуудын талаарх статистик, судалгаа, мэдээллийн дата гэсэн гурван том бичиг баримт Монголын төрд, олон нийтэд гаргаж өгөх гэсэн юм. Үүгээр нэгдүгээрт: Гадаадад байгаа Монголчуудад төр ямар бодлого боловсруулах юм. Ялангуяа гадаадад суурьшаад, бизнес хийгээд явж байгаа Монголчууддаа би “Эх орондоо битгий ир” гэж хэлдэг. Гуравхан сая хүнтэй зах зээл дээр бизнес булаацалдаад явах уу, гурван зуун гучин сая хүнтэй АНУ-ын зах зээл дээр хөлөө олоод, олуулаа нэгдээд цаашаа явах уу гэдэг сонголт байгаа. Ерөөсөө л гадаадад байгаа дэлхийн хэмжээнд үнэлэгдэж буй Монголчуудыгаа эх орныхоо хөгжилд яаж ашиглах вэ гэдэг гарц, гаргалгааг л олох зорилготой эх орондоо буцаж ирсэн дээ. 
 
Америк таныг яаж өөрчилсөн бэ?
 
Би 2005 онд 47 настай АНУ-д хөл тавьж байлаа. Монголд дунд сургуулийн багш, захирал дараа нь бизнес хийх гэж оролдсон. Одоо бодоход цээжний пангаар, бизнес гэдгийг наймааны ухаанаар хардаг байсан байна. Яг үнэндээ би Монголд байх даа эх оронч байгаагүй. Эх орноо хайрлаад, шүтээд, уйлж, дуулаад байдаг хүн байгаагүй. Зүгээр л нэг залуу байсан. Америкт очоод би “Би эх оронтой хүн” гэдгээ мэдэрч эхэлсэн.
 
Эх орондоо ирээд хамгийн их гайхсан зүйл юу байв?
 
Монголоо гаднаас нь хараад, танай sonin.mn дээр 14-н жилийн турш 800 гаруй  бичсэн нийтлэлээ гаргасан байна. Монголоо сошиалаар харах, бодит байдлаар харах хоёр бол шал өөр байсан. Ирээд хэд хоног гэр хорооллоор, Нарантуул захаар, хотын төвөөр, үйлчилгээний газруудаар явлаа. Янз бүрийн түвшний олон хүмүүстэй уулзлаа. Нэг зүйлд их баярласан. Залуучууд үнэхээр хөгжөөд эхэлчихсэн байна. Хүн бүр хөгжихийг, өөрчлөгдхийг хүсч, тэмүүлж, арчаагүй залхуу байдлаасаа залхаж байгаа нь мэдрэгдэж байна.
 
Харин үүнд нэг л зүйл садаа болж байна. Энэ бол Монголын төр өөрөө. Монголын төр ард түмэндээ гологдсон байна. Хоцрогдсон байна. Монголчууд гацаанд орсон байна.
 
Энэ нь хөгжлийг чөдөрлөж байна. Харамсалтай санагдсан зүйл нь  хөдөө сум аймгуудын, гэр хорооллын иргэдийн сэтгэлгээ ерөөсөө өөрчлөгдөөгүй байна. Энд нэг хөгжлийн зааг ялгаа гарчихсан байна.  УИХ-ын 2020 оны сонгуульд зөв сонголт хийх хэрэгтэй байна. 20, 30 жил улиг болсон хуц, ухна шиг нөхдүүдээс салъя гэвэл хөгжих гэж хүсээд байгаа залуучуудыг улс төрд дэмжих хэрэгтэй байна.
 
Монголд бизнесийн орчин ямархуу байна гэж харав?
 
Дундаж амьдралтай хүмүүсийн тоо 70-80 хувьд хүрч байж Монголчууд тайван амар, хангалуун амьдарна. Миний харж байгаагаар. Тийм хүмүүсийг жижиг, дунд бизнес бий болгодог. Залуучууд төр засгийн, хэн нэгний гарыг харж, тэтгэлэг авах биш би өөрөө ажлын байр бий болгомоор байна, өөрийнхөө бизнесийг хиймээр байна гэж хүсч байна шүү дээ. Гэтэл жижиг дунд бизнесийг хөгжүүлэхэд зориулсан сангийн зээлийг нь улс төрчид хуваагаад авчихсан байна.
 
Монголд үндэсний гэгдэх томоохон компаниуд бүх жижиг дунд бизнесийн зах зээлийг булаагаад монополи тогтоож эхэлж байна. Энэ жижигхэн зах зээлд харамсалтай дүр зураг.  
 
Яахав сүүлийн үед залуучууд мэдээллийн технологи, IT-гийн чиглэлд мундаг явж байна. Яалт ч үгүй том ирээдүй, орон зай мөн. Мөн хөдөө аж ахуй, аялал жуулчлал гэсэн хоосон том хоёр орон зай байна. Фермерийн аж ахуй, органик хүнс, эко аялал жуулчлалыг хөгжүүлэх хэрэгтэй байна. Уг нь төр өөрөө бизнес хийхийн оронд ард иргэддээ бизнес хийх боломжийг олгох ёстой. Бизнес бол төрийн хийдэг ажил биш. Улс төр, бизнес хоёрыг салгах хэрэгтэй.  
 
Улс төрчид нь наймаачин, наймаачид нь улс төрчид болсон өнөө үед бид яаж бизнесийн орчныг сайжруулах вэ? 
 
Зарим хүмүүс “Би бизнесээ хамгаалхын тулд улс төрд орж байна” гэж хэлж байна. Олон бизнесмэнүүд улс төрд орж байна. Энэ юуг харуулж байна гэхээр улс төр өөрөө бизнес болчихсон. Гарын үсэг зураад, ямар нэг шийдвэр гаргаад маш их мөнгө авдаг. Мэдээлэлд ойр байснаа ашиглаж, хоорондоо хуйвалдаж бусдад очих байсан мөнгийг дундаас нь завшиж байна.
 
Улс төргүйгээр амьдарч чадахаа больсон, улс төрөөр бизнес хийгээд амташсан олон хүн байна. Улс төрөөс гарчихвал амьдралаа авч явж чадахгүй эсвэл шоронд орох тийм л хүмүүс өнөөдөр улс төрд улайрч байна. 
 
Үнэндээ Монголын улс төрд Монголыг хөгжүүлье гэсэн бодолтой хүн цөөхөн. Ихэнх нь хамтраад мөнгө хийе гэдэг. Өнөөдөр хамгийн сайн мөнгө хийж байгаа салбар бол улс төр. Дахиад л улс төр, бизнес хоёрыг салгах асуудал. УИХ-ын 2020 оны сонгуульд үүнийг хийж чадах залуусыг сонгохоос өөр арга байхгүй. Хэрэв энэ чигээрээ үргэлжилбэл бид нарын байдал улам л дордоно. Энэ л биднийг зовоож байна. Бидний хүсч буй нийгмийг биднээс өөр хэн ч бидэнд өгөхгүй. Тиймээс зөв хүмүүсээ сонгох хэрэгтэй байна. Дуугарч эхэл. Сонгуульд саналаа өг. Өөр сонголт байхгүй.
 
Залуус "Монголд амьдрал алга" гээд гадагшаа их явж байна. Гаднаас ирсэн хүний хуьд та тэдэнд хандаж юу хэлэх вэ?
 
Залуус гадагшаа гарах нь зөв. Гэхдээ хар ажил хийх гэж биш. Сурах гэж, аялах гэж явдаг байгаасай гэж хүсч байна. Тэдгээр залуус гадаадад очоод ямар нийгэмд амьдрах ёстойгоо харна, ойлгоно. Тэнд хүмүүс улс төрөөс хамааралгүй дуртай ажлаа хийгээд, хангалттай цалин аваад, амьдралаа болгоод амар тайван амьдарч байна. Үүнийг харах нь зөв. Гэхдээ хэн энэ эх орныг өөрчилж, хөгжүүлэх юм бэ. Өөрсдийн бяцхан хувийн амбицаа дараад, нэгдээд хамтраад явах хэрэгтэй байна. Ганцаараа хичнээн мундаг байгаад улс орон хөгжихгүй шүү дээ. Оршин тогтнохын тулд нэгдэхээс өөр сонголт байхгүй. Өнөөдөр болж байна. Гэхдээ маргаашаа, нөгөөдрөө бодох хэрэгтэй байна. Бидний үнэт зүйл юу юм бэ. Чингис хаанаараа цээжээ дэлдээд хаачих юм бэ? Дэлхийн хөгжил хаашаа явж байна. Дараагийн гараг ертөнцийг ярьж байхад бид модон жорлонтойгоо сумынхаа ойг тэмдэглээд сууж байна. Үгүй. Бид өөрчлөх цаг болсон. Би  залууст найдаж, тэднийг өөдрөгөөр харж байгаа. Одоогийн улс төрчид живж буй завин дээрх гүйлдэж байгаа хархнууд шиг л харагдаж байна.  
 
Та залуусын  “Уухай” хөдөлгөөнд нэгдсэн байсан. Улс төрд орох  нь уу?
 
Үгүй. За энэ нөхөр Монголд очиж улс төрд орох нь гэж олон хүн хардаж байгаа (инээв). Улс төрд олон санал ирж байгаа. Надад хийхээр төлөвлөсөн ажил байна. Хугацаа бага, миний нас явж байна. Хийх ёстой юмаа хийж амжих ёстой. “Уухай”-гийн хувьд бол залуус өөр, өөр намын гишүүн байсан ч хоёр үнэт зүйл дээр нэгдэх ёстой. Нэгд: Монголын язгуур эрх ашиг, хоёрт: Монгол хүний үнэ цэнэ. Би залууст энэ хоёрыг л захиж байгаа. Тэднийг өөрсдийн хүсч байгаа нийгмийг байгуулахын төлөө зорьж яваа гэдэгт итгэж байна. Хажуугаар нь хэн нэгний гар хөл бологч, цүнх баригч, зусардагчид гэх мэт саад гарч ирэх л байх. Гэхдээ даван туулах ёстой. 
 
Яг одоогийн нөхцөлд Монголд тайван амгалан, элбэг хангалуун амьдрах орчин байна уу?
 
Байхгүй. Хүний амьдралын утга учир юу юм бэ? Хүн дуртай ажлаа хийж, түүнээсээ сэтгэлийн таашаал авч, цалин хөлс чинь амьдралд хүрэлцээд, чиний хийсэн зүйл олон хүнд хүрч сайнаар нөлөөлөхийг харж баясах, тэр л амьдралын эцсийн утга учир юм билээ. Энэ өнцгөөс харвал олон хүн сэтгэл хангалуун амьдарч байгаа байх гэж найдаж байна. Мөнгө гэдэг талаас харвал олон хүн бухимдалтай байна. Өөрийн ядуу байгаадаа гутарч баян хүнийг үзэн яддаг давхарга бий болж байна. Ямар ч хамаагүй аргаар эрх мэдэлд хүрч бусдад гайхуулах хүсэлтэй хэсэг байна. Гэх мэтчилэн сайнтай муутай, зовлонтой жаргалтай Монгол орон оршин байна. Яаж сонголтоо хийх нь хувь хүний асуудал. Чи амьдралыг яаж харж байна. Тэр чиний өнцөг. Сэтгэл хангалуун байх уу? Гутранги байх уу тэр чиний сонголт. Заавал төрийг харахгүйгээр өөрөө өөрийнхөө амьдралыг хүссэнээрээ аваад яв. Учиргүй баян байж яах юм бэ. Тэр чинь бас л зовлон. Тэр хүмүүсийг жаргаж байгаа гэж бодож байна уу. Үгүй шүү дээ. Тэд чинь биднээс илүү зовлон үзэж яваа.
 
Баян байх ёстой хүмүүс бий юу гэвэл бий. Угаасаа цаанаасаа өгөгдсөн. Тэр болгонтой барьцаж амьдарч яах гэсэн юм. Хэн нэгэн булган шуба өмссөнийг хараад өр тавьж авах ямар хэрэг байна. Яг үнэндээ материаллаг хэрэглээний хийрхэл нь биднийг ядраагаад, бухимдуулаад, цухалдуулаад байна.  
 
Үүнийгээ анзаарахгүй байна. Яагаад биед эвтэйхэн, цэвэрхэн хувцас өмсөөд явж болохгүй байгаа юм. Яагаад бензин бага иддэг машин аваад ажлаа бүтээгээд явж болохгүй байна. Яагаад бие биендээ гайхуулхыг хүсээд байгаа юм. Яагаад өөрийгөө бусдын дээр тавьж, өрөөлийн атаархлыг төрүүлхийг хичээгээд байгаа юм бэ? Бид өөрөө өөрсдийгөө бухимдуулаад байна. Энэ бол хувь хүмүүсийн өөрсдийнх нь сонголт, өгөгдөл. Зовлон, жаргал Монголд ч, Америкт ч адил. Чиний амьдралыг харах өнцөг, хандлагаас шалтгаална. 
 
Ярилцлага өгсөнд баярлалаа.
 
Аливаа зүйл амаргүй, хэцүү гэж хойшоо бүү суу. Олон хүн надаас асууж байна. Эх орондоо очоод ямар байна гэж. Хэцүү байна уу? Сайхан байна уу? гэж. Бүх л юм байна.
 
Би эх орноо сонирхох гэж ирээгүй. Амьдрах гэж ирсэн.
 
Зорилго том байгаа бол зовлон багасдаг. Зорилго том байгаа бол бэрхшээл жижиг харагдана. Монголдоо ирсэндээ баяртай байна. Би соён гэгээрүүлэх, нийгмийг өөрчлөх үүрэг хүлээгээгүй. Чадах ч үгүй. Өөрийнхөө хэмжээнд л бусдын сэтгэлгээг өөрчлөхийг хичээж байна. Зорин ирж ярилцлага авсанд баярлалаа. Би ярилцлага өгөөч гэсэн олон сэтгүүлчдийн урилгыг нилээн хойш нь тавьж байгаад, Sonin.mn-тэйгээ маш олон жил хамтарч ажилласан болохоор эхний ярилцлагаа  өглөө. Хамгийн сайн зүйл бол хүн өөрийн мэдсэн зүйл, зөв итгэл үнэмшлээ бусадтай хуваалцах явдал. Та нарт  баярлалаа. 
 
Баярлалаа. 
 
Ярилцсан:  Сэтгүүлч Ч.Явуухүү