sonin.mn
Сонгино Хайрхан дүүргийн ШИНЭ нам мэдээлэл хийж, төрийн өндөр албан тушаалтнуудад шаардлага хүргүүлж буй талаараа танилцуулав.
 
Сонгино Хайрхан дүүргийн ШИНЭ нам шаардлагадаа: 
"Манай улс банк, санхүүгийн хуулийн тогтолцоог бүгдийг нь гадаадын улс орнуудаас хуулбарласан атлаа, өндөр хөгжилтэй зах зээлийн 80-аад оронд хэрэгжүүлсэн зээлийн хүүг хуулиар хязгаарлахыг нь хийгээгүй. Үр дүнд нь банкууд бизнесийг дэмжих биш, тэдний мөнгийг хүүлдэг хэрэгсэл болсон.
Төрийн бодлого банкуудын лоббигоор явагдаж, зөвхөн тэдэнд үйлчилж ирсэн тул өндөр хүүтэй зээлээс болоод манайд үйлдвэрлэл бий болохгүй эдийн засаг нь хөгжихгүй байна. Монгол дэлхийд хамгийн өндөр зээлийн хүүтэй 10 орны нэг. Зээлээ 18 хувийн хүүтэй гаргахын тулд хадгаламжаа 14 хувьтай татаж байна. Энэ нь бусад улсын жишгээр дэлхийд хамгийн өндөр хадгаламжийн хүү.
 
 
 
Монголбанк банкуудын зээлийн дундаж хүү 18-20 хувь гэдэг. Гэтэл жижиг дунд ААН-үүдийн зээл хамгийн багадаа жилийн 30-36 хувь байна. Шалгуур нь маш өндөр тийм учраас жижиг дунд аж ахуйн нэгжүүд ББСБ-уудаас жилийн 40-өөс дээш хувийн хүүтэй зээл авч харин иргэд хадгаламж зээлийн хоршоо, ломбард болон өдрийн зээл зэргээс жилд 50-иас 150%- ийн хүү төлж байна. Ийм өндөр хүүтэй зээлээр ямар ч үйлдвэрлэл явуулах боломжгүй. Тийм ч учраас манай эдийн засаг ямар ч үйлдвэрлэл, бүтээн байгуулалтгүй, хэрэглээнд суурилсан эдийн засаг болчихоод байна.
 
 
 
Хадгаламжийн хүү өндөр байгаагийн үр ашгийг Монгол банкны мэдээлснээр 100 сая төгрөгнөөс дээш хадгаламжтай 9 мянган иргэн л хүртэж байна. Тэдний төлөөсийг ард түмэн л нуруун дээрээ үүрч байна.
Монголын санхүүгийн зах зээлд ямар ч өрсөлдөөн алга. Гадны банк орж ирснээр өрсөлдөөн бий болж, хүү буурч, бүтээгдэхүүний чанар сайжирна. Одоогоор дэлхий дээр гадны банкгүй хоёрхон улс байгаа нь Хойд Солонгос ба Монгол. Зээлийн хүүгийн дээд хязгаар тогтоосон 80-аад улсыг авч үзвэл сөргөөсөө эерэг үр дагавар нь их байсан.
 
АНУ-д банкны зээлийн хүү жилийн 8 хувиас хэтрэхгүй байх хуультай. Германд 20, Францад 28 гэх мэт. Япон зээлийн хүү нь хамгийн бага орон. ЗГ-ын бонд нь хасах тал руугаа орсон. Бизнесийн зээл жилийн 1 хувийн хүүтэй. Ипотекийн зээл жилийн хагас хувийн хүүтэй. Гэтэл Япон 1950-60 онуудад дэлхийн хамгийн өндөр зээлийн хүүтэй орон байсан. Хууль бус бүлэглэл нь өндөр хүүтэй зээлтэй холбогддог байсан. Яг энэ жишиг Монголд одоо явагдаж байна.
 
Төр засаг зоригтой алхам хийж бодлогоор, хууль батлах замаар ззэлийн хүүгийн дээд хязгаарыг тогтоож мөнгө хүүлэлтийн эсрэг бодитой тэмцэл хийхгүй бол банкууд хэзээ ч ашгаа бууруулж, хүүгээ буулгахгүй. Хэрэв мөнгө хүүлэлтийн эсрэг хууль гаргаж банкны зээл 18-20 хувиас бага болчихвол банкууд хадгаламжийн хүүгээ бууруулна. Зээлийн хүү өндөр байснаар бүтээгдэхүүн, үйлчилгээний өртгийг өсгөж, аж ахуйн нэгжүүдийг дампуурахад хүргэж, үндэсний үйлдвэрлэлийг устгаж байна. Зээлийн өндөр хүүгийн хор уршиг бизнес эрхлэгчид, аж ахуйн нэгжүүдэд хүндээр тусч, өндөр хүүтэй зээл авахаас өөр сонголтгүй байдал нь тэдний хүсэл эрмэлзлийг мохоож байна.
Зээлийн хүүг бууруулахгүй байгаа гол шалтгаан нь арилжааны банк болон банк бус санхүүгийн байгууллагуудын ард нөлөө бүхий улс төрчид, Монгол банк, СЗХ-ны удирдах ажилтнуудын хамаарал бүхий хуулийн этгээдүүд, улс төр, бизнес холилдсон МАНАН-жсан төр байна гэж үзэж байна.
 
СОНГИНО ХАЙРХАН ДҮҮРГИЙН ШИНЭ НАМ
 
Мэдээллийг бүрэн эхээр нь үзнэ үү.