sonin.mn

Хөдөлмөрийн Үндэсний Намын Нарийн Бичгийн дарга, хуульч Д.Үүрцайхтай ярилцлаа.

 

Хөдөлмөрийн Үндэсний Нам ямар учраас Монголын Социал Демократ намтай эвсэл болох болов? 

 
УИХ-ын 2020 оны сонгууль хаяанд ирсэн байна. Улстөрийн гуравдагч хүчнүүдийн дунд эвсэх үйл явц эхэлж байна. Манай намын зүгээс өнгөрсөн 30 жилд эрх барьсан, авлигын идээ бээрэндээ идэгдсэн  Монгол Ардын Нам, Ардчилсан Нам хоёроос төрөө чөлөөлөх, шинэ улстөрийн салхи оруулах, зөв улстөрийн хүчнүүд парламентад суух шаардлагатай гэж үзсэн. Үүнийг хийхийн тулд бид хүчээ нэгтгэх хэрэгтэй гэсэн улстөрийн шийдэл гаргасан.
 
Монголын Социал Демократ Намын хувьд 2016 оны үеэс бидэнд хандаж тодорхой санал дэвшүүлж байсан. Яриа хэлэлцээр ч нилээн удаан хугацаанд үргэлжиллээ. Ингээд саяхан хамтран ажиллах тухай санамж бичигт гарын үсэг зурсан.
 
Өмнө нь 1990 оны Ардчилсан хувьсгалаар МАН (МАХН)-ыг тараагаагүйн улмаас шинээр төрсөн улс төрийн хүчнүүдэд МАН (МАХН)-тай өрсөлдөх гарааны нөхцөл байгаагүй. Энэ тэнцвэргүй улстөрийн нөхцөлөөс хамаарч улстөрийн намууд эвсэх үйл явж явагдаж байсан. Ингэж нэгдэхдээ улс төрийн үзэл санаан дээр бус тус тусын явцуу эрх ашгын хүрээнд нэгдэж байсан учраас олонх болсон ч хэврэг, засгаа унагаадаг, тогтворгүй нэгдэл, эвсэл болж байсан түүхтэй. Харин Хөдөлмөрийн Үндэсний Нам, Монголын Социал Демократ Нам хоёрын хувьд бол үзэл санааны хувьд нэг, нийгмийн баримжаат нийгэм улстөрийн бодлого, социал төрийн зарчмаар тууштай явж ирсэн нь эвсэх гол үндэс суурь, үндэслэл болж байгаа юм. Энэ эвсэл бол цэвэр үзэл санаа, үзэл баримтлал дээр нэгдэж байгаа анхны тохиолдол байх.
 
ШИНЭ нам, МҮАН тэргүүтэй 10 нам эвсэл байгуулж байгаагаа зарласан, мөн МАХН, Монголын Ногоон Намтай эвсэл байгуулсан. Дээрх хоёр эвсэлд нэгдэж болоогүй юмуу?
 
Ер нь бол МАНАН-гаас бусад улстөрийн хүчнүүд нэгдэх ёстой. Бодит байдал дээр 100 ямаанд 60 ухна гэдэг шиг ийм олон улстөрийн хүчнүүдийн орон зай Монголын улстөрд байхгүй. Харамсалтай нь ийм олон улстөрийн хүчин үүсдэг, үүсгэдэг шалтгаанууд өөр байна. Тодорхой улстөрч, улстөрийн хүчний захиалгаар, эсвэл улстөрийн үзэл санаа, үзэл баримтлалгүй, бодлого, шийдэлгүй зүгээр л сонгуульд орж УИХ-д суудал авахын тулд байгуулагддаг гэдэг ч юмуу. Өөрөөр хэлбэл улстөрийн намууд байгуулагдаж байгаа зорилго нь буруу учраас бид маш олон намуудтай болчихлоо. Тэгээд тэдгээр намуудыг МАН, АН-ууд өөрийн зорилгод ашигладаг, хооронд нь эвдрэлцүүлдэг, заримыг нь төрийн эрх мэдэл ашиглан сонгуульд оруулдаггүй гэх мэт байдлаар явж ирлээ. Энэ байдал нь Монголчуудын эв нэгдэл, Ардчиллын хөгжил, улстөрийн намуудын төлөвшилд маш сөргөөр нөлөөлж ирсэн. Энэ утгаараа гуравдагч хүчнүүд нэгдэх нь Монголын Ардчилалд хэрэгтэй юм байгаа юм. Гэхдээ нэгдэхдээ үзэл санаа, үзэл баримтлал, бодлого дээрээ нэгдэх ёстой. Түүнээс бус зөвхөн 2020 оны сонгууль дээр, УИХ-д ганц нэг суудал авахын төлөө нэгдэж буй бол энэ Монголын төлөөх нэгдэл биш.
 
Таны дурьдаж буй эвслүүдийг түүчээлж буй зарим намуудтай манай намын үзэл санаа таарахгүй байна. Бид бол хэт популизм хийхгүй, шийдэл ярина, эрх барьж буй намуудын зөвийг нь дэмжинэ, бурууг нь шүүмжлэнэ. Харамсалтай нь тэдний хийж байгаа зүйлд буруу нь давамгай байна.  
 
Манай намын зүгээс Монголын улстөрд бодлого ярьдаг, бодлогын өрсөлдөөн хийдэг байя гэж уриалж байгаа. Өнөөдөр бидэнд тулгарч буй аюул бол парламентын ардчилал, ардчилсан тогтолцоо бүхэлдээ үгүйсгэгдэх, Монгол улсын тусгаар тогтнол, аюулгүй байдал эрсдэлд орох ийм улстөрийн шинж тэмдэгүүд, нөхцөл байдал илрээд байгаа. Ийм үед шийдэл, гарц ярихаас бус МАХН-ын зүгээс ярьж буй үнэгүй байр өгнө гэдэг ч юмуу сонгууль угтсан хэт популизм хийх нь эргээд эдийн засгаа, улсаа самрах эрсдэлтэй. Ийм бодлого явуулж байгаа улстөрийн хүчнүүдтэй эвсэх, хамтран ажиллах үзэл санаа нэгдэх боломжгүй болоод байна. Харин үзэл санаа, үзэл баримтлал нийлсэн, хүнээ дээдэлсэн, хүний төлөө намуудтай бол эвсэх үүд хаалга нээлттэй байгаа. 
 
ХҮНам, МСДН-ын эвсэл УИХ-ын 2020 оны сонгуульд ямар амжилт үзүүлэх бодит зорилготой байна. УИХ-д суудалтай болох, бүлэг байгуулах, олонх болох гэдэг ч юмуу?
 
Өрсөлдөөнд бид ялагдана гэж орохгүй. 2020 оны сонгуульд боломжит дээд амжилтыг үзүүлэхийн төлөө ажиллах болно. Бүх боломжийн төлөө тэмцэх болно. Хамгийн гол зорилго бол 30-н жил төр, улсыг самарсан МАНАН гэх улстөр, эдийн засгийн бүлэглэлүүдээс Монгол улсыг салгаж, Монгол төрийг хүчирхэгжүүлж, хариуцлагын тогтолцоог тогтоох явдал. 
 
Электорат хөдөлгөөн танай эвслийн хүсэлтийг хүлээн авч, хамтран ажиллахаар болсон гэсэн. Яг ямар хэлбэрээр хамтран ажиллах юм бэ?
 
Электорат бол нийгэмд хүлээн зөвшөөрөгдсөн ахмадууд, төр нийгмийн зүтгэлтнүүдээс бүрдсэн хөдөлгөөн. Хөдөлгөөний зорилго нь 2020 оны УИХ-н сонгуулиар зөв хүн буюу ёс суртахуунтай, мэдлэг чадвартай хүмүүсийг дэмжих юм билээ. Энэ хөдөлгөөнөөс манай эвслийн нэр дэвших магадлалтай улсуудыг зөв гэсэн ангилалдаа оруулсан учраас дэмжихээ илэрхийлж байгаа юм байна гэж ойлгосон. Тэдгээр нэр хүндтэй хүмүүс манай эвслийг дэмжихээ илэрхийлсэнд бидний хувьд их баяртай байгаа. 
 
 
 
ХҮНамын боловсон хүчний нөөц чадавх ямар байгаа вэ? МСДН-ыг бол хуучин сэхээтний нам гэдэг байсан шүү дээ. УИХ-ын 2020 оны сонгуулийн хэдэн тойрогт танай эвслээс нэр дэвшүүлэх вэ?
 
Бид 2015 онд ХҮНамыг анх авч байхад тэнд нийгмийн салбар бүрийн хүлээн зөвшөөрөгдсөн, тодорхой түвшинд амжилт гаргаж танигдсан, өндөр боловсролтой, нийгмийн түүчээ болсон залуус цуглаж байсан. Энэ эрч хүч, органик нэгдэл бол өнөөдрийг хүртэл хадгалагдсаар ирсэн. Манай эвсэлд мэдлэг боловсролтой, хамгийн гол нь сэтгэлтэй, чин зүтгэлтэй, Монголын төлөө гэсэн ийм залуучууд цуглаад байгаа нь бидний гол давуу тал.
 
Бид бол бодлого бүхэлдээ буруу байна, төрийг ингэж удирддаж, авч явдаг юм, бодлогыг ингэж гаргадаг юм гэсэн мэтгэлцээн, хэлэлцүүлгийн явцад нэг нэгнээ таньж цугласан хүмүүс. Тиймээс бидэнд боловсон хүчний маш өндөр потенциал, нөөц байгаа.
 
Монголын Социал Демократ Намын хувьд ч гэсэн Монголын ууган намуудын нэг. Дараа нь улс төрийн намууд үзэл баримтлал харгалзахгүйгээр нэгдээд сүүлдээ буруу тийшээ, ардчиллаа устгах нөхцөл байдал руу ороход салж, дахин намаа байгуулаад, социал демократ буюу зүүн төвийн үзэл Монголд байх ёстой гэсэн үзлээ хадгалаад олон жил тууштай явж ирсэн улстөрийн хүчин. Ардчилсан хувьсгалыг түүчээлж явсан улсууд ч энэ намд байгаа учраас МСДН-ыг боловсон хүчний хувьд хангалттай гэж харж байгаа. Мэдээж бидний үеийн залуус байгаа. Тэгэхээр боловсон хүчний хувьд асуудал гарахгүй. Бид бүх боломжит тойргууд дээр нэр дэвшүүлнэ. Манай нэр дэвшигчдын гол шалгуур бол Ардчиллын төлөө, парламентын ардчиллын төлөө, хүний эрх, эрх чөлөө, нийгмийн баримжаат нийгэм улстөрийн бодлого буюу хүчтэй нь хүчгүйгээ дээрхэлдэг бус хүнээ дээдэлсэн, хүнээ хөгжүүлсэн, хүндээ хөрөнгө оруулсан, нийгмийн ядарсан хэсгээ хүч чадалтай нь чирээд, дэмжээд аваад явдаг ийм нийгмийн төлөө гэсэн хүсэл сэтгэлтэй, зүтгэлтэй хүмүүс байх юм. Ийм нөөц бололцоо бидэнд хангалттай бий. 
 
Баярлалаа.
 
Ярилцсан сэтгүүлч Ч.Явуухүү