sonin.mn
2020 он гарахтай зэрэгцэн БНХАУ-д дэгдсэн нэгэн сүрхий өвчин богино хугацаанд covid-19 цар тахал гэж нэрлэгдэх болтлоо дэлхий дахинд халдварлан тархсан нь барууны гэгдэх олон улсын жинхэнэ мөн чанарыг ёстой л гэдэс доторыг нь уудлах мэт ил тодорхой таниулав. 
Ямар ч гэсэн Монголын олон нийтэд ухаарвал ухаарахаар, юмыг эргэцүүлдэг хүмүүст бол олон зүйлийг ойлгож сэхээрэхээр дэлгэн харууллаа. 
 
Барууны “нүцгэн” үнэн
 
Америк зан авирын тод төлөөлөл гэдгээ байнга харуулдаг Д.Трампын “Хятад өвчин” хэмээн тавлан гоочилж “жиргэсэн” короновирусын тахал ёстой л амны алдаа гэж юу болохыг ойлгуулах гэсэн шиг АНУ болон Европоор хуурай өвсөнд тавьсан түймэр шиг дэгдсэн нь нөгөө барууны хөгжсөн, соёлжсон нийгэм гэгч нь ямархуу ядмагхан “цаасан үзмэр” төдий болохыг харуулав. 
Итали, Испани Франц, Герман, АНУ тэргүүтэй барууны гэгдэх “их гүрнүүд” цөөхөн хоногт халдварын том голомтууд болон хувирсан нь юуны түрүүнд тухайн улс орнуудын байгаль экологийн болоод, нийгмийн сэтгэл зүйн агаар нь өвчний халдварыг дэмжин тэтгэх “шатахуун” болтлоо бохирдон эвдэрч, иргэдийнх нь биеийн дархлаа нь хэврэгшин доройтсоныг илчлэв.
Нас барагсдын тоо хоногт /зөвхөн 3 дугаар сарын 23-ны мэдээгээр/ Италид 651, Испанид 391, Францад 112, АНУ-д 117 –д хүрсэн нь эдгээр улс орнуудын хувьд хүн, хүний амь нас гэдэг анхаарч хайхрах асуудал биш ажээ гэсэн сэтгэгдлийг эрхгүй төрүүлнэ. Үнэхээр ч энэ бодлыг батлаж “хүн амыг  халдварлуулж дархлаа тогтоох” аргыг сонгох тухай санал ч бодлогын түвшинд тавигдаж байгаа мэдээлэл яригдаж байв. Өөрөөр хэлбэл үхэх нь үхээд, амьд үлдэх нь үлдэнэ биз гэсэн санаа л даа. 
 
Тэр ч байтугай Итали улс ахмад настнуудыг эмчлэх шаардлагагүй гэж үзэж байгаа байр сууриа ч мэдэгдэв. 
Эд хөрөнгө шүтсэн барууны нийгэмд хүн гэгч нь хөрөнгө мөнгөний эздэд “саалийн үнээ” нь болж ямар нэг ашиг орлого өгөхгүй л бол хэрэглээнээс гарсан эд, эвдэрсэн хэрэгслийнх нь л адил устгалд оруулах хог хаягдал төдий ажээ.
 
Испани улсад гэртээ ганцаараа орхигдон амьсгал хураасан ахмад настнууд олдож байгааг коронавирусийн халдварын эсрэг тэмцэхэд дайчлагдан  айлуудаар ариутгал, шалгалт хийж байгаа цэргүүдийн илрүүлэлт, мэдээллээр  Батлан хамгаалах яам, Эрүүл мэндийн байгууллагууд нь мэдээлэв. 
Эмнэлэг, эрүүл мэндийн салбарын үйл ажиллагаа гэдэг нь бизнес,  өвчтөнүүд гэдэг бол зөвхөн мөнгө олох хэрэгсэл гэж ойлгодог болтлоо “бэртэгчин эрх чөлөө”-ний үзэл санаанд идэгдсэн энэ нийгэмд олонхи иргэдийн хувьд эмнэлгийн үйлчилгээ авах төлбөрийн чадвар нь хүрэхгүйн улмаас ийнхүү гэртээ ганцаар хаягдан цогцос болцгоожээ.
Тэр ч байтугай “коронавирусний тархалт АНУ-д галт зэвсгийн худалдааг нэмэгдүүллээ гэж тус улсын телевизийн АВС суваг мэдээлсэн байна”. 
Лангуунууд нь хоосорч хүнсний хомсдолд орох нь гэсэн түгшүүрт автсан иргэд нь ийнхүү зэвсэг худалдан авах болсон нь зэвсэг идэх гээд байгаа хэрэг биш л дээ. Харин бусдыгаа дээрэмдэн, алж талж, барьж идэж байгаад ч хамаагүй амьд үлдэх гэсэн бэртэгчин сэтгэлийн “агаар” нь өдөөгдөж байгаа нь тэр.
Коронаг цар тахал болгосон “Барууны соёл” 
Эхэндээ Төр засийн эрх баригчдынхаа үл тоомсорлосон байдлыг иргэд нь дагаж, бараг л ази гаралтай хүмүүст л тусаж байгаа өвчин гэсэн басамжлах хандлагаар амны хаалт зүүсэн ази зүс царайтай бүхнийг өвчин тээгч гэж гадуурхан доромжилж, халдаж заналхийлсэн тохиолдол ч нэг биш гарч байгаа тухай мэдээлэл сонсогдож л байсан.  
Амны хаалтыг зөвхөн өвчтэй хүн л зүүх ёстой гэж үздэг туйлширал нь барууны нэг “соёл” нь юм гэнэ.  
Тэгээд ч ашиггүй илүүдэл хүмүүсээ байгалийн цэвэрлэгээнд “хамруулчих” гэсэн “тэнэг”  бодлого нь Америк Европыг цар тахлын голомтууд болоход хүргэв.   
Өвчин гэдэг зүс царай, баян ядуугаар ялгаж дугаарладаггүй учраас эрх мэдэлтэй, нэр цуутай хүмүүс нь ч түрүүчээсээ халдвар авсан тохиолдлууд гарч эхлэмэгц, дуртай ч дургүй ч хязгаарлах арга хэмжээ авахаас аргагүй болж, эхлээд өвчин гарсан газраас ирэгсдийг хилээрээ нэвтрүүлэхгүй байх шийдвэрүүдийг ээлж дараалан зарлацгаав.  
 
Хоорондынх нь хилийн зааг нь бараг мартагдсан Европын холбоо, элдэв тэнэмэл хэрмэл доншуучид, цагаачдын хөл хөдөлгөөнгүйгээр нийгмийн амьдрал нь оршин тогтнохгүй шахам болсон АНУ зэрэг амьдралын замбараагүй хэвшилтэй улс орнуудад, тэгээд ч нэгэнт дотор нь халдвар тээгчид өдий төдийгөөрөө хутгалдан ороод ирсэн тохиолдолд хилийн хориг тавих төдийгөөр цар тахлыг тогтоон барих боломжгүй нь ойлгомжтой билээ.    
 
Тэгээд аргагүйн эрхэнд хүн бүрийг гэр гэрт нь хөл хорионд оруулах хатуу арга хэмжээнд хүрэв. Гэвч халдвар тархах үйл явц нь үргэлжилсээр л ... Удирдагчид нь түүнд нэг их ч санаа зовохгүй байгаа шинжтэй, удахгүй хөл хориогоо цуцлана гэх мэтээр мэдэгдэж байхад харин эрдэмтэн судлаачид нь энэ өвчний дэгдэлт “16-18 сар үргэлжлэнэ” гэх мэтийн мэдээлэл ч цацаж байна.  
Эдгээр улс орнуудын Төр засгийн тэргүүнүүдийн санааг цар тахлын халдвараас илүүтэй, түүний өөр нэгэн үр дагавар нь болсон эдийн засгийн уналт, алдагдал л түгшээж эхлэв бололтой.  
 
Монголын онцлог ба уймраа хориг
 
Монголчууд уг нь хорио цээрийг дээр үеэс оновчтой зөв хэрэглэж ирсэн үндэстэн. 
Өвчтэй хүнтэй айл гэрийнхээ үүдний баруун хатавчнаасаа гадагш хүн анзаарахаар дээс татаж орхидог байлаа. Тэр айлд ирсэн хүн татсан дээсийг хармагц оролгүй буцана. Энэ нь өвчтэй хүн байгааг мэдэгдсэн, гадны эрүүл хүн орохыг хориглосон тэмдэг болдог байв. Өөрөөр хэлбэл эрүүл хүнээ хамгаалахын тулд өвчтэй хүнийг тусгаарлан хөл хорио тогтоож байгаа хэрэг юм. Харин эрүүл хүмүүс нь ажил хөдөлмөрөө эрхлэж, аж амьдралаа авч явах ёстой. 
Гэтэл өнөөдөр манайд хэнийг юуны тулд тусгаарлах ёстойг мэдэхээ больчихоод байх шиг. 
Уг нь манай улс бусдаас нэлээн онцлогтой. Хүн ам нь цөөн. Харьцангуй нягтрал багатай. Газар нутаг уудам. Экологийн хувьд эвдрэл бохирдол багатай. Цаг агаарын эрс тэс уур амьсгалын өөрийгөө ариусгах чанар нь давуу. Хүн амын сэтгэл оюуны цэвэр ариун чанар бусдаас арай дээр. 
Өөрөөр хэлбэл манай улсын байгаль экологийн болоод нийгмийн сэтгэл зүйн агаар харьцангуйгаар бусдаас цэвэр гэсэн үг юм.   
Энэ чанар нь короновирусын цар тахал урд хөршид маань ид оргилж байх үед урд хилээр нааш цааш орж гарах хөл хөдөлгөөн мундахгүй байсан ч манай иргэдэд халдварлаж, тархчихалгүй нийтээрээ мэнд өнгөрч, олон улсын ажиглагчдын гайхлыг төрүүлсэнээс харагдана. Тодруулж тайлбарлавал Монголын байгаль-цаг уурын болон нийгмийн сэтгэл зүйн агаар нь короновирусын халдварлах чанарыг дэмжихгүй, харин дарангуйлах сөрөг эрчимтэй байна гэсэн үг юм. 
 
Дараа дараагийн үйл явдлын өрнөлөөр ч дээрх дүгнэлт батлагдаж, гаднаас тахал тээж ирсэн Францын иргэн дураараа хэсүүчлэн өтөө цацдаг батгана адил олон хүнтэй уулзаж учиран, харьцаж хавьтсан нь тогтоогдсон ч өөр бусад хүн халдвар аваагүй нь тодорхой болсон. Энэ мэтээр дараа дараагийн өвчтөнийг гаднаас Монголд зөөвөрлөн авчирсаар байгаа ч бусад хамт зорчин ирэгсдээс нь халдвар авсан шинж илрэлгүй хяналтын хугацаагаа өнгөрүүлцгээлээ. 
 
Тиймээс ч иргэд маань баярлахдаа Монголчуудын тэнгэр бүрхан биднийгээ ивээж, харж хамгаалж байна хэмээн залбирцгааж байна. Нэг утгаараа энэ ойлголт ч зөв юм. 
Гэхдээ биднийг бурхан тэнгэр харж байгаа юм чинь гэж бардамнах сэтгэлээр тахал туссан иргэдийг гаднаас зөөвөрлөж авчираад байвал халдварлагч эрчим нэмэгдэхийн хэрээр агаар тэнгэрийн маань эрүүлжүүлэгч эрчим эвдэгдэн алдагдаж болохыг ч бас мартаж болохгүй ээ.  
Харамсалтай нь хичнээн олон монгол хүн гадагшаа дайжиж, дэлхийгээр тарж гүйцсэнийг энэ цар тахал улам ч тодорхой харууллаа. Эх орноосоо дайжихад хүргэж тарааж явуулсан МАНАН үүнд буруутай. Өнөөгийн эрх баригчид ч энэ хариуцлагаас хуваалцаж тэдэндээ анхаарал тавих ч ёстой. Гэхдээ тэр дайжигсдын дотор ар гэр амраг саднаа үгүйлэн санаж, бэтгэрч яваа нь ч байгаа л байх. Бас харийн сэтгэлээр хандах элэг буруутан ч цөөн биш орж ирж болохыг анхаарах л хэрэгтэй болсон юм шиг байна. 
Наад зах нь идэх хоол, элдэв зуршил нь ч монгол хүн гэх үнэргүй болчихсон, монголын гэх бүхнийг дорд үзэж жигшдэг “мутаци” бодгаль ч мундахгүй болсон бололтой. Гаднаас ирээд тусгаарлагдаж байгаа иргэд дотор “Хоол хийгээд боорцогтой өгөхөөр ажилтны өөдөөс цацаж”, “Жимсний чанамалтай талх өгөхөөр чулуудаж” цамнасан тухай мэдээллийг УОК-ынхноос өгч л байна.   
Ямар ч гэсэн гаднаас зөөгдөж ирж болох халдвараас л чандлан тусгаарлаж чадвал дотроос халдвар тарна гэж түгших шалтгаан байхгүй билээ. 
Гэтэл эрүүл байгаа бүх иргэдээ хөл хорионд оруулан бие биенээс нь тусгаарлаж, УИХ-ын чуулганыг ч цахим хэлбэрээр зохион байгуулна гэж сүржигнэх нь /эсвэл УИХ-ын гишүүд халдвар авснаа нуугаад байгаа юм уу?/, бас дэлхийн бусад оронд дэлгэрч буй халдварын тархалт “Монголд хэдийд ч ороод ирж мэднэ” гэж сурталчлах нь учраа олохгүй уймарсных уу? эсвэл оруулаад ирнэ шүү гэсэн заналхийллийн сануулга уу?! 
 
Монгол дахь хөл хорионы цаана ...?  
 
Үнэхээр Монгол тусгаар улс мөн юм бол бид “барууны жишгийг дагаж” гадны сэлгүүцэгчдийг хилээ задгайлан хөлхүүлээд байх шаардлага байхгүй. Тэр тусмаа дэлхий дахины одоогийн нөхцөл байдал нь Монгол улсын хувьд амны хаалтыг биш хилийн “хаалтыг” сахих “ариун цэвэр-эрүүл ахуйн” өөр шаардлагыг бидэнд тулгаж байна. 
Тэртэй тэргүй нөхцөл байдлаа дагаад гадаад худалдаа ч хумигдаж байна.  
Харин энэ нөхцөл байдлыг манай Төр засаг зөв ашиглаж баялгаа гадагш зөөдөг “панзчины” эдийн засгийн ганц аргаа өөрчилж, өөрсдөө бүтээдэг, тал бүрийн бүтээгч чадамжийн эдийн засгийн бүтцийг бий болгох ёстой. Үүний тулд бүх боломж нөөцөө тэр зүгт хандуулж, хүн хүчээ бүрэн дайчилж харин ч идэвхитэй ажиллуулах хэрэгтэй байна. 
 
Нөхцөл байдлаас үүдсэн ийм их ажил Монгол улсад тулгараад байхад харин эрх баригч хүчин ердөө л иргэдээ гэр гэрт нь ажилгүй нам суулгах тактик баримталж байгаа нь эмгэнэлтэй юм. 
 
Боломж олдвол нүүрсний хэдэн цуваагаа чимээгүйхэн гаргаад, өөрсдийн санхүүгийн хэрэгцээ, сонгуулийн санхүүжилтээ бөөцийлж, иргэдийг короновирусээр айлган, хэл ам, эсэргүүцлийг нь дарж байгаад бушуухан сонгууль явуулж, дахин суудалдаа залрах хүслээс өөр бодол эрх баригчдын толгойд буухгүй байгааг энэ бүхэн харуулж байна. Энэ нь зөөлөн хэлэхэд Төрийн эрх барихад ухаан нь үнэхээр хүрэхгүй байгаагийн илрэл юм.     
Энэхүү тактикийн эцсийн үр дагавар Монгол улсын эдийн засаг, ард иргэдийн амьдралд ямархуу хүнд тусахыг харин ойлгож ядах юмгүй билээ.   
 
 
   О.Лхагвадорж