sonin.mn
Японы мэргэжлийн сумо бөхийн 69 дэх аварга М.Даваажаргал Монгол Улсын иргэншлээс татгалзах хүсэлтээ хүргүүлсэн гэх мэдээллийг өнөөдөр зарим нэр бүхий мэдээллийн сайтууд нийтлэв.
Тодруулбал тэрээр Монгол улс дахь Японы элчин сайдын яамаар дамжуулан, Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулгад Монгол Улсын иргэншлээс татгалзах хүсэлтээ хүргүүлсэн байна.
Гэхдээ уг хүсэлтийг шийдвэрлэх үйл явц нь тодорхой хуулийн зохицуулалттай тул одоогоор хэрхэн шийдэгдэх нь тодорхойгүй байгаа аж.
 
Японы мэргэжлийн сумо бөхийн 69 дэх аварга М.Даваажаргал Монгол Улсын иргэншлээс татгалзаж буй шалтгаан нь тун энгийн бөгөөд тэрээр Японд сумогийн дэвжээний эзэн болж, цаашид уг спортын хөгжилд хувь нэмрээ оруулан зүтгэхийн тулд Япон улсын иргэн байх дүрэмтэй юм байна. 
 
Харин Монгол Улсын хуулиар давхар иргэншлийг зөвшөөрдөггүй тул тэрээр Японы иргэн болохын тулд Монгол Улсын иргэншлээс татгалзах ёстой.
 
Дашрамд дурьдахад Японы мэргэжлийн сумо бөхийн 69 дэх аварга М.Даваажаргал Монгол Улсын иргэншлээс татгалзаж, Япон улсын иргэн болохоос өөр аргагүй нөхцөл байдал үүссэн тухай Монголын анхны мэдээллийн сайт www.sonin.mn анх 2010 оны 12-р сард мэдээлж байсан бөгөөд энэ тухай гэр бүлийнхэн нь : " Sonin.mn билүү? тэр л эхэлж солиороод, дараа нь бүгдээрээ л  М.Даваажаргал Японы иргэн болно гэж бичээд эхэллээ" гэж тайлбарлаж байв.
 
Өөрөөр хэлбэл М.Даваажаргал Монгол Улсын иргэншлээс татгалзаж, Япон улсын иргэн болох "шахалт"-ыг бараг 10 жил орчим үзүүлж ирсэн бөгөөд өдгөө бодит биеллээ олох гэж буй нь энэ юм.
 
П.Энхмандах