Монгол Ардын Намын удирдах ажилтны Зүүн болон Говийн бүсийн зөвлөгөөнд МАН-ын Ерөнхий Нарийн бичгийн дарга Я.Содбаатар илтгэл тавьж, намын шинэчлэл, гишүүдийн санал хүсэлт, 2027 оны бүс нутгийн намын байгууллагуудын үйл ажиллагааны талаар мэдээлэл өглөө.

Тэрбээр 2027 оны Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигчийг намын анхан шатны байгууллага, гишүүд, иргэдийн санал болон судалгаанд тулгуурлан тодруулах зарчмыг танилцууллаа. Энэ хүрээнд Ерөнхийлөгчид нэр дэвшигчийн хүлээлт, рейтингийн судалгаа хийж, намын анхан шатны байгууллага, дэргэдэх байгууллагуудаас санал авахаар төлөвлөжээ.

Мөн МАН-ын гишүүнчлэлийн бүртгэлийг шинэчилж, давхардсан болон хуучирсан мэдээллийг цэгцэлснээр 304 мянган бодит бүртгэлтэй гишүүнтэй болсныг онцлов.
МАН-аас хэрэгжүүлсэн “Ардын нам ард түмэндээ” аяны хүрээнд 22,385 гишүүн, дэмжигчтэй уулзаж, 653 санал, хүсэлт хүлээн авчээ.
Эдгээрээс орон нутаг дахь ажлын байр, багш, эмчийн хомсдол, тэтгэвэр, намын дотоод эв нэгдэлтэй холбоотой асуудлууд хамгийн олон давтагдсан байна. Я.Содбаатар намын дотоод талцлыг зогсоох, анхан шатны байгууллагуудыг бэхжүүлэх, УИХ-ын гишүүдийн тойрог дахь ажлыг сайжруулах, иргэдийн санал хүсэлтэд эргэх холбоотой ажиллах шаардлагатайг тэмдэглэлээ.

Түүнчлэн 2028 оны сонгуулийн бэлтгэлийн хүрээнд бүх шатны сонгуульд эмэгтэй нэр дэвшигчдийн оролцоог нэмэгдүүлж, 3,800–4,000 эмэгтэй нэр дэвшигчийн нөөц бүрдүүлэх зорилтыг танилцуулсан юм. Зүүн болон Говийн бүсийн долоон аймгийн хувьд намын гишүүдийн идэвх, сонгогчдын дэмжлэг, иргэдийн хүлээлт харилцан адилгүй байгааг судалгааны дүнгээр танилцуулж, аймаг бүр онцлогтоо тохирсон ажлын төлөвлөгөө боловсруулах шаардлагатайг онцоллоо.

Бямба - 11 сарын 07,
2026
Сэтгэгдэл0