СОНОМЫН ЛУВСАНГОМБО (1924–2026)
Монгол Улсын Гавьяат барилгачин, хурандаа генерал, төр, нийгмийн нэрт зүтгэлтэн Сономын Лувсангомбо нь 1971–1972 онд Улаанбаатар хотын Ардын Депутатуудын Хурлын Гүйцэтгэх захиргааны дарга буюу нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагчаар ажиллаж, хотын хөгжил, бүтээн байгуулалтад үнэтэй хувь нэмэр оруулсан эрхэм хүмүүн байлаа. Тэрээр 2026 оны арваннэгдүгээр сарын 6-ны өдөр таалал төгсөж, нийслэлчүүд бидэнд нөхөж баршгүй хүнд гарз тохиолоо.
С.Лувсангомбо нь 1924 оны арванхоёрдугаар сарын 20-ны өдөр Дорноговь аймгийн Хатанбулаг сумын Улаан толгой хэмээх газар төржээ.
Тэрээр 1944 онд цэргийн албанд татагдан, Сайншандын Хуягт бригадад цэрэг, бага даргаар алба хааж байв. Улмаар 1945–1947 онд ЗХУ-ын Тамбов хотын Цэргийн зэвсэг, техникийн дунд сургуульд, 1948–1954 онд Москва хотын Артиллерийн инженерийн академид суралцан төгсжээ. Мөн 1960 оноос Москва хотын Барилга инженерийн дээд сургуульд эчнээгээр суралцаж, 1965 онд төгссөнөөр цэргийн болон барилгын инженерийн мэргэжил эзэмшжээ. 1956 онд Барилгын сантехник угсралтын газрын ерөнхий инженерээр томилогдсоноор барилгын салбарт ажиллах гараагаа эхэлж, 1959–1964, 1968–1971 онд Барилга, барилгын материалын үйлдвэрийн яамны орлогч сайд, 1964–1968 онд Улсын барилгын зөвлөлийн орлогч даргаар ажиллажээ.
Ардын Их Хурлын Тэргүүлэгчдийн зарлигаар 1971–1972 онд Улаанбаатар хотын Ардын Депутатуудын Хурлын Гүйцэтгэх захиргааны даргаар томилогдон, хотын инженерийн шугам сүлжээг өргөтгөх, орон сууц, үйлчилгээний барилга байгууламжийг барьж ашиглалтад оруулах ажлыг зохион байгуулахад онцгойлон анхаарч ажилласан юм. Улмаар 1972–1982 онд БНМАУ-ын Сайд нарын Зөвлөлийн орлогч дарга, Барилга-Архитектурын комиссын дарга, Барилга-Архитектур, Техник хяналтын улсын хорооны даргаар ажилласан бол 1982–1984 онд Нийгмийг аюулаас хамгаалах яамны сайдаар ажиллажээ. Энэ хугацаанд дэслэгч генерал, хурандаа генерал цол хүртсэн байна. 1984–1989 онд Сайд нарын Зөвлөлийн орлогч даргаар ажиллахын зэрэгцээ Барилга-Архитектур, Техник хяналтын улсын хороо, Улсын барилгын хорооны даргын албыг хавсран хашиж, барилга, байгаль орчин, ой мод, усны аж ахуй, батлан хамгаалах зэрэг олон салбарыг хариуцан ажиллаж байв.
Тэрээр төрийн албанаас гадна МАХН-ын Төв Хорооны гишүүн, Улс төрийн товчооны орлогч гишүүн, БНМАУ-ын Ардын Их Хурлын 7–10 дахь удаагийн сонгуулийн депутат, Улсын Батлан хамгаалах зөвлөлийн гишүүнээр ажиллажээ. Мөн Монгол-Вьетнам, Монгол-Лаос, Монгол-Унгар, Монгол-Германы Засгийн газар хоорондын эдийн засаг, шинжлэх ухаан, техникийн хамтын ажиллагааны комиссын Монголын хэсгийн даргаар ажиллаж, олон улсын хамтын ажиллагааг хөгжүүлэхэд хувь нэмэр оруулсан юм.
Монгол Улсын барилга, хот байгуулалтын салбарыг хөгжүүлэхэд оруулсан олон жилийн хөдөлмөр, зүтгэлийг нь үнэлж, 2008 онд Монгол Улсын Гавьяат барилгачин цол хүртээсэн.
Мөн Сүхбаатарын одон, Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одон, Алтан гадас одон болон бусад төрийн шагнал, гадаад улсын одон, медалиар шагнагдаж байжээ. С.Лувсангомбо нь нийслэл Улаанбаатар хотыг хөгжүүлэх, их бүтээн байгуулалтын он жилүүдийг удирдан зохион байгуулж, нийслэл хотын хөгжил, бүтээн байгуулалтын төлөө мэдлэг, туршлага, хөдөлмөр зүтгэлээ зориулсан төрийн зүтгэлтэн, эрхэм хүмүүн байлаа. Тэрээр хотын удирдлагад ажиллаж байсан үеийнхээ туршлага, дурсамжаас хуваалцахдаа нийслэлийн түүхэн дурсгалт барилга байгууламжийг хадгалж, хамгаалах нь хотын түүх, өв соёлыг хойч үедээ өвлүүлэх чухал үүрэгтэйг онцлон захиж байсан юм.
Түүний эх орон, ард түмнийхээ сайн сайхны төлөө зориулсан хөдөлмөр зүтгэл, Монгол Улсын хөгжил, Улаанбаатар хотын бүтээн байгуулалтад үлдээсэн үнэтэй хувь нэмрийг нийслэлийн нутгийн захиргааны байгууллагуудын хамт олон, үе үеийн төрийн албан хаагчид бид үеийн үед хүндэтгэн дурсах болно. Талийгаачийн гэр бүл, үр хүүхэд, төрөл төрөгсөд, хамтран зүтгэгчдэд гүн эмгэнэл илэрхийлье.
НИЙСЛЭЛИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ, НИЙСЛЭЛИЙН ЗАСАГ ДАРГЫН ТАМГЫН ГАЗАР, УЛААНБААТАР ХОТЫН ЗАХИРАГЧИЙН АЖЛЫН АЛБА
Ням - 11 сарын 08,
2026
Сэтгэгдэл0