sonin.mn
Японы нийслэл Токио хотноо энэ сарын 20-21-ны өдрүүд Японы 36 дахь удаагийн аварга шалгаруулах каратегийн олон улсын нээлттэй тэмцээний "аварга"-аар монгол хүү тодорч, Монголчуудынхаа омогшлыг төрүүлээд авлаа. 
Энэхүү тэмцээний бага насны ангилалд Монгол улсаа төлөөлөн оролцсон Орчлон сургуулийн 2б ангийн сурагч Н.Нэмүн ялалт байгуулж, Монголынхоо рекордыг тогтоож, дэлхийн дээд амжилтыг үзүүлэн эх орондоо өчигдөр ирлээ. Түүнийг гэр бүл, найз нөхөд нь мөн Улаанбаатар Дожо клубийнх хамт олон угтаж авсан юм. 
 
 
Долоон настай Н.Нэмүнээс дэлхийн аварга болсон сэтгэгдлийг нь сонсоход  "Би зургаан тамирчинтай өрсөлдсөн. Аварга болоод гоё байна. Багшдаа, аав, ээждээ баярлалаа" гэлээ. 
 
 
Н.Нэмүний өвөө М.Жамбал "Манай бага охины дунд хүү Н.Нэмүн Каратегийн дэлхийн аварга болоод ирж байгаад нь маш их сэтгэл догдолж, баярлаж байна. Энэ жил хоёрдугаар ангид суралцаж байгаа. Зээ хүүг маань аварга болсонд баяр хүргэж олон хүн утсаар ярьж байна, хүүгээр минь бахархаж байгаа хүмүүстээ баярлалаа. Би 77 настай, зээ хүү маань 7 настай. Ийм том амжилтыг үзүүлсэнд өвөө нь баярлаад л сууж байлаа. Би чинь захиргаадалтын үеийн хүн болохоор хүүгээ "болохгүй" гээд хөдөлгөөнийг нь хорих гээд байдаг юм. Манай хүү чинь их хөдөлгөөнтэй, өөрөө их чөлөөтэй хүүхэд" хэмээн өөрийн баярласан сэтгэгдлээ хуваалцсан юм. 
 
 
Улаанбаатар Дожо клубын дасгалжуулагч, багш О.Хонгорзул "Энэ удаагийн тэмцээнд 2000 гаруй орны тамирчид оролцсон. Манай клубийн хувьд энэ тэмцээнд аварга болно гэж бодоогүй. Бид гурван жил хөдөлмөрлөсөний үр дүнгээ үзлээ.  Н.Нэмүн маань эхний тойрогтоо гоц мөргөж, дараагийн тойрогтоо онооны илт давуугаар ялалт байгуулсан. Дараагийнхаа тулаанд цэврээр ялсан. Ерөнхийдөө гурван тоглолтоо Японоор, хоёр тулаандаа илт давуу байдлаар ялалт байгуулж, дэлхийн аварга боллоо. 2016 онд анх удаа очиж оролцож байхад Япон, Бразил, Польш зэрэг улсын тамирчид маш хүчтэй өрсөлдөгч байдаг гэдгийг мэдсэн. Манай клубээс нийтдээ долоон тамирчин оролцож 40-44 насны ангиллын -70 кг-ийн жинд Ө.Гантөмөр хүрэл медалийн эзэн болсон. Мөн эрдэнэт хотоос явсан 35-39 насны ангиллын +80 кг-ийн жинд ОУККБ-ын Монгол дахь салбар, МККХолбооны Орхон аймгийн Киокушин каратэгийн дожоны багш, дасгалжуулагч, тамирчин З.Нандин-зориг хүрэл медаль хүртсэн. Ингээд манай Н.Нэмүн маань 7 насны ангилалд түүхэн амжилт болох  Монголынхоо рекордыг тогтоож, Дэлхийд гаргаж чадлаа" гэв.
 
 
Б.Нямжав "Би гурван хүүтэй. Хөвгүүдээ хатуужил, хүмүүжилтэй болгож төлөвшүүлэхийн тулд найздаа шавиа болгон оруулсан юм. Н.Нэмүн хүү маань Монголдоо болсон Каратегийн тэмцээнд удаа дараа амжилт үзүүлж байлаа. Гэр бүлийнхээ зүгээс хүүгээ чадах чинээгээрээ дэмждэг. Өнгөрсөн зун олон улсын тамирчидтай хамтарсан бэлтгэлийг Японд хийсэн. Мэргэжлийн төвшингийн "JOSO Cup-2018" тэмцээнээс хүрэл медалийг хүртэж байлаа. Энэ удаад зорьсон том тэмцээндээ аварга болсонд маш их баярлаж байна. Багш, хүүхэд хоёрын хамтын ажиллагаа том амжилтыг авчирлаа. Монгол хүний хүчтэй байдал их нөлөөллөө. Хүү маань ямар ч үед сэтгэлзүйн хувьд их дайчин хүүхэд. Японд тэмцээнийг монголчууд маань ирж дэмжсэнд маш их баяртай байна" гэж хүүгийнхээ амжилтаар бахархсан аав сэтгэгдлээ ийнхүү хуваалцлаа.