sonin.mn
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Английн “Арсенал”, “Челси”, “Соутхэмтон”, “Лестер сити” клубүүдийн академид тоглож байсан Брунейн Хун тайж Файк Жефри Болки, шигшээ багийнхаа БНХАУ-д хийсэн хамтарсан бэлтгэлд очоогүй бөгөөд сүүлийн 23 тоглогч дунд нэр нь багтаагүй байна.
2022 оны ДАШТ, 2023 оны ААШТ-ий урьдчилсан шатны эрхийн төлөө Монголын шигшээтэй тоглох Бруней Даруссаламын баг өчигдөр /2019.06.04/ үдэш 23 цагт Улаанбаатар хотод иржээ.
 
 
Нидерланд улсын иргэншилтэй Робби Сервайс хэмээх залуу дасгалжуулагч тавдугаар сарын 13-нд Брунейн шигшээ багийн ахлах дасгалжуулагчаар томилогдож, сар хүрэхгүйн хугацаанд тус багтай ажилласан бөгөөд маргааш том сорилт болох анхны тоглолтоо Улаанбаатар хийх гэж байна.
Сингапурын дээд лигийг нэг ч хожигдолгүй тэргүүлж буй Бруней ДПММ /Brunei DPMM FC/ клубийн ихэнх тоглогчид шигшээ багтаа хүчин зүтгэнэ гэж байсан ч эсрэгээрээ хоёроос гурван тоглогч л Монголын эсрэг тоглохоор дуудагджээ.
 
 
Брунейн Даруссалам улсын шигшээ 2018 оны ДАШТ-ий урьдчилсан шатны эрхийн төлөө Тайваньтай тоглож талбайд нь 0:1-ээр хожсон ч өөрийн талбайдаа 0:2-оор хожигдож нийлбэр дүнгээр урьдчилсан шатанд багтаж чадаагүй юм. Мөн 2015 онд Монголын шигшээ багийг хоёр тоглолтод хожсон Зүүн Тиморыг 2018 оны “Сузуки цом”-ын хүрээнд талбайдаа 1:0-ээр хожсон нь манай багийн хувьд хүчтэй өрсөлдөгч гэж болно.
Дэлхийн чансааны 187 дугаар байрт бичигдэж байгаа манай шигшээ баг энэ сарын 06-нд 17 цагаас 194 дүгээр байрын Брунейн Даруссаламын багтай эх орондоо тоглох тулааныг манай үзэгч хөгжөөн дэмжигчид хүрэлцэн ирж, хожлын төлөө багаа дэмжээрэй. 
 
 
Д.Өлзийсайхан
Эх сурвалж: Монцамэ агентлаг