sonin.mn
“Монголын тамирчдын өдөр”-ийг энэ сарын 22-нд Спортын төв ордны өмнөх талбайд зохион байгуулахаар боллоо. Уг өдөрлөгийг спортын салбар дахь ололт амжилт, олимпизмийн үзэл санаа, шинээр байгуулагдсан спорт холбоодыг олон нийтэд мэдээлж сурталчлах, иргэдэд спортын үйлчилгээ үзүүлэх, салбарын албан хаагч, ажилтныг шагнан урамшуулж алдаршуулах, олимп, паралимпын медальтан, олимпын наадамд оролцогчдод хүндэтгэл үзүүлэх зорилгоор жил бүр тэмдэглэдэг уламжлалтай.
 
Өдөрлөгийн үйл ажиллагааны хүрээнд “Монголын тамирчдын өдөр” болон “Олон улсын олимпын өдөр”-т зориулсан ёслол хүндэтгэлийн арга хэмжээ, “Токио олимп сан”-гийн нээлт, нийслэл, дүүргийн биеийн тамир, спортын хороо, спортын холбоод, спортын чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг аж ахуйн нэгж, байгууллага, брэндийн үйл ажиллагааны сурталчилгаа болон спорт, урлагийн үзүүлбэр тоглолт болох ажээ.
 
Мөн энэ өдөр Монголын үндэсний олимпын хорооны музей, дүүргүүдийн биеийн тамир, спортын хорооны спорт заал, талбацг иргэдэд үнэ төлбөргүй ашиглуулах аж.
 
 
Э.Энхдөл
Эх сурвалж: "Монголын үнэн" сонин