sonin.mn
Чөлөөт, сонгомол бөх болон сонирхогчдын боксын дэлхийн аварга шалгаруулах тэмцээн үргэлжилж байна. Эдгээр тэмцээнд Монгол Улсын баг тамирчдын гаргасан онцлох амжилтын тухай мэдээллийг хүргэе. Түүнчлэн манай улсын 3x3 сагсан бөмбөгчид дэлхийн “Их дуулга”-д ямар амжилттай оролцсон талаарх мэдээллийг бэлтгэлээ.
 
Д.ОТГОНДАЛАЙН АМЖИЛТЫГ Э.ЦЭНДБААТАР ҮРГЭЛЖЛҮҮЛЭВ
 
 
ОХУ-ын Екатеринбург хотод болж байгаа сонирхогчдын боксын дэлхийн аварга шалгаруулах тэмцээний 57 кг-ын жинд “Рио-2016” олимпын V байрын шагналт, Азийн аварга Э.Цэндбаатар хүрэл медаль хүртлээ. Тэрбээр мөнгөн медалийн төлөө Узбекистаны тамирчин М.Миразизбектэй тулалдаж 5:0-ээр ялагдал хүлээв. Манай тамирчин эхний тулаанаа Кыргызстаны Сейтек Уулу Мунарбектэй хийж, гурван раундын турш илүүрхэн тоглож, онооны давуу байдлаар ялсан. Хагас шигшээд Унгарын Ролан Галоштай тулалдаж 5:0-ээр ялж медалийн төлөө өрсөлдөх эрх олж авсан юм. Харин шилдэг дөрөвт үлдэхийн төлөө буюу медалийн төлөө Ирландын Курт Уолкертэй тулалдаж, 5:0-ээр илт давуу ялж медалийн болзол хангасан. Харамсалтай нь, манай бокочин медалийн өнгөө хувиргах тулаанд Узбекистаны боксчин, Азийн наадмын аварга Миразизбек Мирзахалиловтой тулалдаж ялагдсанаар хүрэл медалийн болзол хангалаа.
 
Олон улсын хэмжээний мастер Э.Цэндбаатарын мөнгөн медалийн төлөөх тулааны шүүлтийн үйл ажиллагаанд хажуугийн таван шүүгч илэрхий булхайтай шийдвэр гаргаснаар Узбекистаны тамирчинд ялалт өгсөн хэмээн ОХУ-д байгаа Монголын боксын холбооны удирдлагууд эсэргүүцлийн протест бичжээ. Тухайлбал, Монголын боксын холбооны ерөнхий нарийн бичгийн дарга Ц.Батнасан “Боксын дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд оролцож байгаа Монголын багаас Э.Цэндбаатарын мөнгөн медалийн төлөөх тулааны шүүгчдийн эцсийн шийдвэрийг эсэргүүцэж байгаагаа илэрхийлж, Олон улсын боксын холбоо /АIBA/-нд дүрмийн дагуу эсэргүүцлийн протест бичиж өгсөн" гэж мэдэгдлээ. Харамсалтай нь ерөнхий шүүгч болон хяналтын шүүгчид “Протест хүлээж авахгүй” гэсэн албан ёсны хариу ирүүлжээ. Боксын эрэгтэйчүүдийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээн анх 1974 онд Кубын Хавана хотод болсноос хойш Монголын боксчид тус тэмцээнээс нэг алт, дөрвөн мөнгө, зургаан хүрэл медаль хүртээд байгаа юм. Хамгийн сүүлд буюу 2017онд гавьяат тамирчин Д.Отгондалай Хамбургийн дэлхийн аваргаас хүрэл медаль хүртсэн билээ.
 
С.БАТЦЭЦЭГ ДЭЛХИЙН АВАРГЫН ИЖ БҮРЭН МЕДАЛЬТАЙ АНХНЫ ТАМИРЧИН БОЛЛОО
 
Казахстан улсын Нур-Султан хотод болж буй чөлөөт бөхийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээний эмэгтэйчүүдийн 68 кг-ын жинд хүч үзсэн “Лондон-2012” олимпын наадмын хүрэл медальт, Хөдөлмөрийн баатар, гавьяат тамирчин С.Батцэцэг хүрэл медаль хүртлээ. Энэ нь Нур-Султаны дэвжээнээс манай бөхчүүдийн авсан гурав дахь хүрэл медаль болсон юм.
 
 
Мөн Хөдөлмөрийн баатрын хувьд дэлхийн аварга шалгаруулах тэмцээнээс алт, мөнгө, хүрэл медаль хүртсэн анхны, дөрвөн медаль хүртсэн хоёр дахь тамирчин боллоо.  
 
 
Дэлхийн дэвжээнд долоо дахь удаагаа зодоглосон С.Батцэцэг эхний даваанд Узбекистаны Нулифар Гадаеваг цэвэр, хагас шигшээд Латвийн Анастасья Григорьеваг 6.0-ээр тус тус ялсан.Харин шөвгийн наймд дэлхийн болон Европын аварга Шведийн Женни Франссонд цаг дуусахтай зэрэгцэн 5:6-гаар харамсалтай ялагдлаа. Дагах барилдаанд Францын Кумба Ларрокыг оноогоор цэвэр ялж, Токиогийн олимпын наадмын эрхээ авсан бол хүрэл медалийн төлөөх барилдаанд Украины Алла Черкасоваг 2:2-оор ялж, дэлхийд данстай тамирчин гэдгээ харууллаа.
 
Түүнчлэн эмэгтэйчүүдийн 59 кг-ын жинд “Хасу-Мегастарс” клубийн тамирчин, олон улсын хэмжээний мастер Б.Шоовдор хоёр жил дараалан дэлхийн дэвжээнээсхүрэл медальхүртлээ. Тэрбээр Монголын чөлөөт бөхийн тамирчдаас дэлхийн аваргаас хоёр болон түүнээс дээш медаль хүртсэн 17 дахь, эмэгтэйчүүдээс долоо дахь тамирчин болж байна. Б.Шоовдор Румыний Катерина Жидачевскаг 4:0-ээр, Германы Сандра Парусжевскийг 6:2-оор тус тус ялсан. Хагас шигшээд Канадын Линда Мораист 1:3-аар ялагдаж, хүрэл медалийн төлөөх барилдаанд Украины Анжелина Лысакыг цэвэр ялсан юм.
 
"УЛААНБААТАР ММС ЭНЕРЖИ" БАГ ОЛИМПЫН ТОГЛОЛТОД НЭГ АЛХАМ ОЙРТОВ
 
3x3 сагсан бөмбөгийн олимпын эрхийн оноо цуглуулах хамгийн том тэмцээн Лос Анжелесын дэлхийн “Их дуулг5”-д “Улаанбаатар ММС Энержи” баг IV байрт орлоо. Манай багийн хувьд энэ тэмцээний есөд эрэмбэлэгдэж, хэсэгтээ тэргүүлж буй Сербийн “Нови Сад”, наймд -зрэмбэтэй Швейцарын “Лузанн” багтай тус тус учраа таарсан. “Улаанбаатар ММС Энержи’’ багийнхан “Нови Садад” хожигдсон бол өмнө хожигдож байсан Лузанныг хожиж, хэсгээсээ хоёроор шилдэг наймд шалгарчээ. Улмаар эхний тоглолтоо “С” хэсгээс Сербийн “Земун”, Бразилийн “Сан Паоло” багийг хожин нэгээр гарсан Словений “Пиран” багтай таарч, хурд хүчээ сорьсон. Улмаар “Пиран”-ыг манай багийнхан 16:13-аар хожиж шилдэг дөрөвт үлдсэн юм. Словений багтай манайх эн тэнцүүхэн тоглодог ч хожиж үзээгүй байсан. Харин “Их дуулга”-ын шийдвэрлэх тоглолтод анх удаагаа хожиж том ялалт байгууллаа. Дэлхийн “Их дуулга”-д Ази тивээс ганцаараа эрхээ авч орсон манай баг шилдэг дөрөвт Сербийн хоёр, АНУ-ын нэг багтай үлдсэн нь содон байлаа. Энэ тоглолтоос авах дэлхийн чансааны оноо нь манай улсын олимпын эрхийн болон мэргэжлийн багийн чансаанд байраа ахиулахад чухал нөлөөтэй оноо юм.
 
 
Б.Номуун
Эх сурвалж: "Монголын үнэн" сонин