sonin.mn

Азийн боксын холбооныхонтой Монголын боксын холбоо хамтран тивийн залуучуудын боксын аварга шалгаруулах тэмцээнийг Улаанбаатар хотноо “Буянт Ухаа” спортын ордонд энэ сарын 10-17-ны өдрүүдэд зохион байгуулахаар боллоо. Тэмцээнд эрэгтэй, эмэгтэй тамирчид тус бүр 10 жинд шилдгүүдээ тодруулах юм. Олон улсын боксын холбооны хоёр болон гурван одтой шүүгч уг тэмцээнийг дэнслэхээр болжээ.

 

Азийн залуучуудын боксын аварга шалгаруулах тэмцээнд 30 орчим орны ширэн бээлийтэн хүч, ур чадвараа сорихоор мэдүүлгээ ирүүлээд байгаа аж. Монгол Улсаас уг тэмцээнд эрэгтэй, эмэгтэй нийт 16 тамирчин хүчээ сорихоор бэлтгэж байна.

 

Тухайлбал, тэмцээний эрэгтэйчүүдийн 49 кг-ын жинд Э.Сүхбат, 52 кг-д Б.Алтантулга, 57 кг-д Т.Энхтөр, 60 кг-д О.Тулга, 64 кг-д А.Жандос. 69 кг-д Ц.Луваанжалбуу, 75 кг-д Б.Гантулга нар тулалдана. Охидоос 48 кг-ын жинд Б.Жанаргүль, 51 кг-д А Хулан, 54 кг-д Б.Золжаргал, 56 кг-д О.Есүгэн, 60 кг-д Г.Бадмаараг, 69 кг-д Э.Намуун, 75 кг-д Ц.Намуун- Урсгал нар хурд хүчээ сорихоор болжээ. Мөн охидын хүнд жинд хоёр тамирчныг нэмж өрсөлдүүлэхээр бэлтгэлийг нь базааж байгаа аж.

 

Б.Номуун

Эх сурвалж: "Монголын үнэн" сонин