sonin.mn
Улаанбаатар /МОНЦАМЭ/. “Буянт Ухаа” спортын ордонд Ази тивийн 2019 оны залуучуудын аварга шалгаруулах боксын тэмцээний 4 дэх өдрийн тулаан өнөөдөр  15 цагаас эхэлнэ.
Хагас шигшээд шалгарах тамирчдын ширүүн тулаан болох бөгөөд Монголын шигшээ багаас эрэгтэйчүүдийн 49 кг-д Э.Сүхбат, 56 кг-д Т.Энхтөр, 64 кг-д А.Жандос, 69 кг-д Ц,Луваанжалбуу, эмэгтэйчүүдийн 48 кг-д Б.Жанаргүль, 54 кг-д Б.Золжаргал, 60 кг-д Г.Бадмаараг, 69 кг-д Э.Намуун нарын 8 тамирчин хүч, ур чадвараа сорин тулалдана. Өнөөдөр ялсан тамирчид тивийн аваргын хүрэл медалийн болзол хангах юм.
 
Ази тивийн 2019 оны залуучуудын аварга шалгаруулах боксын тэмцээн маргааш /11.15/ завсарлаад бямба гарагт хагас шигшээ тулаан үргэлжлэн явагдана. Монголын шигшээ багаас хагас шигшээ буюу медалийн өнгөө хувиргах тулаанд эмэгтэйчүүдийн 57 кг-д О.Есүгэн, -81 кг-д Алтанзул, +81 кг-д Б.Маргад-Эрдэнэ нарын 3 тамирчин өрсөлдөхөөр тунаж үлджээ.
Улаанбаатарт зохион байгуулж байгаа Ази тивийн 2019 оны залуучуудын аварга шалгаруулах боксын тэмцээнд 17 орны 200 гаруй эрэгтэй, эмэгтэй шилдэг залуу /17-18 нас/ боксчид тивийн аваргын төлөө өрсөлдөж байгаа юм. 
 
 
Д.Өлзийсайхан
Эх сурвалж: Монцамэ агентлаг