sonin.mn
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Ираны жүдоч, ДАШТ-ий алт, хүрэл, Азийн наадмын мөнгө, Ази тивийн АШТ-ий нэг мөнгө, хоёр хүрэл медальт Саид Моллаи иргэншлээ сольж, Монгол Улсын нэрийн өмнөөс барилдахаар болов.
 
Жүдо бөхийн эрэгтэйчүүдийн 81 кг-д барилддаг, 27 настай С.Моллаи Монгол Улсын шигшээ багийн тамирчин болж анхны тэмцээндээ хүчээ сорихоор бэлтгэлээ базааж байгаа бөгөөд 12 дугаар сарын 12-14-нд БНХАУ-ын Жиндао хотод болох “World masters” тэмцээнд оролцохоор бүртгүүлжээ.
 
Иран улсын Засгийн газраас тамирчдаа Израилын бөхчүүдтэй барилдахыг хориглосноос тус улсын жүдочид энэ жил Токио хотноо болсон ДАШТ-д барилдаагүй. ДАШТ-ий дараа Олон улсын жүдо бөхийн холбоо /IJF/-ны ерөнхийлөгч Мариус Визер “Бид Саид Моллаигийн явдлыг олон нийтэд дэлгэсэн нь түүнийг болон гэр бүлийг нь хамгаалах зорилготой байв. Засгийн газрынхаа шийдвэрээр ДАШТ-д оролцож чадаагүй Ираны бусад жүдочдыг ч бид дэмжих болно. Хэрвээ Саид Моллаи өөр орны нэр дээр барилдахыг хүсвэл бид түүний чансааны оноог цуцлахгүй” хэмээн мэдэгдэж байсан юм.
 
 
 
Иран жүдоч Саид Моллаигийн чин зорилт нь “Токио-2020” олимпын наадмаас олимпын медаль хүртэх төдийгүй олимпын аварга болох юм байна. Ийнхүү  өмнөд хөршид болох “Qingdao masters-2019” тэмцээний эрэгтэйчүүдийн 81 кг жинд Монгол Улсаас 4 жүдоч хүч үзнэ. Тухайлбал, У.Отонбаатар, Н.Дагвасүрэн, Г.Баянмөнх, Саид Моллаи нар багтжээ.
 
Д.Өлзийсайхан
Эх сурвалж: Монцамэ агентлаг