sonin.mn
Мэргэжилийн боксын WBС холбооны хөнгөн жинд (Featherweight title) аваргын титмийг эзэмшигч Гэри Рассел өнгөрсөн Бямба гарагийн үдэш Аллентаун хотын ППЛ ордонд манай Төгсцогттой 12 үеийн турш шургуу тулалдаж оноогоор ялснаар аварга цолоо 5 дахь удаагаа амжилттай хамгаалж чадлаа.
 
Тоглолтын талаар хүмүүс хувийн дүгнэлтээ чөлөөтэй илэрхийлэхийн зэрэгцээ бухимдал зэмлэл голлосон сэтгэгдэл интернэтэд нилээд харагдана. Ихэнх нь - Энэ ингэх гээд байсан юмаа, ийм л юмнаас боллоо, ингэхгүй яав даа... маягийн төгсгөлтэй. Нэг нөхөр - Борцтой шөл сайн уугаагүйгээс бяр дутаад... гэсэн хувилбар хүртэл гаргаж ирж. Буруу ч юу байхав. Америкийн баруун эргээс Төгсөөгөө дэмжихээр зорин ирж энэ үдэш хуран цугларсан цөөнгүй монголчуудын нэг байсны хувьд өөрийн хувилбараа бас хуваалцаадхая.
 
Тоглолт мэдээж хүсэн хүлээж байсан дагуу тун өрсөлдөөнтэй өгөө аваатай үзүүштэй ширүүн болж дууссан. Ингээд ялагчийг зарлах агшинд хөтлөгчийн хэлсэн Still undefeated буюу Ялагдаагүй хэвээрээ гэсэн үг хүлээсэн эргэлзээнд эцсийн цэг тавив. Гурван шүүгчийн үнэлгээ 118-110, 117-111, 116-112 буюу хамгийн ихдээ 8 онооны давуу хожсон гээд Расселд өгчээ. Тэнцүүхэн үзээд дуусахад ялалт яг хаашаа заах нь бараг ойлгомжтой байсан. Компьютерээр тооцсон онооны хувьд Рассел 12 үеийн туршид нийтдээ 867 удаа цохилт хийснээс 134-т нь оносон бол Төгсөө 707 цохисоноос 122 байндаа туссан юм байх. Оновчтой цохилтоор манай хүн илүү (Төгсөө 17%, Расселийнх 15% ) олон цохилтоор Рассел илүү тул 8 үед нь ялсан гэж гарчээ. Энгийн нүдээр хархад Төгсөө маань нилээд хүлээцтэй хэтэрхий хянамгай эхэлсэн. Өөрөө ч дараа нь Расасеслийг эхлээд ажиллахыг хүлээж тоглодог буруудлаа, хугацаа боломжоо бүрэн ашигласангүй гээд сэтгүүлчдэд шуудхан хэлж байсан. Ялагдлаа, яахав үнээн.
 
 
Төгсөө яагаад дутуу тоглов?
 
Рассел болхоор - Та нар мэргэжилд арай л болоогүй байна, туршлага багатай энэ тэр гэнэ билээ. Нэмээд дээр нь - Би бэлтгэлээ яс хийснээрээ бүх юмыг байранд нь тавьж чаддаг гэсэн. Мань эр мэдээж манай хүнийг судлаад бүтэн жил гайгүй өрсөлдөгчтэй гар зөрүүлээгүй, хааяа бэлтгэл алдагдаж хаашаа явж ирж очоод байсныг тооцсон ч биз. Дуудлага хүлээж авалгүй жил тойрон “зугтаах“ зууртаа гарцаагүй ирэх энэ тулаанд ганц өдөр ч алдалгүй бэлдсээр тоглох торгон ирээ тохируулж хурцлаад гарч ирсэн байж мэдэх нь. Биеийн бэлтгэл, бэлэн байдлаар Төгсөө арай дутсан байж магадгүй. Сэтгэл зүйн талаас бол юу дутаад яасан гэх вэ. Би ялнаа, хараарай! гээд хөмхий зуугаад л гарсан.
 
 
 
Төгсөөгийн хувьд эхэндээ хянуур байж илүү хөдөлгөөн алдаа хий гаргахгүй үзэх тактик зөв ч биз. Тэвчээр алдаж хамаагүй задгайрсан бол тэрийг цаадах нь ашиглахаа бас андахгүй. Тэгсээр тоглолтын санаачлагыг гартаа хийж чадалгүй голдуу хүлээж хүчээ нөөснөөс болж цохилтууд нь нэг бол зуураад заримдаа хүч султай тусаад. Бас довтлохдоо хэтэрхий тулж улайраад ойрын зайнд орж оноо алдчихаад байлаа. Цаадах нь тулсан үед хурдтай ч гэж юухэв, сайн юм билээ.
 
 
 
 
Рассел юугаараа илүү байв?
 
Хол илүү юм алга. Онох нь Төгсөөгөөс арай бага хэдий ч олон удаа цохиж тогложээ. Боксын хэлээр бол ажиллагаа. Дээр нь хараа хурд хослуулан оноо түүчихдэг боломжыг бараг алдсангүй, хамгаалалт ч битүү харагдаад байсан. Задгайрч дайрвал манай Төгсөө угтуулж цохиж унагаад дутуу гаргах санаатай явааг яаж мартхав. Хоёр дүү нь энэ өдөр дараалан тулалдаад төвөггүй ялалт байгуулсан тул сэтгэл санаа нь сэлүүхэн үзэх шиг боллоо. Ер нь энэ айл ах дүүгээрээ мэргэжилийн бокст амжилт ялалт хамсаар яваа нь эцгийн нөлөө их бололтой. Банди нараа боксын спорттой холбон хүмүүжүүлж даруу төлөв сахилга баттай тамирчид төрүүлсэн тухай мэдээлэл олон байна. 
 
Үзэгчид болоод сүлд билэгдэлийн талаар хэдэн үг.
 
Тулааны тов оны өмнөхөн гарч WBC холбоо Аллентаун хэмээх нам гүм буйд энэ хотод зохиох болсон нь хугацаа нь дэндүү тулсантай холбоотой бололтой. Америкийн шоу цэнгээний том төвүүд оруулж гаргах арга хэмжээний хувиараа доор хаяж бүтэн жилээр хийдэг. Аллентаун хотын захирагч харин энэ тоглолтоо манайд хийгээч гээд хүсэлтээ гаргасан гэнэ. Энэ үдэш ППЛ ордонд ирсэн үзэгчдийн 20 орчим хувь монголчууд байсан тухай багцаа хэвлэлийнхэн бас гаргажээ. Панама, Венесуэл, Пуэрто Рико, Кубын тамирчид ч бас тоглосон. Эдгээр улсаас гаралтай үзэгчид харин хэр олон ирснийг мэдэх аргагүй юм билээ. ШОУТАЙМ суваг ганц манай соёмбо үсэгтэй тугыг онцлоод байсан.
 
 
 
Боксынхноос хөдөлмөрийн баатар, олимпийн аварга Э.Бадар-Ууган, Чикаго хотноо аж төрдөг гавъяат тамирчин Э.Цогтжаргал тэргүүтэй алдартнууд бас байлаа. 1997 онд америкт ирээд мэргэжилийн боксоор 20 тоглож 17 ялалт аваад карьераа дуусгаж байсан Цогтжаргал Төгсцогтын аавын талтай ураг төрлийн холбоотой улс юм байна. Тэрээр би цагтаа мэргэжилд гараад яг 11 хожилтой овоо дээшээ ахиж яваад анх хожигдож байж билээ. Рингийн дэргэдээс тоглолт үзлээ, өнөөдөр яах аргагүй хожигдчихлоо гээд тэрээр урам муутай суусан.
 
 
 
Төгсөөг рингэнд одоо харъяалагдаж байгаа клубын багшийн хувиар Кубын домогт дасгалжуулагч Салас авч гарсан ч шууд чөлөөтэй хэл нэвтрэлцэхгүй тул үр дүн муутай харагдсан. Банди багш шиг хүн дэргэд нь байсан бол ч.
Мэргэжилийн боксын нэртэй аваргуудын гарч ирж байгаа нь өвөрмөц өмсгөл нөмрөг, туг сүлд, ая хөгжим, гэрэл тусгал гээд баг бараа бологчид дагуулсан шоу үзүүлбэр маягтай хэсэг мөч байдаг. Рассел энэ удаа эртний Миссир Мамлюкчуудын өмсгөл бололтой хувцастай бүсгүйчуудээр хүрээлүүлэн хүндтэй сүртэй гарч ирсэн бол Төгсцогт сүүлийн тулаанууд дээр залах болсон догшин хар сүлдтэй орж ирэв. Үндэсний хувцастай Р.Пүрэвдагва арслан хар сүлдийг залж ирсэн. Монгол хүний хувьд билэгдэл хийморь сүлд талаасаа омогшил төрөхгүй байх аргагүй. Америкчуудын хувьд бас л өмнө огт үзээгүй өвөрмөц нэгэн шоу болчихож байгаа юм. Казахын Головкин, Украйны Ломаченко нараас эхлээд бүгдээрээ л үндэстнийхээ хувцасаар гангарч сүр бараатай гарч ирдэг.
 
Төгсөөгийн мэргэжилийн боксын замналд энэ ялагдал доошоо биш дээшээ алхах гишгүүр болноо. Юугаар дутуу байсныгаа мэдээж өөрөө л хамгийн бүрэн сайн мэдэж байгаа. Дүгнэлт хийгээд сэргээд ирдэг хүү дээ, нас бол ид л үедээ байна. 
Өмнөх тулаан дээр аварга Ч.Санжаадамба, сая бас арслан Р.Пүрэвдагва нар зориод ирдэг болсон учир нь Төгсөөгийн аав Архангайнх тул нутгийн дүү гээд үндэсний бөхөд гүн шингэсэн жалгын үзлээрээ хамаатуулаад байдаг бололтой. Архангай нутгийн зөвлөлийн даргын хувиар УИХ-ын эрхэм гишүүн Ж.Мөнхбат ч бас энэ удаа морилон иржээ. Америкт бол монголын Төгсцогт л гэхээс арын сайхан хангай нутгийн хүү гээд урсгаж гарах биш. Харин Мөнхбат гишүүн төрийн түшээгийн уужуу ухаан зараад ордоны цэлгэр уудам талбайн нэг буланд эсвэл буудлын лобид ч болов Төгсцогтыг хүрэлцэн ирсэн монголчуудтай хэсэг уулзуулж хамт зураг татуулаад одоо орж амар гээд явуулчих зангараг байсангүй өөрсдөө л аймгийнхаа нэр бариад өрөөгөөр нь сэм эргэлдсэн сурагтай.
 
Хол ойроос энэ үдэш цугларсан хэдэн зуун монголчууд Төгсөөгийнхөө уран гоё тоглолтыг үзэж нэгэн оройг хамт өнгөрөөхөөр зарим нь эхнэр хүүхдээ аваад туг дарцгаа бариад ирсэн. Ордонд дотор омогшиж уухайлаад сайхан дэмжсэн. Тараад шууд яваад өгч чадахгүй энд тэнд бөөгнөрч гараад ирвэл ганц гар барьж зураг дарчих санаатай хэсэг хоргодон харуулдаж зогсоод байсан.
Аваргын алтан бүсийг өнөөдөр биш ч авах өдөр ирнэ, чи чаднаа. Тэр үедээ өөрөө гарч ирээд монголчуудтайгаа нэг сайхан уулзахаа бүү мартаарай.
 
 
Д.Цэрэндорж
Аллентаун хот
2020.2.09