sonin.mn
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Олимпын эрхийн тэмцээн, хамтарсан бэлтгэлд хамрагдсан бокс, чөлөөт бөх, хүндийн өргөлтийн Монгол Улсын үндэсний шигшээ багийн тамирчид Истанбулаас Тусгай үүргийн онгоцоор эх орондоо ирж, "Багабаян" амралтад тусгаарлалтад ороод байна.
 
 
 
Боксын шигшээ багийн дасгалжуулагч, гавьяат дасгалжуулагч Д.Батсүрэн: "Боксын үндэсний шигшээ багийн хамт олон бид Иордан улсын Амман хотод олимпын эрх олгох тэмцээндээ оролцоод, Турк улсын Истанбулд тав хоног саатаад төр засгийнхаа тушаал шийдвэрээр МИАТ-ын онгоцоор Улаанбаатарт ирлээ. Монгол Улс хүний эрүүл мэндээ эрхэм чухалд үзэж, энэ айхтар тахалтай тууштай тэмцэж байгаа нь гадаадын олон улсад үлгэр жишээ болж байна.Монгол хүн эрүүл байж, урт насалж удаан жаргах ёстой, их хувьтай тэнгэр заяат хүмүүс" хэмээн ярьж байв.
 
 
 
Нэг сарын өмнө АНУ-ын шигшээ багтай хамтарсан бэлтгэл хийхээр тус улсыг зорьсон чөлөөт бөхийн шигшээ багийн тамирчид 10 хоногийн өмнө Монгол руу буцах байсан ч нислэгүүд хаагдсан учир хоёр ч удаа чиглэлээ өөрчлөн, Турк улсын Истанбул хотоор дамжин, Монголд ирээд байна. Хүндийн өргөлтийн тамирчид ч АНУ-аас ирж байгаа юм. Тэд ирсэн даруй, хууль журмын дагуу тусгаарлах байранд байрлаж бэлтгэлээ хийж байна.
 
 
 
Д.Өлзийсайхан
Эх сурвалж: Монцамэ агентлаг