sonin.mn
Өнөөдөр бид эрүүл мэнддээ анхаарч зөв хоололт, дасгал сургуулилт гэх зэрэг олон зөвлөмжийг уншиж мэдээлэл авдаг. Харин хамгийн үр дүнтэй арга бол дасгал хөдөлгөөн хийх буюу ууланд алхах юм. “10 мянган алхам” буландаа чөлөөт бөхийн тамирчин Д.Анарыг урьж, мэдээлэл хуваалцав.
Дасгал хөдөлгөөн бол хүний биед ус агаар мэт хэрэгтэй зүйл. Сүүлийн үед зүрх судасны өвчлөл залуужиж, манай улсын хүн амын дундах нас баралтыг тэргүүлэх болсон. Ер нь зүрх судасны өвчин гэлтгүй өвчнөөс сэргийлэх хамгийн энгийн хэрнээ үр дүнтэй арга бол ууланд алхах юм. Үүнээс гадна дасгал хөдөлгөөн хийх хэрэгтэй. Үр дүнг нь та богино хугацаанд мэдрэх болно. Бие эрүүлжиж, хөнгөн болдог. Мөн дасгал хөдөлгөөнийг амьдралдаа хэвшүүлж, хийж эхлэхийн тулд хүүхдэд багаас нь зөв дадлыг нь эзэмшүүлэх хэрэгтэй. 
 
 
 
Ууланд алхахын тухайд, хүүхдийг их багаас нь биш биологийн насын өнгөрөхөөр нь ууланд алхуулах нь илүү тохиромжтой байдаг. Тамирчин хүний хувьд, ууланд алхах нь амьсгалаа задлахаас эхлээд ач тустай зүйл олон байдаг. Агаарт, ууланд алхах нь амьсгаа задарч, зүрх судасны өвчин, уушгинд маш сайн нөлөөтэй байдаг.
 
 
 
Нийслэлчүүдийн хувьд, Богд уул руу ихэвчлэн алхдаг. Хамгийн ойр байдаг учраас тэр байх. Уул өөдөө мацалгүй аажуухан алхах нь хөлийн гуяны булчин болон нурууны булчинг сайн ажилуулж өгдөг. Мөн идэвхтэй хөдөлгөөн хийснээр урт наслалтыг нэмэгдүүлдэг. Харин тамирчид жирийн хүмүүсийг бодвол арай илүү хол зайнд гүйх буюу бие физиологийн хувьд арай өөр түвшинд буюу биед өгөгдөх өндөр ачааллыг даах чадвартай болгодог. Тамирчдын хувьд байнгын дасгал хөдөлгөөнтэй байдаг учраас сул зүгээр суух, дасгал хийхгүй байх зэрэгт булчин зангирах зэргээр биед өөрчлөлт ордог. Тийм учраас өөрийнхөө биеийн онцлогт тохируулан өглөө эрт цэвэр агаарт алхах, гүйх зэргээр байнгын хөдөлгөөнтэй байхыг хичээдэг. Дасгал хөдөлгөөн хүн болгонд хэрэгтэй. Тиймээс манай иргэд өглөө бүр гүйж сурах хэрэгтэй. Энэ арга нь элдэв хоолны дэглэм барихаас илүү үр нөлөөтэй.
 
 
 
Хөдөлгөөний дутагдлаас болж бид зүрхний шигдээс, жингийн илүүдэл, хөдөлгөөний дутагдал, мөн хэт эрт хөгширөлт, буруу хоололт, цусны  даралт ихсэх зэрэг хүмүүсээс өөрөөс нь шалтгаалах өвчин их болсон байна. Агаар салхинд алхах, байнгын хөдөлгөөнтэй байснаар энэ бүх өвчнөөс ангижрах боломжтой юм.
 
 
 
Алхаж эхлэхдээ хол зайд биш ойрхон зуур алхах хэрэгтэй. Байгалийн цэвэр цэнгэг агаар, ургамал мододоос бид хүчилтөрөгчийг хүлээн авдаг. Тиймээс эрүүл зөв амьдралын нэг зөв жишиг бол алхахаас эхэлдэг гэж хэлнэ.
 
 
А.Доржханд
Эх сурвалж: "Зууны мэдээ" сонин