sonin.mn
Саудын Арабын Мэхд спортын академаас өөрийн орны хөл бөмбөгийн спортод авьяас сонирхолтой, ирээдүйтэй хүүхэд залуусыг хөгжүүлэх шинэ төслийг энэ оны долоодугаар сарын 20-нд эхлүүлжээ. 
Рияад хотын Мэхд спортын академи нь 6-14 хүртэлх насны 20 гаруй охид, хөвгүүдэд өөрсдийн спортын авьяас, ур чадвараа хөгжүүлэх боломжийг олгож байгаа ба өөрийн орны спортод авьяас сонирхолтой хүүхдүүдийг нээж, хөгжүүлэхэд чиглэсэн томоохон төслийг хэрэгжүүлэх зорилготой аж.  Саудын Арабын Спортын сайд Абдулазис бин Турки Аль Файсал уг төслийг “Мөрөөдлийн алхам” хэмээн тодотгожээ. 
 
Тус академийн гүйцэтгэх менежер Абдулла бин Файзал Хаммад хэлэхдээ “Олон авьяаслаг тамирчдыг багаас нь нээж, хөгжүүлэх нь уг төслийн гол зорилго юм” гэв. Манай орны бага сургуулийн сурагчид спортын хичээлд долоо хоногт ганцхан цаг зарцуулдаг бөгөөд 14 нас хүртэл нь тэдний авьяас чадварыг хүлээн зөвшөөрөх боломж байдаггүй. Энэ насан дээр нь спортын аварга төрүүлнэ гэдэг хэцүү ч гэлээ бид хүүхдүүдийг багаас нь бэлтгэж, илүү их цаг зарцуулж, бэлтгэл сайн хийх боломжийг олговол ирээдүйд илүү чадварлаг, сайн тамирчдыг төрүүлэх боломжтой болно хэмээн тэрбээр яриандаа онцолжээ.  
ФИФА-гийн ерөнхийлөгч Жианни Инфантино хөл бөмбөг бол Саудын Арабт хамгийн өргөн дэлгэрсэн спорт хэмээгээд уг төсөл нь хөлбөмбөгийн хөгжилд эерэгээр нөлөөлнө гэдэгт итгэлтэй байгаагаа илэрхийлжээ. Мөн Жозе Моурино, Фабио Капелло, Роберто Манчини, Эдвин Ван дэр Сар нарын алдартай дасгалжуулагчид хүүхдийн хөлбөмбөгөөр хичээллэх цагийг нэмэх Саудын Арабын санаачлагыг сайшаасан байна. Саудын Арабын Мэхд академи нь ирэх арван жилийн хугацаанд дэлхийн хамгийн том спорт академийн нэг болохыг зорьж байгаа бол Саудын Араб улс нь тив болон олон улсын тавцанд өрсөлдөх өөрийн орны “шинэ, алтан үе”-ийг бий болгохыг зорьж байгаа юм. 
 
 
Б.Нямаа
Эх сурвалж: Монцамэ агентлаг