Ардчилсан хувьсгалы 23 жилийн ойн барилдааны тавын даваанд улсын шинэхэн начин Р.Пүрэвдагва, Б.Пүрэвсайхан нарыг хэн ч амлалгүй тунасан. Цацаа цалгиа ихтэй Пүрэвдагва, хийгүй нягт барилдаантай Пүрэвсайхан нарын барилдаан сонирхолтой болох нь тодорхой байсан. Пүрэвдагва учраагаа давхар шуудагнаас дүүгүүрдлээ. / Үе үе энэ мэхийг тун сайн хийдэг болоод байгаа/.

 

Нэг, хоёр, гурав, дөрөв, тав гээд л эргүүлж, эргүүлж яг ар зоогоор нь тавих гэтэл Пүрэвсайхан “аймаар” мэдэрч хоёр хөл дээрээ буунгуут ганцхан өхийлдөөд Пүрэвдагвийг гэдрэг нь харуулчихав. Пүрэвдагва ч гоё дүүгүүрдсэн Пүрэвсайхан ч тэр хооронд хэрхэн хариулахаа сэтгэж амжиж. Харамсалтай нь тэр сайхан агшинг ганцхан үйлдэл нурааж орхисон.

 

Пүрэвсайхан давчихаад Пүрэвдагвийн шуудагнаас огцом татаж орхисон аж. Пүрэвдагва ч босч ирэнгүүт хойноос нь хүзүү рүү нь дэлсээд авсан. Ингээд л хэрэг мандчих нь тэр. Ингээд л тэргүүлэгчдийн хурлын шийдвэрээр барилдах эрхээ хоёр сараар хасуулав. Харин Пүрэвсайхан начин зун наадмаар у.х Л.Пүрэвжавыг өшиглөж орхиснийхоо шийтгэлийг мөн авлаа.

 

Уг нь тэд их сайхан барилддаг залуус. Хэдийгээр хоёр cap барилдах эрхээ хасуулсан ч бэлтгэлээ сайн хийж байгаад дахин уран мэхийг уралдуулан үзэгч олноо баясгана. Үзэгчид ч тэдний хийцтэй, хурц дайчин барилдааныг харахыг тэсэн ядан хүлээж буй. Хамгийн гол нь тэдний энэ алдаа бусдад нь сургамж болох биз ээ.

Эх сурвалж: "Бөх"