ТОКИО. /NHK/. Японы Ерөнхий сайд Сүга Ёшихидэ, Олон улсын олимпын хорооны тэргүүн Томас Бах нар ирэх онд болох Токиогийн Олимп, Паралимпын наадмыг аюулгүй зохион байгуулах чиглэлд хамтран ажиллахаар тохиролцжээ.
Талууд лхагва гарагт 15 орчим минутын турш утсаар ярьсан байна. С.Ёшихидэ Японы Ерөнхий сайдын албыг өнгөрсөн долоо хоногоос хашиж эхэлснээсээ хойш Т.Бахтай анх удаа утсаар ярьж буй нь энэ юм. Японы Олимп, Паралимпын асуудал хариуцсан сайд Хашимото Сэйко мөн уг хэлэлцээнд оролцжээ. Түүний хэлснээр, Т.Бах Ерөнхий сайдаар сонгогдсон С.Ёшихидэд баяр хүргэсэн байна.
 
 
 
“Бид маш халуун дулаан, эерэг яриа өрнүүлсэн. Мөн коронавирусний халдвараас үүдэлтэй асуудлуудыг зохицуулах, ирэх онд Олимпын наадмыг амжилттай зохион байгуулахын тулд чадах бүхнээ хийхээр тохиролцсон” гэж Х.Сэйко мэдээлжээ.
 
 
 
2020 оны Токиогийн Олимпыг коронавирусний цар тахлын улмаас нэг жилээр хойшлуулсан билээ. 
 
 
Э.Хулан
Эх сурвалж: Монцамэ агентлаг