Мэргэжлийн тулааны спортод өөрийгөө сорьж, чамлахааргүй амжилт гаргаж яваа цөөн эмэгтэй тамирчны нэг Б.ХАЛИУНТАЙ ярилцлаа. Тэрбээр муайтай боксоор Азийн аварга болсон анхны монгол эмэгтэй тамирчин юм. Тэр ч бүү хэл дэлхийн аваргаас мөнгөн медаль хүртсэн чансаатай бүсгүй. Ингээд түүний ярилцлагыг хүргэе.
 
-Тулааны спортоор эмэгтэй хүн хичээллэх хэцүү. Яагаад заавал тулааны спортыг сонгосон бэ. Гэрийнхэн тань тухайн үед юу гэж байв?
 
-Би анх 2009 оноос тулааны спортоор хичээллэж эхэлсэн. Мэдээж эмэгтэй хүн тулааны урлагаар хичээллэнэ гэдэг хэцүү. Гэхдээ хичээл зүтгэл байхад бэрх зүйл гэж байхгүй. Муайтайгаар хичээллээд ганцхан жилийн дараа анхны тэмцээнээсээ медаль авч байлаа. Аав маань тулааны спортод сонирхолтой учраас хамгийн их дэмжсэн. Харин ээжээсээ нууж, нэг жил бэлтгэлд явсан. Анхны медаль авснаар ээж болон гэрийнхэн албан ёсоор хүлээн зөвшөөрсөн дөө. Одоо бол хамгийн сайн дэмжигч, хөрөнгө оруулагч. Намайг тулааны спортоор хичээллэдэг гэхээр итгэдэггүй хүн олон. Цом медаль, амжилт, бичлэг харж байж л итгэдэг. Жижиг, турьхан биетэй болохоор итгэхэд амаргүй байдаг байх. Тэгээд л нотолгоо харахаараа гайхна. Яг тань шиг “Яагаад заавал тулааны спорт гэж” хэмээн асуудаг.
 
-11 жил гэдэг бас л багагүй хугацаа. Энэ хооронд ямар амжилт үзүүлэв?
 
-Хамгийн том амжилт нь дэлхийн аваргын мөнгөн медаль. 2011 оны дэлхийн аваргаас мөнгөн медаль авч байсан юм. Муайтайгаар дөнгөж хоёр жил хичээллэсэн хүний хувьд том амжилт л даа. Гэхдээ алтан медаль авах боломжоо алдсандаа тухайн үед их харамссан. Шинэ тамирчин туршлага дутсанаас л боломжийг алдсан хэрэг. Тэмцээн дууссаны дараа “Дэлхийгээс медаль авчихаад харамсах юу байна аа. Хэр баргийн хүн авдаггүй медаль” гэж өөртөө урам өгч билээ. Ер нь энэ тэмцээн надад ихийг ухааруулсан. Хичнээн чадалтай ч туршлага хэрэгтэй гэдгийг дэлхийн аваргаас л мэдэрсэн дээ. Өөр олон тэмцээнээс алт, мөнгө, хүрэл медаль хүртсэн. Гэхдээ яг тууштай тасралтгүй хичээллээгүй. Дунд нь хэсэг завсарласан.
 
-Яагаад?
 
-Ээж болсон. Хүүхдээ төрүүлснээс хойш зөвхөн өөрийнхөө төлөө биш өөр нэг бяцхан хүний төлөө амьдарч эхэлсэн. Ээж хүнийхээ үүргийг сайн ч биелүүлдэг гэж боддог. Хоёр жил хүүхдээ нэг ч өдөр алгасалгүй хөхүүлж сайн ээж, сайн гэрийн эзэгтэй, сайн бэр байх гэж бүхий л зүрх сэтгэлээ зориулсан гэж өөрийгөө дүгнэдэг. Мэдээж хөхүүл хүүхэдтэй, нялх биетэй хүн тулааны спортын ачаалал даана гэдэг үнэхээр амаргүй даваа. Хөхүүл хүн чинь идэж ууснаа сүү болгоод боловсруулчихдаг. Тамир тэнхээ алдаад шантарч байх үедээ “За би ч ахиж зодолдоно гэж байхгүй юм байна даа” гэж боддог байлаа. Тэгээд ачаалал даахгүй болохоор сэтгэлээр унана. Төрсөн эмэгтэй хүн яг л нэг жоохон хүүхэд шиг болдог юм билээ. Бэлэн нулимстай. Хатуухан үгэнд л асгартал уйлна. Би бараг л буугаад өгчихсөн байсан үе. Ийм үед багш маань л хүч өгсөн дөө, надад. Богино хугацаанд асар их сэтгэлийн хүч өгч, үргэлж урам хайрлаж, хамгийн гол нь өөртөө ч итгэх итгэлээ алдсан надад маш их итгэл хүлээлгэсэн нь амжилт гаргахад чухал нөлөө үзүүлсэн.
 
 Спортоор хичээллэж байгаа хүн тодорхой зорилго өвөртөлдөг. Таны зорилго?
 
-Миний ойрын таван жилийн зорилго холимог тулаан. Үүнд амжилт гаргахын тулд түр хугацаанд муайтай, кикбоксын бэлтгэлээ багасгасан. Долоо хоногт 2-3 удаа бэлтгэл хийдэг. Харин холимог тулаанд би цоо шинэ хүн учраас бүхнийг шинээр эхлүүлэх хэрэгтэй болсон. Ингэхийн тулд багадаа нэг жил энэ төрлийн бэлтгэлээ эрчимжүүлэх төлөвлөгөөтэй. Одоогоор фитнесс, жюү жицүгээр хичээллэж байна. Босоогоос би сайн тулалддаг. Гэтэл хэвтээгээс тулалдахаар нойл заачихаж байгаа юм. Тиймээс жюү жицүгээр бүхнийг анхан шатнаас нь эхлүүлсэн. Хэрхэн унаж сурахаас эхлээд мэхний хувилбар, өчилт, боолт гээд суралцах зүйл их байна. Уг нь бөхийн спортыг нэг их сонирхдоггүй байлаа. Яг бэлтгэл хийгээд ирэхээр үнэхээр сонирхолтой санагдсан. Харин ойрын зорилго гэвэл, боломж гарвал жюү жицү, фитнессээрээ тэмцээнд орохыг хүсэж байгаа. Медаль авах албагүй. Зүгээр л өөрийгөө сорьж үзэх гэсэн хэрэг.
 
-Яагаад заавал холимог тулаан гэж. Илүү эрсдэлтэй, аюултай биш үү? 
 
-Өнөөдөр тулааны спортоор хичээллэж буй хүмүүсийн 70 гаруй хувь нь холимог тулаан руу “урвасан”. Муайтай, кикбоксоор хичээллэгч харьцангуй цөөрсөн. Дээрээс нь жилд олон тэмцээн болно, тэр хэрээр санхүүд ч нэмэртэй. Мэргэжлийн тулаан учраас шагналын сан өндөр шүү дээ. Таван жил тууштай хичээллээд л дараагийн амьдралаа бодно гэсэн төлөвлөгөөтэй. Нэгэнт л зодолдож эхэлсэн юм чинь холимог тулаанаар нь ч гэсэн хичээллэж үзмээр байна. Хэр амжилт үзүүлэхээ харъя.
 
-Нэгэнт санхүү ярьсан юм чинь асуумаар санагдлаа. Нэг тулаанд оролцоход дунджаар хэдэн төгрөг авдаг вэ. Боломжийн учраас тулааны спортоо орхихгүй яваа болов уу гэж бодож байна л даа?
 
-Эхлээд нэг зүйлийг хэлэх хэрэгтэй болов уу. Хэрвээ та тулааны спортыг сонгосон л бол гадагшаа гарч тулалд. Монголд яагаад ч энэ спортоор амжилт олохгуй, амьдралаа залгуулж чадахгүй. Бүтэн жил бэлтгэл хийгээд нэг тулаанд оролцоход 200-300 мянган төгрөг л авдаг. Гэтэл Хятадад ялсан ч, ялагдсан ч мөнгө авна. Багадаа 3000 юань. Манайхаар 1.2 сая төгрөг гэсэн үг. Үүнээс өндөр шагналын сантай тэмцээн ч олон бий. Тиймээс бэлтгэлээ сайн хийгээд гадагшаа гарч тулалдах нь чухал. Санхүүгээс гадна асар их туршлага хуримтлуулна.
 
 
 
Хятадын тулааны ертөнц асар том учраас анхлан суралцагчид тэндээс гараагаа эхлүүлэх хэрэгтэй. 
 
 
 
Коронавирусийн цар тахал намжихаар анхны холимог тулаанаа хийх төлөвлөгөөтэй байгаа. Хятадын зах зээлээс эхэлнэ. Тэнд жил орчим тулалдахад чадвараа нэмнэ, туршлага ч хуримтлуулна. 
 
-Уханьд сурдаг байсан шүү дээ. Сургуулиа төгссөн үү?
 
-Төгсөөгүй ээ. Уг нь энэ жил төгсөх ёстой байсан ч коронавирусээр болоод чадсангүй. Өвлийн амралтаараа Монголдоо туршилт хийхээр ирсэн. Гэвч корона гараад туршилтаа хийж амжсангүй, бас төгсөж ч чадсангүй. Ойрын хугацаанд төгсөх зорилготой. Энд байх хугацаагаа хий дэмий өнгөрүүлэхийг хүсээгүй учраас шинэ зорилго тавьсан. Тэр нь холимог тулаан. Мөн өөрийнхөө хэлний боловсролд анхаарал хандуулж байгаа. Эмэгтэй хүн учраас үргэлж зодолдоод явна гэж байхгүй. Хэдэн жилийн дараа карьер дуусч таарна. Тэр үед хаана ч очоод ажиллахад гологдохооргүй боловсролтой байх ёстой гэж боддог учраас Уханьд уул уурхайн чиглэлээр суралцаж байгаа юм. Тулааны спортын карьераа дуусахаар энэ мэргэжлээрээ ажиллана. Тиймээс гадаад хэлээ илүү сайжруулахад анхаарч байна.
 
-Хорио цээрийн дэглэм тамирчид, спортынхонд санхүүгээс эхлээд олон зүйл дээр хүндээр тусаж байгаа бололтой. Танд хэрхэн нөлөөлж байна вэ?
 
-Би шигшээ багийнхан шиг бүх амьдралаа спортод зориулаагүй учраас нөлөөлөл харьцангуй бага байна. Харин ч надад боловсролдоо анхаарал хандуулах цаг гарсан нь олзуурхууштай. Санхүүгийн тал дээр ч хохироод байсан зүйлгүй. 11 жил муайтай, кикбоксоор хичээллэхдээ би хэн нэгнээр ивээн тэтгүүлээгүй, өөрийгөө л санхүүжүүлж ирсэн. Тэмцээнд оролцох зардлаа өөрөө л гаргадаг байлаа. Тэмцээнд ирж, очих зардал, байрлах байр, хоол ундыг зохион байгуулагчид даадаг учраас надад хохирол багатай. Хорио цээрийн үеийн дэглэмийг би өөрт ашигтай, үр дүнтэйгээр өнгөрүүлж байна гэж боддог.
 
-Нэг зүйлийг сонирхож асуумаар санагдаад... Мэргэжлийн тулааны тамирчид элдэв витамин, сэргээх бодис хэрэглэдэггүй гэж сонссон. Энэ үнэн үү. Үнэхээр та нар ийм зүйл хэрэглэдэггүй юм уу?
 
-Эхэндээ энэ бүхэн хориотой байсан. Харин өнөөдөр байдал арай өөрчлөгдсөн. Дан мах, гурил иддэг монголчууд нэмэлтээр уураг, зарим төрлийн витамин хэрэглэхээс аргагүй. Хөлсөөр алдсан амин дэмээ нэмэлт уургаар нөхөж авах шаардлага бий болсон. Гэхдээ бидний хэрэглэж байгаа витамин бол сүүн уураг, амино гэх мэт. Дан мах, гурилаа идээд дэлхийн рингэнд тулалдвал ямар ч амжилт гаргахгүй.
 
-Мэргэжлийн тулаанаар олон улсад эх орныхоо нэрийг гаргаж буй олон тамирчин бий. Төгсцогт, Нандин- Эрдэнэ, Амартүвшин гээд л... Гэтэл эмэгтэй тамирчин танаас өөр алга. Манайд эмэгтэй тулаанч нэг үеэ бодвол олон болсон. Тэд аргаа олохгүй байна уу, эсвэл өөр хүчин зүйл нөлөөлөв үү?
 
-Нэгдүгээрт, авьяас хэрэгтэй. Хоёрдугаарт, бүхнээ зориулах зориг байх ёстой. Гэвч манай эмэгтэйчүүд гарцаа олохгүй байх шиг байна. Яг мэргэжлийн тамирчны амьдрал руу зориглож орох эмэгтэй байдаггүй бололтой.
 
-Та мэргэжлийн спортоор хичээллэсэн энэ хугацаанд юу алдав?
 
-Би юу ч алдаагүй. Хүүхэдтэй болсон, ирээдүйд хоолоо олж идэх боловсрол эзэмшсэн, амжилтаа ч гаргаад явж байна. Хэрвээ би сураагүй, хүүхэд гаргаагүй зөвхөн спортдоо тууштай 11 жилээ зориулсан бол өдийд холимог тулааны том тэмцээнд оролцоод ялж, ялагдаад явах байсан биз. Тууштай биш байгаа учраас огцом тэсрэлт хийж чадахгүй нэг л хэвэндээ байна. Магадгүй, энэ миний алдаж байгаа орон зай юм болов уу. Гэхдээ одоо оройтоогүй. Дээр хэлсэнчлэн сургуулиа төгссөн учраас ойрын таван жилдээ холимог тулаанаар амжилт гаргахын тулд тууштай хичээллэнэ.
 
 
 
Б.Мөнхзул
Эх сурвалж: "Монголын үнэн" сонин