sonin.mn
Олон улсын жүдо бөхийн холбооноос цуврал тэмцээнээ Унгарын Будапешт хотноо болсон “Их дуулга”-аар эхлүүлэв. Япон, Солонгосыг эс тооцвол жүдо бөхийн спорт өндөр хөгжсөн ихэнх орон тамирчдынхаа бэлтгэлийг шалгахаар Будапештыг зорьжээ. Манай улсын хувьд голдуу залуу тамирчдаа илгээж, том тэмцээний утаа үнэрлүүлэв. Ираны жүдоч Саиед Моллай иргэншлээ солиод анхны медалиа Унгарын Будапешт хотод болсон “Их Дуулга”-аас хүртлээ. 
Тэрбээр “Их дуулга”, гранпри ангиллын тэмцээнээс 12 дахь медалиа зүүсэн нь энэ. Моллай, бэлтгэл сайтай, бас сэтгэл зүй өндөртэй бөх гэдгээ харуулж цар тахлын дараахь тэмцээнээс хүрэл медаль зүүв. Түүнд алтан медаль авах боломж байсан ч бага зэрэг аз дутлаа. Монголын иргэншилтэй болсноос хойш анх удаа олон улсын тавцанд манай улсын далбааг мандуулсан түүнээс суралцах зүйл залуу жүдочдод их байв. Г.Алтанбагана, Г.Наранцэцэг, О.Цэцэнцэнгэл, Г.Өнөболд, Б.Эрхэмбаяр, О.Мөнхцэцэг нараас бусад нь дэлхийн шилдгүүдтэй бараг барилдаж үзээгүй нь илт харагдлаа.
 
 
 
Манай залуу тамирчдад бяр байгаа ч туршлага алга. Тиймээс гранпри ангиллын тэмцээнүүдэд ихэвчлэн залуу тамирчдаа илгээн хал үзүүлж, халуун чулуу долоолгохгүй бол Токиогийн олимпын дараа Монголын шилдгүүдийн олонх нь спортоос хөндийрч таарна. Тэр цагт тив, дэлхийд шуугиулдаг монгол жүдочдын залгамж халаа өнөөдрийнх шиг байвал яах вэ. Тиймээс залгамж халаа бэлтгэх тал дээр одооноос анхаарч, гранпри ангиллын тэмцээнүүдэд залуучуудаа илгээж байя.
 
 
 
Тэд ялагдсан ч юм үзэг, сураг. Адаглаад жилийн дараа хангалттай туршлагажна. Дэлхийн шилдгүүдтэй барилдах аргаа олно. Өнөөдөртөө тэдний ялагдлыг зэмлэх бус урам хайрлая. Будапештын "Их дуулга’’-аас монгол иргэншилтэй Моллайгаас гадна Г.Наранцэцэг туршлагаараа хүрэл медалийн тавцанд зогссон бол Б.Эрхэмбаяр, Г.Өнөболд нар шагналт байрт шалгарсан юм. 
 
Эх сурвалж: "Монголын үнэн" сонин