Дотно танил, залуу сэтгүүлч Мөнхжаргал “Бөх бичдэг та бүхнийг чинь хуулж гаргадгийг нь судлаач, худлаа зохиодгийг нь зохиолч, сэтгүүлч гэх болжээ. Та бол хоёуланд нь багтах уу” гэж асуулаа. Сонсоход хатуу ч эмзэглэх асуулт биш л дээ. Ах нь судалгаа, шинжилгээ хийдэг нь биш. Дуулж, мэдэхээ уран сайхны аргаар боловсруулахыг оролддог нь юм даа гэвэл “Таныг бөхийн гэх болсны учрыг би мэднэ ээ.
 
 
Хэдэн бөхийн тухай тодруулмаар байна” гэж хошуу дэвсэхээр нь “Жинхэнэ судлаачийн хөдөлмөр амаргүй, ах шиг нь хийхээр юм биш билээ. Өөрийн бодлоо өндөр боловсрол, өргөн мэдлэгтэй дүүд бас өнөр олон уншигчиддаа зориулан нэг юм тэрлэхээ амлая” гэснээс хойш ногоо гандаж, цас хунгарлажээ. Бөхийн зүтгэлтэн, судлаач гэдэг бол над мэтээс арай ахадсан алдар.
 
 
Эрхбиш хамт ажилладгийн хувьд залуу судлаач Б.Цогтбаатарын хөдөлмөрийг бусдаас илүү гадарладаг юм аа. Тэрвээр хэн хүнд хэрэг тус болох хэдэн номоо өрөөндөө тухлан суугаад бичээгүйг бүр сайн мэднэ. Улсын архив, төв номын сан, холбогдох нийгэмлэг, спорт хороод, газрын бичиг баримт уйгагүй шүүрдэн байж хэвлүүлсээн. Хуучин сонин, сэтгүүлийн түйрэн тоос хамар ам өөд бургин яггүй юм билээ.
 
 
Хоёр удаа дагаж очоод сүрхий залхсан даа. Анхны ном нь 2005 онд хэвлэгдсэн Аймгийн наадмын бөхийн магнай. Тав зургаан жилийн шаргуу хөдөлмөрөө шингээсэн энэ номд зөрүүтэй зүйл бий. Эхлэн санаачилж, энэ хэрийн ном гаргасан санаачлагыг зүй ёсоор үнэлэх учиртай. Зөвхөн надтай 4, 5 хүн би аймагт үзүүрлэсэн заан, манай аав хоёр түрүүлсэн хурц арслан гэх зэргээр уулзсан.
 
 
Энэ номын хуудсыг эргүүлэн хариулт болгоод, аймгийн бөхийн холбоо, БТСГ-аар ахин нягт шүүлгэн бичиг авчраад залруулж болох юм гэнэ лээ” гэснээс хойш тэдний хэн ч эргэж уулзаагүй ээ. Гэхдээ дээрх хүмүүсийг огтхон буруутгаагүй шүү. Ардчиллын буянаар аймгийн цолоо тодруулах бүү хэл, алсын тусгалтай “пуужин” хөлөглөөд харь гаригийнхантай уулзсан, харанхуй шөнөөр эзгүй газар, ээрэм талд хаягдсанаа ярих хөгшин залуу хүмүүс байсныг мартах хугацаа өнгөрөөгүй байна.
 
 
Саяхан Б.Цогтбаатар судлаачийн “Зуун жилийн наадам" хуулбарлах бичээчтэй таарч “Номынхоо эхийг хадгалуулдаггүй залуу байх нь ээ. Эсвэл эрдэм шинжилгээний хуралд илтгэх гэж байгаа юм болов уу” гэвэл өнөөх бүсгүй хэрэгт дуртай өвгөн бол гэсэн аялгаар “Үгүй энэ чинь өөр хүний ном” гэдэг юм. Эх бэлтгэгчтэй юу ярих, эзэнд нь бол хэдэн үг хэлж тодруулмаар л санагдсанаа нуугаад яах.
 
 
“Аймгийн наадмын бөхийн магнай” ном бол бөх сонирхогчид, нийт уншигчдад гарын авлага болж ач тусаа өгсөөн. Зөрүү ташааг Дархан-Уул аймгаар жишээлье. 1992 оноос өмнө аймгуудад бөхийн холбоо гэж олон нийтийн нэр төдий алба байсаан. Улсын начин Б.Шоовдор: 1962 онд намайг Дархан хот /тэр үеийн нэр/-д түрүүлэхэд Говь-Алтайн Цэрэндолгор гэж дөрвөлжин бор цэрэг үзүүрлэсэн.
 
 
Архангайн Чагнаадорж, Чилхаа нар 4, 8-д үлдээд надад унасан. Дархан-Уул аймгийн арслан Лхагвасүрэн: Би Свердловск хотод дулааны инженер мэргэжлээр төгссөн жилээ үндэсний бөхөөр барилдахыг мэддэггүй байлаа. 1965 оны наадамд ёстой л нөгөө хөмөн гутал, хөдсөн дээлээ урж өссөн нэгэн довны дотно анд Чагнаадоржийнхоо захыг мушгиж суулаа.
 
 
Тэгтэл цэргийн хоёр дарга самосвол машинаар нэгэн цэрэг авчирч барилдуулдаг юм. Нэр Ичинхорлоо. Хүгдгэр нуруутай тэр цэрэг сүрхий овсгоотой барилдаж гурав давлаа. Дөрвийн даваанд одооны энэ сумогийн Бароторхуу булиа орос цэрэгтэй Ичинхорлоог тунаадаг юм. Гарт нь өртвөл ганцхан сэгсрүүлээд хоёр даргын бөх байлдагчийн даваа дуусна гэлцэн бат итгэн хүлээлээ.
 
 
Тэгтэл Ичинхорлоо гялбахийх зуургүй томчуулын тойрч өөртэйгээ тунаасан учраагаа шороодуулчихав. Үзүүрт илт бэргэх Чагнаадоржоо нэлээд зоригжуулаад гаргасан ч хорьж тогтоож чадаагүй. Завханы Амар гэж гэдэс нь тасамтсан, шөрмөслөг өндөр залуу дөрөвт үлдсэн дээ гэв. Энэ номд 1965 онд Чагнаадорж түрүүлсэн, 1963 онд үзүүрлэсэн мэтээр ташаарсныг ахмад бөхчүүд ийн залруулж байна.
 
 
1970 онд улсын шилдэг начин Ш.Ванчин биш з.б Б.Онх /у.н/ дөрөвт үлджээ. Наймд үлдээд Ванчин УБ хотын з.б Онхыг амлахаар ахимаг начинг наран сөрөг харуулаад зогсоож залхаасаар давахад начин “Чи бас сонин юм сэддэг хүүхэд ээ” гэж хэлээд тахимаа өгчээ. Говь-Алтай аймгийн 1966 оны үзүүр бөх Эрдэнэпүрэв /Ховд/ Чонохүү /ГА/ хэн болох эргэлзээтэй. Үерийн жил. Хөдөөгийн залуучуудын анхдугаар спартакиад.
 
 
Алтайнхан хөнгөн жингийнхнийг 5-8 кг хасуулж, эрчимтэй бэлтгэснээс 5 жинд нь 1-р, 3 жинд нь 2-р байр эзэлсэн амжилт үзүүлсэн билээ, чөлөөт бөхөд. Таван аймгийн бүсээс шалгарсан тамирчид нийслэлээ зориход +96 кг-д 1-р байр эзэлсэн а.х.а З.Сочин онгоц хөөртөл ирсэнгүй. Спартакиад 7-р сарын эхээр нийслэлд болж, Алтайн тамирчид алт 1, мөнгө 2, 10 гаруй хүрэл медаль, чөлөөтийн дасгалжуулагч Даваахүү хүрэл медаль зүүгээд VII-16 ны онгоцоор буцаж байлаа.
 
 
“Алтайн хөгжил” сонины сурвалжлагч хариуцлага алдан ЦСБ-ын 45 жилийн ойд үзүүрлэсэн Чонохүүг аймгийн наадмынх болгон эндүүрснээс зэм хүртсэн дуулдаж л байсан. 1966 онд аймагтаа гурав дахиа түрүүлсэн Сочин арслангийн барилдах эрхийг 2 жил хассан тогтоолд: 1-рт чөлөөт бөхийн улсын тэмцээн тасалсан, 2-рт үзүүр түрүүний барилдаанд а.а Эрдэнэпүрэвийг чанга хаясан гэж тэмдэглэсэн.
 
 
Тэр үед арваад настай, эдүгээ у.н Б.Пүрэв “Сочинтой үзүүрлэсэн Ховдын хэн билээ бөхийг үзэгчдийн суудал дээр хэвтүүлээд хүмүүс тойрч эмч дуудан сандарч байсан. Дархан хотод амьдардаг а.а, сэтгүүлч Д.Пүрэв: Эрдэнэпүрэв арслан ухаан орохгүй удсан байх. Шуудгийг вандаажтай нь давхар тайлан сандарцгааж байсан юм аа” гэж байна. Өвөрхангай аймгийн Баян-Өндөр сумын малчин, өндөр настан Ишдорж: Би Говь-Алтайд заан болсон.
 
 
Нэг бөхийг санахгүй байна гэдэг юм. Бэлтгэлд нэг өрөөнд байрлаж байсан байлдагч Ишдоржийг 4-т үлдээд Сочинд унан начин цолтой Гуулингийн цэргийн ангиас халагдсаныг цөөнгүй хүн мэдэх билээ. Энэ мэт ташаарсныг залруулан сүүлийн 8 жилийн наадмаар баяжуулан 2013 онд энэ номоо ахин хэвлүүлэхийг судлаач Б.Цогтбаатар дүүгээс хүсэх минь.
 
 
Бусад аймагт ч ташаа зүйл байж болох. Та хөдөлгөөнгүй баримттай зүйлээ МҮБХ-нд ирүүлбэл бөхийн түүхэнд үлдээх таны хувь нэмэр багадахгүй. Бас аймаг, сумын зөрүү байх. Жишээлбэл Завхан Говь-Алтай аймагт 3 түрүүлсэн а.а улсын алдарт уяач Г.Лааганжавыг улсын начин элбэг авах байлдагч гэж /жараад оны эхээр/ үзэгчид үнэлдэг байлаа. Гэтэл Лааганжав маань халагдангуут хөдөөшрөөд улсад олон барилдсангүй.
 
 
Завхан /Говь-Алтай/ аймгийн Хөхморьт сум гэж зарлуулан барилддаг асныг мэдэх хүмүүс бий. Говь-Алтайн Жаргалан, Завханы Алдархаан сумынх болгон эндүүрсэн байх жишээтэй. Бөхийн нэр хүнд эрс өсч, сурталчилгаа урьд хожид байгаагүйгээр хөгжсөн өнөө үед мэдэхээ залруулж үлдээвэл хожмын бөх сонирхогчид, судлаачдад мөн ч их тус болно доо. Нэг хүний үндсэн захиргааг хэдэн янзаар бичих нь мэдэхгүй хүнийг төөрөлдүүлэх гэмтэй.
 
 
Таамаглах нь ташаа болдгийн бас нэг баримт. 1956 онд Хэнтий аймагт үзүүрлэсэн Рэнчиндорж бол хуучнаар Хөхморьтын, одоогоор Баян-Уул сумынх гэж худал хэлэхгүй нөхөр маань ятган бат итгүүлдэг юм. Рэнчиндоржийг 1957 онд төрөлх Хөхморьт сумандаа барилдахад түүний наадам болно гэж ахмадууд шагширч байлаа. Овсгоотой зарим нь 128 бөхийн 1.2- ын даваанд Рэнчиндоржтой барилдахгүй гэж онооныхонд учирлан солиулж асан балчир ухаанд баттай үлджээ.
 
 
Рэнчиндоржийг 4-ийн даваанд тэр жилийн түрүү бөх Арцад унахад мөнөөх ахмадууд “Нутаггүй болсон" /хэт муудсан/ хүн юм аа гэлцэж байсан билээ. Хэнтийд 1956 онд үзүүрлэсэн Рэнчиндорж Бэрхийн уурхайн ажилчин Хөхморьтын хүн .биш, Галшар сумын бөх байв. Энэ мэтчилэн нэр ижлээс андуурагдах явдал бас бий. Чин үнэнийг хойч үед үлдээх сэтгүүлч, судлаач төдийгүй иргэн бүрийн үүрэг.
 
 
Судлаач хүн бусдын нээгээгүй мэдээгүйг зүтгэл чармайлтаар олж, үнэнийг хуулж түгээхээс өөрөөр яахсан билээ. Судлаач, тайлбарлагч Б.Цогтбаатар дүүд бөхийн сэдэвт дутуу номгүй. баялаг номын сантай. нэн ховор зураг ч олон. Сэтгүүлч Б.Ерэнтэй гээд өсч яваа судлаачдыг үгүйсгээгүй шүү. Статистик талаас Ш.Гоохүү дагнан оролдож байгааг дэмжих чухал. Аймгийн наадамд 11 түрүүлсэн аймгийн хурц арслан Б.Ичинхорлоогоос ярилцлага авахад “Би Дарханд нэг түрүүлсэн” гэснийг танхимын барилдааных гэж ойлгон дутуу орхисондоо хожим харамслаа гээд яах.
 
 
Ш.Мягмар
 
Эх сурвалж: “Бөх”