sonin.mn

 

Өвлийн цас мөс цайлалзсан жихүүн өдөр нүдэнд нь аархал бахархал гэрэлтэж, авах мөрий бай шагналаа сэтгэлдээ төсөөлсөн эрчүүд энд тэнд хэсэг бөөнөөрөө цуглаж түрүүлэх, айрагдах морины тухай цэц булаалдана.
 
 
Тэдний гарт хэдэн зуун саяар үнэлэгдэх алтан нуухтай данх шиг Хөөрөг эргэлдэж, амнаас нь харь орны үнэтэй сархдын үнэр нилхийн үнэртэнэ. Эдний дунд олны танил болоогүй шаавай банди нэг ч үгүй, цөм л дарга сайд, саятан эрхмүүд аж.
 
 
Эрхэмсэг хатагтай нар нь байшин шиг данхар жийпэнд өмнө зүгийн тансаг торго, өрнө зүгийн үнэтэй гоёлоо солонгоруулан намжирдаж сууна. Морьдын хамраас савсах уур Улаанбаатарын утаа шиг суунаглан харанхуйлж, нуруун дээр нь домбо шиг жаалхан жаалууд болжмор шиг бээвийн, бээрсэн гараараа хөлдүү суран жолоог арай чүү барьж бөөвийлдөнө.
 
 
Тэднийг машинтай эрхмүүд шахан хөөж гарааны зурхай хүргэхэд морьд эргэлээ. Түмэн агтын туурай нижигнэн хутга шиг хурц ирмэгтэй чулуу мөсний хэлтэрхий үүгээр түүгээр сум шиг исгэрнэ.Чухамдаа Чингисийн их цэргийн морин дайралт юмуу гэлтэй санагдана.
 
 
Хөөрхий унаач хүүхдүүд үүнийг үл тоон гагцхүү хурдан морины эзэн ахын ууртай, баяртай царай, гэрт үлдсэн ходоод хоосон дүү нар, хүүгээ эсэн мэнд ирж амьдралд хэдэн төгрөг нэмэрлэх болуу? гэж горьдсон ээжийн өрөвдөм дүр нүдэнд нь эрээлжлэн, мөс цас холилдсон хөлдүү газар нижигнэх олон морьдын төвөргөөнд дөжрөн арай ядан амь тээж хурдална. Морьд давхисаар амины үнэтэй өрсөлдөөн үргэлжилсээр...
 
Ай тэнгэр...
 
Ээжийн элэг махны тасархай, аавын амин эрдэнэ энэ ертөнцийн нэгэн амь хүлгийн нуруунаас эрдэм ном хураах дээд тэргүүнээрээ энэрэл үгүй хорвоогийн хөлдүү газар хатуу жамыг мөргөн уналаа.
 
 
Морьдын туурай нүүрэн дээр нь гялалзаж, авах мөрий хор шарандаа буцалсан хэн нь ч түүнийг анзаарсангүй. хүүгийн амь амьсгаа давчдан ахаа над гоё чихэр авчраарай гээд хоцорсон сөөсгөр дүүгий нь царай бүрэлзэн холдсоор...
 
 
Аяа бурхан минь ижий нь хүүгээ тэврэн сууж байна. Хүүгийн нь ам хэдэнтээ ангалзаж урсах улаан цус нь чандган цагаан цасан дээр толбо татуулан ягаарна. Хүү сүүлийн амьсгалаа татлаа. Ай юутай их аймшиг харуусал вэ?
 
 
Хөөрхий ижий үр минь чамайгаа би арван cap тээж, ангир уургаа шимүүлэн нартай өдөр нарнаас хамгаалж, сартай шөнө сүүдрээс чинь харамлаж өсгөсөн биш үү. Чи минь юунд ижийгээ орхивоо хэмээн цурхиран уйлж сэтгэлдээ хашгирна.
 
 
Алтан дэлхийд хоног хоногоор өндийх цэцэг шиг эмзэгхэн хүний нялх үр, алсдаа хил манах нэгэн эр хүн цаг бусаар та биднээс хагацлаа. Энэ хагацал эхнийх нь ч биш эцсийнх нь ч бас биш. 2 он өнгөрч 20 амь нисэн оджээ. Энэ тоо цаашид хэд хүрэхийг бурхан ч үл мэднэ.
 
 
Үүнээс гадна гэмтэж бэртсэн хүүхдийн өвчиндөө шаналсан нулимстай нүд намайг ээрүүлдэж өчүүхэн миний ядруухан зүрх тасалдаж эхэлсэн тул цааш нь бичих чадал хүрсэнгүй. Ижий тэнгэрүүд минь эгэл олон минь энэхүү зэрлэг цэнгэлийг зогсоож хайрла!.
 
 
Түмний буянд эрх мэдэл элбэг хангалуун амьдралд хүрсэн дээдэс минь хүүхдийн амиар бүү наад! Энэ үгийг үрээсээ хагацаж элгээ эгшээсэн ээжийн нулимсаар зөөллөж хэлье. Сонсогтун! Уралдааны замд амь үрэгдсэн бүх хүүхдэд зориулав.
 
Зуд
 
Хөх монголын удам залгаж бидэндээ заяасан 
 
Хөөрхий бяцхан үрс минь яагаад эрсдчихэв 
 
Хөрст эх дэлхий та тэднийг элгэндээ багтааж 
 
Хөл дээр нь тэнцүүлэн даасангүй гэж үү 
 
Алтан нар дэлхийд цацран гэрэлтэж мандахыг 
 
Аравхан жил харж чадаагүй хүний жаалхан үрс 
 
Алаг буурал хорвоод гуниг харуусал үлдээж 
 
Амттайхан чихрээ орхиод явчихлаа шүү дээ төр минь
 
Түмний төлөө бурхад минь авралын мэлмийгээ нээгээч
 
Түмэн нүдэт төр минь дусал нулимс унагаач 
 
Хил манах ёстой ирээдүйн монгол эр хүн 
 
Хэц дэрлэж биш шороо атгаад хальчихлаа. 
 
Хэн нэгний үрийн охин заяаг төөрүүлж 
 
Хэзээ ч ирэхгүй аянд ижийгээ уйлуулаад мордчихлоо
 
Амины үнэтэй цэнгэл гэж байдаг юмуу бурхан минь
 
Алив нэг дугараад өгөөч төр минь 
 
Гэрийн тань хойморт нар болсон үртэй чинь адил
 
Гэгээн томоогүй амьтан жаргал үзэлгүй нисчихлээ
 
Сүсэг бишрэл гэж байдаг бол ижий нар минь
 
Сэтгэлийн ганц зул өргөөч. Ум мааний бадми хум.
 
 
Итгэлийн утас: 361810 И-мэйл: sandaq.chuka@vahoo.com Монголын Хүүхдийн Язгуур Эрхийг Хамгаалах холбооны ерөнхийлөгч, Монголын Чөлөөт Зохиолчдын холбооны шагналт, Мөнгөн цомын эзэн, яруу найрагч, сайн үйлст овогт Сандагийн Чулуунбаатар