
СӨҮЛ, 2025 оны тавдугаар сарын 15 /BBC/. Өнгөрсөн оны 12 дугаар сард “Jeju Air” компанийн онгоцны ослоор амиа алдсан хүмүүсийн ар гэрийнхэн Өмнөд Солонгосын Тээврийн сайд, тус компанийн гүйцэтгэх захирал зэрэг 15 хүнд мэргэжлийн хариуцлага алдсан гэх үндэслэлээр шүүхэд гомдол мэдүүлжээ.
Онгоцонд сууж явсан 181 хүний 179 нь амиа алдсан ослыг илүү нарийн нягт мөрдөн шалгахыг хохирогчдын төрөл садан болох 72 хүн шаардаж байна. Уг осол нь Өмнөд Солонгосын нутаг дэвсгэрт хамгийн олон хүний амийг авч одсон онгоцны осол болсон юм.
Энэ бол “энгийн осол биш”, харин “урьдчилан сэргийлэх боломжтой эрсдэлүүдийг зохицуулахад хайхрамжгүй хандсанаас үүдэлтэй томоохон гамшиг” гэж тэд үзэж байна. Осол гарснаас хойш таван сар орчмын хугацаа өнгөрөөд байгаа боловч хууль сахиулагчид онгоц Муан олон улсын нисэх онгоцны буудалд осолдож, улмаар шатаж сүйрсэн шалтгааныг тогтоохоор ажилласаар байна.
Энэхүү гомдлыг гаргахаас өмнө цагдаагийн ажилтнууд эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж, “Jeju Air” компанийн гүйцэтгэх захирал Ким И Бэгт хилийн хориг тавьсан боловч одоогоор энэ хэрэгтэй холбоотойгоор хэн нэгэнд ял зэм ногдуулаагүй байна.
Хохирогчдын төрөл садны нэг болох Ким Да Хэ мөрдөн байцаалтад ахиц гарахгүй байгааг буруушаажээ. Гомдолд нэр дурдагдсан 15 хүний дотор төрийн албан хаагчид, агаарын тээврийн компанийн ажилтнууд, барилга угсралт, хяналт, байгууламжийн менежмент, шувууны хяналт зэргийг хариуцдаг нисэх онгоцны буудлын ажилтнууд байгаа аж.
“Boeing 737-800” онгоц 12 дугаар сарын 29-ний өглөө Тайландын нийслэл Бангкокоос Өмнөд Солонгосын Муан хот руу нисэж байсан юм. Нисгэгчид Муан олон улсын нисэх онгоцны буудалтай холбогдон шувуу мөргөсөн талаар мэдээлж, ослын дохио өгснөөс таван минутын дараа осолджээ.
Онгоцны хоёр хөдөлгүүрээс шувууны өд олдсон гэж мөрдөгчид энэ оны эхээр мэдэгдсэн боловч шувуутай мөргөлдсөн нь осол гарахад хэр хэмжээнд нөлөөлсөн талаар дүгнэлтийг хийгээгүй байна.
Э.Хулан
Эх сурвалж: "Монцамэ" агентлаг
Сэтгэгдэл1
Саяхан л энэ онгоц сүйрсэн мэдээ гарч байсан одоо таван сар өнгөрсөн байна. Цаг хугацаа маш хурдан өнгөрч байна.