sonin.mn

ЭР-РИЯД, 2025 оны тавдугаар сарын 15 /Reuters/. Сирийн засгийн газрын эсрэг авсан бүх хориг арга хэмжээг цуцална гэж мэдэгдсэнийхээ дараа АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп тус улсын Ерөнхийлөгч Ахмед аш-Шараатай Саудын Арабад уулзаж, түүнд Израилтай харилцаагаа хэвийн болгохыг уриалжээ. 


Арав гаруй жилийн турш үргэлжилсэн иргэний дайны дараа улс орноо сэргээн босгохыг эрмэлзэж буй Сирийн эсрэг тавьсан хоригуудыг цуцална гэж Д.Трамп өмнө нь мэдэгдсэн юм. 


Лхагва гарагт тэрбээр Вашингтоны зүгээс террорист байгууллага гэж үздэг бүлэглэлээс засгийн эрхэнд гарсан түр Ерөнхийлөгч А.Шараатай уулзжээ. Д.Трамп сэтгүүлчдэд хэлэхдээ, 2020 онд АНУ-ын зуучлалаар байгуулсан Абрахамын хэлэлцээрт нэгдэх хүсэлтэй байгаагаа А.Шараа илэрхийлсэн гэлээ. Уг хэлэлцээрийн хүрээнд АНЭУ, Бахрейн, Марокко улсууд Израилтай харилцаагаа хэвийн болгосон юм. Сирийн эрх баригчдын хувьд, тохиромжтой нөхцөл байдал бүрдсэн тохиолдолд харилцаагаа хэвийн болгоход нээлттэй байгаагаа илэрхийлжээ. 


“Бүх асуудал цэгцэрсний дараа та бүхнийг хэлэлцээрт нэгдэнэ гэдэгт найдаж байна” гэж би түүнд хэлсэн. Тэрбээр “тийм” гэж хариулсан. Гэхдээ тэдэнд хийх ажил их бий” гэж Д.Трамп хэлснийг Цагаан ордон уламжилсан байна.


Хоёр улсын төрийн тэргүүн нар Саудын Арабын угсаа залгамжлах хунтайж Мухаммед бин Салманы дэргэд гар барьж байгаа нь Саудын Арабын төрийн мэдлийн телевизийн нийтэлсэн гэрэл зургуудаас харагдана. Уулзалтын дараа АНУ-ын Ерөнхийлөгч Катарыг зорьж, АНУ-ын нисэх онгоц үйлдвэрлэгч “Boeing” компаниас тийрэлтэт онгоц худалдаж авах гэрээнд гарын үсэг зурах ёслолд оролцжээ. Харин Катараас АНУ-ын төрийн тэргүүний онгоц болгохоор “Boeing”-ийн онгоц бэлэглэх тухай маргаан дагуулсан саналын талаар тэрбээр дурдаагүй байна. АНУ-д өгсөн хамгийн үнэ цэнтэй бэлгүүдийн нэг болох энэ онгоц нь Вашингтонд аюулгүй байдал, ёс суртахуунтай холбоотой маргааныг үүсгэжээ.



Э.Хулан

Эх сурвалж: "Монцамэ" агентлаг