sonin.mn

БЭЭЖИН, 2025 оны тавдугаар сарын 15 /NHK/. Колумбийн Ерөнхийлөгч Густаво Петро, ​​БНХАУ-ын дарга Ши Жиньпин нар лхагва гарагт Бээжин хотноо хэлэлцээ хийжээ. Энэ үеэр Латин Америкийн тус улсыг Хятадын “Бүс ба Зам” санаачилгад нэгтгэх хамтын ажиллагааны баримт бичигт гарын үсэг зурсан байна. 


Г.Петро Хятад, Латин Америк, Карибын тэнгисийн орнуудын хоорондын эдийн засгийн хамтын ажиллагаа болон бусад асуудлыг хэлэлцэх бага хуралд оролцохоор Хятадын нийслэлд хүрэлцэн ирээд байгаа юм. 


Хятадын Гадаад хэргийн яамны мэдээлснээр, хоёр орон Колумбийн оролцоог хоёр талын хамтын ажиллагааг ахиулах боломж болгон ашиглах ёстой гэж Ши Жиньпин Г.Петрод хэлсэн байна. Колумби улс хамгийн том экспортлогч болох АНУ-тай харилцах харилцаагаа нэн тэргүүнд тавьж, эдийн засгийн томоохон бүс байгуулах зорилготой Хятадын санаачилгаас зайлсхийсээр иржээ.


Гэсэн хэдий ч Колумби шинэ алхмын ач холбогдлыг онцолж, Хятад руу хийх экспортоо нэмэгдүүлэх нь Латин Америкийн орны эдийн засгийн өсөлтөд тус дөхөм болно гэж мэдэгдсэн байна.


Латин Америк түүхэндээ АНУ-ын хүчтэй нөлөөн дор байсаар ирсэн бол Хятад улс сүүлийн жилүүдэд тус бүс нутагт нөлөөгөө нэмэгдүүлэх болжээ. “Бүс ба Зам” санаачилгад Латин Америкийн 20 гаруй улс нэгдээд байна. Харин энэ оны нэгдүгээр сард АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп албан тушаалдаа орсны дараа Панам улс уг санаачилгаас гарч байгаагаа мэдэгджээ.




Э.Хулан

Эх сурвалж: "Монцамэ" агентлаг