sonin.mn

“Монголын бартаат замын авто спортын холбоо”-ны мэргэжлийн ангиллын тамирчин, жолооны дадлагын багш, бэлтгэл сургагч ахлагч Х.Ширмэнхоовонгийн санаачилгаар “COMMANDER 89” авто клуб үүсгэн байгуулагдлаа. 


Бэлтгэл сургагч ахлагч Х.Ширмэнхоовон ажил, амьдралаа холбосон Зэвсэгт хүчний 089 дүгээр ангийн бие бүрэлдэхүүний авто техникийн мэдлэг, дадлага, чадварыг дээшлүүлэх, байгалийн үзэсгэлэнт болон түүх, дурсгалын газруудаар аялж танин мэдэх, эх оронч үзэл, хамт олонч уур амьсгалыг төлөвшүүлэх, залуу хойч үед зөв жолоодлого, авто соёлыг өвлүүлэн сургах зорилгоор байгуулсан тус клуб салбартаа анхдагч гэдгээрээ онцлог юм.


Хол зам, бартаа саадыг ажралгүй давж, төрийн ажил, албан томилолтыг тогтсон цагт нь явуулахад төмөр хүлгийнхээ жолоог мушгиж, зорчигч таны тав тухыг хангасаар ирсэн цэргийн жолооч нар маань энэ цаг үеэс Зэвсэгт хүчний анхны авто клубийн шинэ хуудсыг эргүүлж эхлэх нь.


Х.Ширмэнхоовон бол “Монголын бартаат замын авто спортын холбоо”-ны мэргэжлийн тамирчин. Олон ч уралдаан тэмцээнд оролцож, өөрийн сонирхол хоббигоороо Зэвсэгт хүчин, цэргийн албаа сурталчилсаар ирсэн тэрээр энэ удаад зүгээр ч нэг клуб байгуулсангүй мөрдэс нэгтнүүддээ нөлөөлөл үзүүлэхээр хэдэн жилийн өмнөөс л бодож явснаа ийн ажил хэрэг болгожээ. Үнэхээр нүдээ олсон ажил заавал олон нийтэд сурталчлахгүйгээр урсгалаараа хүн бүрийн чихэнд хүрч, ач холбогдол нь өссөөр байдаг. “COMMANDER 89” клубийн цар хүрээ хэдхэн хоногийн өмнө зөвхөн автын ангийн бие бүрэлдэхүүнээр хэмжигддэг байсан бол одоо утас цохих хүн олон болжээ. БХЯ, ЗХЖШ, харьяа байгууллага, нэгтгэл, ангиудаас тус клубт элсэх сонирхолтойгоо илэрхийлэх хүн өдрөөс өдөрт нэмэгдсээр л байна. Утас цохисон хүн бүр амар мэндийг нь мэдсэний ард клуб нээсэнд баяр хүргэж, догдолсон сэтгэлээ ил гаргах нь тэдэнд яг л энэ хэрэгтэй гэсэн дутуу орон зайг нь Х.Ширмэнхоовон олоод харчихсан гэмээр.  


Тэднийг дарга, цэрэг гэж ялгалгүй хүлээж авсаар байгаа бөгөөд нэгэнт клубт элссэн хойно бүгд тэгш эрхтэй, нэг гараанаас эхлэх юм. Тус клубт элсэхэд ямар нэгэн шаардлага тавихгүй. Танд уралдааны зэрэглэлийн машин ч хэрэггүй. Ер нь машингүй хүн ч элсэж болох ажээ.


Тэр ч утгаараа клубийн зүгээс заавал машинтай үйл ажиллагаа зохион байгуулах албагүй. Ууланд алхаж, экологид ээлтэй эсвэл нийгмийн эмзэг бүлэг, зорилтот хэсэг рүү чиглэсэн сайн үйлсийн аяныг ч өрнүүлэх, цусаа тогтмол хандивлах зэргийг төлөвлөж байна. Гэхдээ бүгд Зэвсэгт хүчин гэдэг малгайн дор нийгэмд албаныхаа нэр хүндийг өсгөхөө тэд мартаагүй. Бусад авто клуб санхүүгийн чадамждаа тулгуурлаж оршин тогтнодог. Тиймээс туулах чадвар сайтай төмөр хүлгүүдээр багаа бүрдүүлдэг бол “Commander 89” гишүүдийнхээ хэрэгцээнд тулгуурлаж үйл ажиллагаагаа явуулахаар төлөвлөсөн. Энэ нь тус клубийн ажиллах зарчим. Гишүүд приус машинтай бол түүнд нь тааруулан, замаа сонгож аяллаа төлөвлөхийг л хэлээд байгаа юм. 


Тэр сайн, энэ муу машинтай гэдэг ялгаа, зиндаархал гаргахгүй байж хамт олны нийтэч уур амьсгалыг бүрдүүлэх, аливаа аялал, эвентийг бүгдийн оролцоог хангаж, хүртээмжтэй байдлаар зохион байгуулдаг клуб болж төлөвшин, үүнийгээ нийтлэг үнэт зүйл, зарчмаараа тунхаглахаар зорьж байгаа гэдгийг үүсгэн байгуулагч Х.Ширмэнхоовон онцолж байлаа. Цаашлаад бартаат замын аялал, экстрем чиглэлийн арга хэмжээ, авто спорт, жолоодлогын ур чадварыг хөгжүүлэхэд чиглэсэн үйл ажиллагаа зохион байгуулах, нөгөө талаар үүнд оролцох машин техникийг хэрхэн бэлдэх, юунд анхаарах зэргээр юм бүхний ард залуус нэг шинэ зүйл сурч мэдчихсэн байвал манай клубийн дархлаа сайн тогтоно гэдгийг хэлж байлаа. 


Саяхан тус клуб 6 нэгж техник, 25 хүний бүрэлдэхүүнтэйгээр Улаанбаатар-Налайх-Тэрэлж-Гүнжийн сүм чиглэлд нийт 200 км авто аяллыг зохион байгуулжээ.


Х.Ширмэнхоовонд анзаарагдсан зүйл гэвэл машинд хайртай, түүнийгээ эгээ л амьд мэт арчилж торддог залуус Зэвсэгт хүчинд өдий төдий байгаа нь клубийн ирээдүйд гэрэл нэмэх нь гэдэг итгэл төрүүлжээ. Бас төсвийн байгууллагын ажилчид гээд л хямдхан машин хэрэглэнэ гэдэг ойлголт ард хоцорсон, юу сайхан дур сайхан. Хүсэл сонирхол, чин сэтгэл гэдэг зүйл мөнгөөр хэмжигдэхгүйгээр чанарыг авчирдаг аж. Монголд маш хурдацтай хөгжиж байгаа спорт бол авто спортын төрөл юм. Тэр дундаа бартаат замын уралдаан нь мэргэжлийн түвшинд хүрсэн. Тамирчдын хэрэглэл, машинаа тоноглосон байдал, гадаад орчноос авч байгаа мэдээллээс тодорхой харагддаг. Америкт ийм төрлийн спорт нэлээд сайн хөгжсөн. Яг тэр арга туршлагыг манай тамирчид импортлоод өөрсдийн гэсэн “жор” маягийн зүйл гаргаад эхэлчихсэн.


Хамгийн их сэтгэл хөдөлгөдөг зүйл нь бид үндсэн ажлынхаа хажуугаар авто спортыг хөгжүүлээд явдаг бол бусад орны тамирчид зөвхөн үүгээрээ дагнаж амьдралаа залгуулдаг. Тиймээс клубийн гишүүдээ бартаат замын спортод хөл тавихад нь тусална, жим гаргана гэдэг ойрын зорилго ч Х.Ширмэнхоовонд буй. 


Түүнтэй хэдэн жилийн өмнө уулзаж ярилцахад амралтын өдөр ангийнхаа хашаанд машиныхаа хамрыг сөхчихсөн, техниктэй ноцолдож буй дүр зурагтай угтсан. Ажлаа ч цалгардуулалгүй амттай яриа өрнүүлсэн тэрээр цэргийн жолооч нарынхаа бүтэн үеийг төлөөлөх хэмжээнд тууштай хөдөлмөрлөсөн гэдгийг үг, үйл хөдлөл нь хэлсээр л байсан сан.  Тиймдээ ч өнөөдөр цэргийн тэтгэвэртээ гарсан ч ажил мэргэжлийн хувьд бууриа сэлгэлгүй ангиа түшсээр бас тулсаар л явна.



Ахмад Ц.ЭНХ-ОРГИЛ

Эх сурвалж: "Соёмбо" сонин