ВАШИНГТОН, 2026 оны дөрөвдүгээр сарын 2 /DW/. АНУ-ын Агаарын нислэг, сансрын уудмыг шинжлэн судлах үндэсний төв буюу НАСА агентлаг дөрвөн сансрын нисэгчийн бүрэлдэхүүнтэй “Orion” сансрын хөлгийг амжилттай хөөргөснөөр Сар луу жолоодлогот хөлөг илгээх “Artemis II” хөтөлбөрөө амжилттай эхлүүллээ.
Уг хөлгийг лхагва гарагт АНУ-ын Зүүн эргийн цагаар 18:35 цагт Флорида муж улсын Канавералын хошуун дахь Кеннедигийн нэрэмжит Сансрын төвөөс “Space Launch System” (SLS) зөөгч пуужингаар хөөргөсөн байна.
Мөн өдөр НАСА мэдээлэхдээ, дэлхий дээрх хамгийн том зөөгч пуужин болох "SLS"-ийг 5 цагийн турш 2.65 сая литр криоген түлшээр цэнэглэсэн ба цэнэглэсний дараах жин нь 2.6 мянга орчим тонн болсон гэжээ. Хөөргөснөөс хойш “Orion” хөлөг ойролцоогоор 8 минутын дараа сансарт гарчээ. Харин дэлхийн тойрог зам руу ороход дахин нэг цаг орчим хугацаа шаардагдана. Дараагийн 24 цагт хөлгийн багийн гишүүд амьдралыг тэтгэх бүх системийн ажиллагааг шалгах юм. Гурав дахь өдөр хөлөг манай гаргийн дагуул руу чиглэсэн замд орох маневр хийнэ. Харин тав дахь өдөр “Orion” Дэлхийн татах хүчний бүсээс гарч, Сарны татах хүчний бүсэд нэвтрэх ажээ.

НАСА дахин нэг туршилтын нислэг үйлдсэнийхээ дараа 2028 онд сансрын нисэгчдийг Сарны гадаргуу дээр буулгахаар төлөвлөж байна. “Orion” хөлгийн багийн бүрэлдэхүүнд Рид Уайзман, Жерими Хансен, Кристина Кох болон Виктор Гловер нар багтжээ. Гловер бол Сарыг судлах хөтөлбөрт оролцож буй анхны африк гаралтай америк хүн, харин Кох нь уг хөтөлбөрийн анхны эмэгтэй сансрын нисэгч болж байна.
Тэд 10 хоногийн хугацаанд Сарыг тойрон нисээд эх Дэлхийдээ эргэн ирэх юм. Энэхүү нислэг нь сүүлийн 50 гаруй жилийн хугацаанд жолоодлогот хөлөг Сар луу хамгийн ойртсон анхны нислэг болно.
“Orion” хөлгийг энэ оны гуравдугаар сард хөөргөхөөр төлөвлөж байсан боловч тодорхойгүй хугацаагаар хойшлуулсан тухай НАСА агентлагийн хэвлэлийн алба хоёрдугаар сарын 21-нд мэдээлсэн юм. Уг хөлгийг дэлхий орчмын тойрог замд гаргах ёстой SLS зөөгч пуужингийн хөдөлгүүрийн гели дамжуулах сувагт гэмтэл гарч, техникийн доголдол гарсныг инженерүүд илрүүлсэн байна. “Orion” хөлгийг хөөргөснөөр АНУ-ын Сарыг судлах шинэ хөтөлбөрийн түүхэн дэх хоёр дахь үе шат эхэллээ. Сар луу нисэх “Artemis II” хөтөлбөрийг боловсруулснаа НАСА 2019 онд зарлажээ.
Хөтөлбөрийн зорилго нь Сар луу байнга нисэх боломжийг нээх, цаашдаа Ангараг гараг руу нислэг үйлдэхэд зориулсан дамжин өнгөрөх баазыг Саран дээр байгуулах явдал юм.
2022 оны 12 дугаар сард уг хөтөлбөрийн эхний үе шат болох “Artemis I”-ийн хүрээнд “Orion” сансрын хөлөг Сарны тойрог замд хэдэн долоо хоногийн турш автомат горимд ниссэний дараа Дэлхийд буцаж иржээ. “Artemis III” үе шатанд сүүлийн 50 гаруй жилийн хугацаанд анх удаагаа сансрын нисгэгчид Сарны гадаргуу дээр буух юм.
Д.Жаргал
Эх сурвалж: "Монцамэ" агентлаг
Баасан - 04 сарын 03,
2026
Сэтгэгдэл2
хүн төрлөхтөн одоо л саранд дөхөж очно... 1965 онд САРАНД БУУСАН ГЭДЭГ БОЛ ХУДЛАА юм шүү
Hansen from Canada gedgiig bicheegui bna.