БРЮССЕЛЬ, 2026 оны тавдугаар сарын 9 /Kazinform/. Европын Холбооны гишүүн орнууд АНУ-тай байгуулах худалдааны хэлэлцээрийн талаар нэгдсэн байр сууринд хүрч чадсангүй.
Европын парламент, Европын зөвлөл болон Европын комиссын төлөөлөгчдийн уулзалт тавдугаар сарын 6-ны орой болсон боловч тодорхой үр дүнд хүрэлгүй өндөрлөжээ.
Төлөөлөгчид 2025 оны долоодугаар сард АНУ-тай байгуулсан худалдааны хэлэлцээрт оруулах нэмэлт өөрчлөлтүүдийг хэлэлцсэн байна. Уг хэлэлцээрт АНУ руу нийлүүлж буй Европын бараа бүтээгдэхүүнд 15 хувийн татвар ногдуулахаар тусгасан байжээ. АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп Европын Холбоонд 30 хувийн тариф ногдуулна хэмээн сүрдүүлсэн боловч өнгөрсөн онд хийсэн яриа хэлэлцээний явцад энэхүү хэмжээг бууруулж чадсан юм. Үүний хариуд Европын Холбоо Америкийн бараа бүтээгдэхүүнд тэг татвар ногдуулах үүрэг хүлээсэн байна.
Түүнчлэн, хэлэлцээрт ЕХ АНУ-аас 750 тэрбум ам.долларын эрчим хүчний эх үүсвэрүүд худалдан авч, Америкийн эдийн засагт 600 тэрбум ам.долларын хөрөнгө оруулах талаар тусгасан байна.
Хэлэлцээрийг батлах үйл явц удааширч буйтай холбоотойгоор АНУ-ын Ерөнхийлөгч энэ оны тавдугаар сарын 1-нд Европын Холбооноос импортлох автомашин болон ачааны автомашинд ногдуулах тарифыг 25 хувь болгон нэмэгдүүлнэ гэж мэдэгдсэн байна. Трампын хэлснээр, Европын Холбоо худалдааны хэлэлцээрийн заалтуудыг биелүүлээгүй аж.
Д.Жаргал
Эх сурвалж: "Монцамэ" агентлаг
Баасан - 05 сарын 08,
2026
Сэтгэгдэл0