ВАТИКАН, 2026 оны тавдугаар сарын 8 /Reuters/. Пап Лео, АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Марко Рубио нар пүрэв гарагт уулзах үеэрээ Ватикан, Вашингтоны харилцааг сайжруулахын тулд хамтран ажиллахаа мэдэгджээ. АНУ-ын Ерөнхийлөгч Д.Трамп Пап Леог удаа дараа шүүмжлээд буй үед М.Рубио Ватиканд айлчиллаа.
Уулзалтын дараа Ватиканаас гаргасан мэдэгдэлд дурдсанаар, Пап Лео, Марко Рубио нар “хоёр талын сайн харилцааг бэхжүүлэх хамтын амлалтаа шинэчиллээ” гэжээ. Ромын тэргүүн хамба сүүлийн нэг орчим жилийн хугацаанд АНУ-ын засаг захиргааны өндөр албан тушаалтантай анх удаа уулзсан нь энэ юм.
Америк гаралтай анхны Пап лам болох Лео Ираны эсрэг явуулж буй ажиллагаа болон Трампын засаг захиргааны цагаачдын талаар баримталж буй хатуу бодлогыг эрс шүүмжилсэн тул Д.Трампын бухимдлыг төрүүлээд байгаа юм. Трамп сүүлийн долоо хоногуудад Папыг чиглэсэн дайралтуудыг хийсээр байгаа бөгөөд энэ нь улс төрийн бүхий л хүрээний Христэд итгэгч удирдагчдын эгдүүцлийг хүргээд байгаа юм. М.Рубио Пап Леотой уулзсан нь Ватикан, АНУ-ын хооронд "бат бөх" харилцаа байгаагийн илрэл гэж Төрийн департаментын хэвлэлийн төлөөлөгч Томми Пиготт мэдэгджээ.
Харин Ватиканы мэдэгдэлд дурдсанаар, талууд олон улсын нөхцөл байдлын талаар "санал солилцож", "энх тайвны төлөө тууштай ажиллах шаардлагатай байгаа" талаар ярилцсан гэжээ.
Д.Трамп өнгөрсөн даваа гарагт Пап Леог шүүмжлэхдээ, түүнийг "Иран улс цөмийн зэвсэгтэй болохыг зөв гэж үздэг", мөн дайныг эсэргүүцсэнээрээ "олон католик шашинтныг аюулд оруулж байна" хэмээн үндэслэлгүйгээр буруутгажээ. Пап Лео өөрийг нь шүүмжилсний дараа сэтгүүлчдэд хэлэхдээ, Христийн шашны энх тайвны үзэл санааг түгээж байгаа гэдгээ мэдэгдсэн байна.
Г.Энх-Од
Эх сурвалж: "Монцамэ" агентлаг
Баасан - 05 сарын 08,
2026
Сэтгэгдэл0