Монголын улс төрд сүүлийн үед бодлого, шийдлээс илүү гомдол, тунирхал, талцал давамгайлах болов. Хэн хэндээ гомдсон, хэнээс уучлалт нэхсэн, хэнийг огцруулах гэсэн тухай маргаан төрийн ажлын гол сэдэв мэт үргэлжилж байна. Энэ дундаас Д.Амарбаясгалан, Л.Оюун-Эрдэнэ гэсэн саяхан л хамгийн өндөр эрх мэдэлтэй явсан хоёр нөхөр гэнэт л сарнаас буусан юм шиг байн байн Монголд өөрчлөлт шинэчлэлт хэрэгтэй болжээ, Үндсэн хуулийн хямралыг засах ёстой ч гэх шиг гоншигнох болов.Д.Амарбаясгалан, Л.Оюун-Эрдэнэ нар ийн эрх мэдэл үзээгүй, төрийн бодлогод нөлөөлөх боломж олдоогүй хүмүүс мэт аашилж байгаа нь нэн гайхалтай.
Учир нь энэ хоёрт эрх мэдэл байсан.Бүр хангалттай их эрх мэдэл байсан.
Л.Оюун-Эрдэнэ Монгол Улсын Ерөнхий сайдаар 1990 оноос хойшхи нэн шинэ түүхэнд хамгийн олон жил ажилласан нэгэн. Д.Амарбаясгалан найман жил МАН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга байсан төдийгүй Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга,УИХ-ын даргаар ажиллаж байв. Тэдний улс төрийн хүч парламентад үнэмлэхүй олонх байлаа. Засгийн газар нь тэдний удирдсан намынх, парламентын удирдлага нь мөн л тэдний удирдсан намынх байв.Тэр бүү хэл Үндсэн хуульд өөрчлөлт оруулах хэмжээний парламентын олонх тэдэнд байсан. Тэд тэр боломжоо ч ашигласан.2022 онд Үндсэн хуульд өөрчлөлт оруулж, Засгийн газрын гишүүд УИХ-ын гишүүний албыг хавсран хашихад тавьсан хязгаарлалтыг өөрчилсөн. 2023 онд дахин Үндсэн хуульд өөрчлөлт оруулж, УИХ-ын гишүүдийн тоог 76-аас 126 болгон нэмэгдүүлж, сонгуулийн холимог тогтолцоог Үндсэн хуульд тусгасан.Өөрөөр хэлбэл, Монголын улс төрийн тогтолцоонд томоохон өөрчлөлт хийх боломж тэдэнд байгаагүй биш, байсан. Бүр Үндсэн хуулийн түвшинд өөрчлөлт хийх улс төрийн хүч дээрх хоёр нөхөрт байсан.Тийм байтал бүхий л боломжоо ашиглалгүй хий хоосон өнгөрөөсөн тэд өнөөдөр гэнэт л “улс төрийн эрс шинэчлэл” хэрэгтэй, “парламентын засаглалаа бэхжүүлэх” шаардлагатай, Ерөнхийлөгчийн институт болон парламентын эрх мэдлийн харьцааг эргэн харах ёстой гэх агуулгатай яриа ярьж буй нь дэндүү харамсмаар.Яагаад эрх мэдэл өөрсдийн тань гарт байх үедээ үүнийгээ хийсэнгүй вэ?Хэрэв Ерөнхийлөгчийн институтын эрх мэдэл парламентын засаглалын зарчимтай зохистой тэнцвэржээгүй гэж үзэж байгаа юм бол үүнийгээ Үндсэн хуульд өөрчлөлт оруулж байхдаа яагаад шийдээгүй вэ?
Хэрэв парламентын засаглалыг илүү бэхжүүлэх шаардлагатай байсан юм бол УИХ-ын гишүүдийн тоог 126 болгож, сонгуулийн тогтолцоог өөрчилж байхдаа яагаад өнөөдөр ярьж буй шинэчлэлээ бүрэн хийсэнгүй вэ?
Хэрэв Монголын улс төрийн тогтолцоонд үнэхээр “эрс шинэчлэл” шаардлагатай байсан юм бол Ерөнхий сайд, УИХ-ын дарга, эрх баригч намын удирдлага зэрэг хамгийн өндөр албан тушаалуудыг хашиж байхдаа яагаад тэр шинэчлэлээ эхлүүлсэнгүй вэ?Тэдэнд хууль өөрчлөх боломж байсан.Тэдэнд Засгийн газрын бодлого өөрчлөх боломж байсан.Тэдэнд парламентын тогтолцоог өөрчлөх боломж байсан.Тэдэнд Үндсэн хуульд хүртэл өөрчлөлт оруулах парламентын хүч байсан. Тиймээс өнөөдөр улс төрийн тогтолцооны доголдлыг анх удаа олж харсан мэт ярьж, өөрсдийгөө эрх мэдлийн гаднаас тэмцэж буй шинэчлэгчид мэт харагдуулах нь шулуухан хэлэхэд хошин шог л юм.Үнэндээ тэд энэ тогтолцооны гадна байгаагүй.Тэд тогтолцооны яг төвд байсан.Шийдвэр гаргах ширээний ард байсан. Хууль батлуулах олонхтой байсан. Засгийн эрхийг хэрэгжүүлж байсан. Үндсэн хуульд хүртэл өөрчлөлт оруулах улс төрийн хүчтэй байсан.Тиймээс өнөөдөр бусдаас бурууг хайхаасаа өмнө өөрсдийн эрх барьсан он жилүүдээ тайлбарлах ёстой.
Өнөөдөр ярьж байгаа “эрс шинэчлэл”-ээ тэр үед яагаад хийгээгүй вэ?
Улс төр бол угаасаа өрсөлдөөн. Санал зөрөлдөнө. Эрх мэдэл солигдоно. Өнөөдөр ялсан нь маргааш ялагдана. Гэхдээ төрийн өндөр албан тушаал хашиж явсан хүн улс төрийн нөхцөл байдал өөрт нь тааламжгүй болмогц төрийн тогтолцоог бүхэлд нь буруутгаж эхэлбэл өмнөх үйл ажиллагааныхаа хариуцлагыг давхар үүрэх ёстой.Д.Амарбаясгалан, Л.Оюун-Эрдэнэ нар эрх мэдлийн оргилд байсан хүмүүс. Энэ оргилд байхдаа хийсэн бүтээсэн гэхээр зүйл үгүй учраас л тэд эрх мэдлээсээ хялбархан унасан юм. Цагийн юм цагтаа гэж ардын үг бий.
Д.Амарбаясгалан, Л.Оюун-Эрдэнэ нар боломжоо алдсан, өөрсдийнхөө мөн чанарыг таниулсан. Одоо тэдний эрх мэдлээ алдсанаас үүдэлтэй гомдол, гоншигнолоос ард түмэн үнэндээ л залхаж байна. Хийх цагтаа хийх ёстойгоо хийж чадаагүй ийм нөхдүүд улс төрөөс бүрмөсөн зайлах ёстой.
Б.Намуун
Даваа - 09 сарын 28,
2026
Сэтгэгдэл0