sonin.mn

Онцгой байдлын ерөнхий газар, АНУ-ын Элчин сайдын яам, Номхон далайн цэргийн командлал, Аляскийн үндэсний гвард, Увс аймгийн Засаг даргын Тамгын газар хамтран “Увс-2026” гамшгийн үеийн бэлэн байдал, хариу арга хэмжээний сургалт, дадлагыг энэ сарын 21-25-ны өдрүүдэд тус аймагт зохион байгууллаа.


Сургуулийн удирдагч, ОБЕГ-ын дэд дарга, хурандаа Ц.Уранчимэг сургалтын арга хэмжээг хааж хэлсэн үгэндээ “Монгол орны баруун хязгаар Увс нутагт бид хүн ардынхаа амь нас, иргэдийн аюулгүй байдлыг хамгаалах эрхэм зорилтын дор хамтран ажиллаж, мэдлэг туршлагаа хуваалцаж, мэргэжлийн ур чадвар, харилцан илтгэлцлээ бэхжүүллээ. Энэ удаагийн сургуулийн гол үр дүн бол удирдлагын шийдвэр, байгууллагуудын зохицуулалт, аврагчдын ур чадварыг хүний амь насыг хамгаалах нэгдмэл ажиллагаанд уялдуулан дадлагажуулсан явдал юм. Хамтран бэлтгэгдэх явцад бид бие биенийхээ мэргэжлийн арга барилыг ойлгож, үүрэгтээ хандах хариуцлагыг таньж, хамтын ажиллагаагаа өргөжүүллээ. Монголын тал энэхүү хамтын ажиллагааг өндөр үнэлж, сургалтаар бий болгосон мэдлэг туршлага, мэргэжлийн харилцааг цаашид тууштай хөгжүүлэхийн төлөө ажиллана” хэмээн онцолсон юм. АНУ-ын Аляскын үндэсний гвард, хурандаа Жон Бостон “Гамшигтай тэмцэх, бэлэн байдлыг хангах дадлага, сургууль өмнөө тавьсан үүргээ биелүүлж, үр дүнтэй боллоо.


Сургалтын агуулга, цар хүрээ өргөн хүрээнд болсон нь сургалтын онцлог, ач холбогдлыг харуулж, баруун бүсийн аймгийн гамшгаас хамгаалах үйл ажиллагааг бэхжүүлэхэд хамтран ажилласандаа баяртай байна. Цаашид сурсан мэдсэн туршлагаа хэрэгжүүлж, улам бүр чадавхжина гэдэгт итгэлтэй байна” гэлээ.


Тус аймгийн Засаг даргын орлогч С.Анхбаяр: “Энэ сургалт бидэнд тайван цагт бэлтгэл, бэлэн байдлаа хангах нэгэн зорилгын дор нэгдсэн нь онцлогтой байлаа. Цаашид сургалт, дадлагыг тогтмолжуулах, гамшгийн үед хамтран ажиллах уялдаа холбоо чухал болохыг харууллаа. Хамтран зохион байгуулсан бүхий л байгууллага болон нийт 250 орчим оролцогчдодоо баярлалаа” хэмээсэн юм. Дадлага сургуулийг академик, штабын, тактикийн гэсэн үе шаттайгаар зохион байгуулж, баруун бүсийн Баян-Өлгий, Говь-Алтай, Завхан, Ховд, Увс аймаг болон Онцгой байдлын ерөнхий газрын харьяа анги, байгууллагын алба хаагчид, Увс аймгийн Онцгой комисс, 19 сумын Засаг дарга, гамшгаас хамгаалах алба зэрэг нийт 600 гаруй хүний хамрууллаа.


Академик сургалтын өмнөх болон дараах үнэлгээг харьцуулахад оролцогчдын мэдлэгийн өөрийн үнэлгээний дундаж 22.7 хувиар өссөн байна. Мөн сургалтаар эзэмшсэн мэдлэг, ойлголтыг штабын дадлагаар гамшгаас хамгаалах сургалтын системийг ашиглан бататгаж, өгөгдсөн нөхцөлд шийдвэр гаргах чадварыг дээшлүүлж, цаашид хэрэгжүүлэх арга хэмжээний талаар талаарх зөвлөмж, мэдээллийг хүргэсэн юм.


Тактикийн хамтарсан дадлага сургуулийг 31 сургагч багш удирдан зохион байгуулж, 154 алба хаагч хамрагдаж, тактикийн дадлага сургуулиар нэгдсэн дадлага хийж, харилцан ажиллагааг жигдрүүллээ.


Дадлага сургуульд идэвх санаачлагатай оролцож, гамшгаас хамгаалах үйл ажиллагаанд манлайлан оролцож байгаа аймаг, орон нутгийн удирдлага, зарим алба хаагчдыг Онцгой байдлын ерөнхий газрын шагналаар шагнаж, сургалтад оролцсон Монгол, Америкийн нийт оролцогчдод гэрчилгээ гардуулж, ажлын амжилт хүслээ.