Баавгайд бариулсан хохирогчийн ар гэрийнхэн болон Улсын Харцага Г.Ганхуяг нар мэдээлэл хийлээ. Энэ үеэр Монгол улсын харцага Г.Ганхуяг: "Миний хувьд Монгол хүний эрх, иргэдийн эрх ашгийн төлөө дуу хоолойгоо өргөж явдаг хүн. Гадаадын хөрөнгө оруулагчид Монгол ажилчдын цалин мөнгийг өгөхгүй байх, нэг бол зодож бэртээдэг газруудтай Монголчуудынхаа эрх ашгийн төлөө тэмцэж явдаг байлаа. Монголд байгаа зэрлэг баавгайн тухай ярилцъя. Ямар гарц, шийдэл байна вэ гэдэг талаар хэвлэлийнхэнд мэдээлэл өгөх гэсэн юм.
Баавгайг амьдаар нь хараагүй хүмүүс мэдэмхийрч ярьж байна. Энэ баавгайнууд одоо өвөл болсон ч ичээндээ орж чадахгүй. Хөлдөж, өлсөж үхтлээ юу ч хамаагүй хийнэ. Хүн, мал барина. Квот өгч баавгайг агнуулах хэрэгтэй.
Монголын хувьд энэ хавар хүйтэн байсан учир жимс, самар сайн ургаагүй. Тийм болохоор баавгай ичээндээ орохоосоо өмнө маш их хэмжээний тарга тэвээр авч байж ичдэг. Гэтэл идэш тэжээл нь хангалтгүй байгаагаас энэ баавгай ичихгүй байна. Баавгайд хүнээ алдчихлаа. Нэг баавгайн амь хэдэн хүний амьнаас үнэтэй юм бэ?
Хэрэг гарсан шөнө 00:00 цагийн орчимд гэртээ унтаж байхад нь бие гүйцсэн том баавгай гэрийнх нь арын ханыг задалж, дайран орж ирэн хүнийг хүнд гэмтээсэн байна. Гавлын яс нь энд тэндээ шүдний оромтой, цөмөрч, цөм хазсан байна. Гэрийнх нь яг хойд талд тугалын хашаа залгаатай байхад тугалуудыг биш, шууд гэрийг нь эвдэн орж хүн барьсан гэдэг бол маш ноцтой, аюултай дохио. Оросоос орж ирж байгаа тэр том баавгайд квот өгч, аргаль, угалз, тэх, янгир, буга шиг агнуулъя. Байгаль орчны хамгаалагчдын хяналтан дор агнуулъя гэсэн хүсэлтэй байна. Тусгай хамгаалалтын хууль байгаа. Тэр хуулиа эргэж хараач ээ. Хүний амь эрсдээд байна.
Баавгайг мэдэхгүй хүмүүс бамбарууш мэт хайрлаж, өрөвдөж байна. Энэ зэрлэг, аймшигтай амьтнаас иргэдээ хамгаалж, агнах хэрэгтэй байна.
Энэ айлын амьдарч байсан Монгол гэрийг баавгай зүгээр л зомгол болгоод хаячихсан, авах юм юу ч үлдээгүй, үнэхээр аймшигтай дүр зураг үүссэн байна лээ. Хохирогч эмнэлгээс гарч ирээд орох оронгүй болсон. Ар гэрийнхэн нь боломж муутай, бага хүү нь оюутан, хоёр ах нь олдсон ажлыг хийж амьдардаг залуус бий. Монгол гэртээ эргэж амьдрахаас үхтлээ айж байгаа ч малаасаа холдож чадахгүй тул тэнд нь ядаж жижиг тоосгон байшин барьж өгөхөөр үр хүүхдүүд нь зорьж, хандивын данс нээсэн байна." гэсэн бол баавгайд бариулж хохирсон иргэний ар гэрээс Ш.Одонгуа: "Тэнд байсан Төмөрбаатар гэх манай нутгийн эгэл жирийн, хүнд тусархуу сайхан залуу газар дээрээ маш аймшигтайгаар баавгайд бариулж, амиа алдсан. Сая даваа гарагт хөдөөлүүлэх ажил явдал нь дууслаа. Ард нь дунд ангийн бяцхан охин, хараа муутай, хэл ярианы бэрхшээлтэй өндөр настай ээж нь өнчирч хоцорлоо. Тэр талийгаачийн ар гэрт ч гэсэн тусламж, дэмжлэг маш их хэрэгтэй байна.
Одоо Н.Нарангэрэл эгчийн бие үхэх, сэхэхийн зааг дээр байна. Даралт нь маш их уналттай, зүрхний цохилт сул, хүчтэй өвчин намдаах тарианы хүчээр л арай гэж тэсэж байна.
Байгаль орчны яамнаас ажлын хэсэг гарч, газар дээр нь очсон атлаа одоог хүртэл тодорхой шийдэл, эмчилгээний зардал, нөхөн олговрын талаар хариу өгөөгүй, утсаа салгаад алга болсонд маш их гомдолтой байна. Монголынхоо нийт ард түмэн, хувь хүн, албан байгууллагуудыг хохирогчийн эмчилгээний зардал болон амьдрах орон гэрийг нь босгож өгөхөд хандивын гараа сунгахыг уриалж байна." гэлээ. Харин хохирсон иргэний төрсөн эгч болох Н.Сарангэрэл: "Бид эхээсээ долуулаа. Миний дүү баавгайд бариулан маш хүнд бэртэж, биеийн байдал нь туйлын хүнд байна. Тархины хүнд хагалгаанд орсон. Эмч нарын хэлснээр тархины шарх бүрэн эдгэрсний дараа эрүүний хагалгаанд орно гэсэн. Мөн тархинд нь үхжилт явагдаж байгаа хэсэг байгаа тул маш нарийн хяналт дор дараа дараагийн хагалгаанууд хийгдэнэ гэсэн.
Өвдөлт маш их байгаа тул дандаа унтуулах эм, тариагаар аргацааж байна. Монгол түмэн минь, бидэнд туслаач гэж гуймаар байна. Ах, дүү, ар гэрийнхэн нь гадаадад эмчлүүлэх хүсэлтэй байгаа ч эмч нар гадагшаа явах шаардлагагүй гэсэн.
Монголынхоо нийт ард түмэн, хувь хүн, албан байгууллагуудыг хохирогчийн эмчилгээний зардал болон амьдрах орон гэрийг нь босгож өгөхөд хандивын гараа сунгахыг уриалж байна." гэсэн юм.
Н.Отгон
Лхагва - 10 сарын 14,
2026
Сэтгэгдэл2
Тусгай зориулалтын анг нэг мөр бүр мөсөн хаах хэрэгтэй
Баавгай алвал 40 саяар торгуулж шоронд орно..Баавгай хүн барьж идвэл бариулж идүүлсэн хүнд ямар нэгэн мөнгө төгрөг Засгаас өгөхгүй чиний хохь гэх болно.МАН-ын шатааж устгахгүй бол болохоо байжээ.