sonin.mn

Орчин үед Зөвлөлт Холбоот улс задран мөхсний дараа Орос, Казахстан, Узбекстан, Туркменистан, Киргизстан зэрэг улсын түүхчид болон судлаачид ихэнхи нь Алтан орд улс бол манай өвөг дээдсийн улс, түрэг угсаатан бид байгуулсан гэцгээх боллоо.


Казахын эрдэмтэд “Алтан улсын үед монголчууд хүн ам цөөхөн тул түрэг угсаатантай гэрлэж бүгд түрэг угсаатан бүр нарийн яривал кипчак болцгоосон” хэмээн ярих аж.


Монголчуудын байгуулсан Зүчийн улс бол Их Монгол улсын үргэлжлэл байсан. Алтан улс гэдэг нэрийг эдгээр улсын түүхчид хожуу гаргаж ирсэн юм. Сүүлийн үед Их Монголын түүхийг үгүйсгэх үзэгдэл их гарах боллоо. Түүхэнд гүйцэтгэсэн Их Монголын үзэгдлийг хэн ч үгүйсгэж чадахгүй юм. Казахууд, узбекууд, оросууд бүгд л “Алтан орд улсын залгамжлагчид бол бид, Алтан орд улсыг бид байгуулсан ” хэмээн тунхаглах болжээ. Алтан орд улсыг байгуулсан монголчуудыг ч огт дурдахаа больжээ. Түүхийн үнэнийг ингэж гуйвуулж болохгүй. Учир иймд би үнэн түүхийг өгүүлье хэмээн шийдлээ. Алтан орд хэмээх нэр анх 1541 онд бичигдсэн Оросын нэгэн түүхийн эх сурвалжид тэмдэглэгдсэн байдаг. Алтан Ордын өөрийн нэршил нь Улуг Улс буюу Улуг Орд буюу “Их улс” гэсэн үг байв. Улс задран бутрахын хэрээр энэ нэрийн утга нь Ижил мөрний бүсэд оршин тогтнож үлдсэн “Их орд” хэмээх улсад хязгаарлагдах болжээ.


1502 онд Алтан орд бүрэн задран унасны дараа Крымын ханлиг өөрийгөө Алтан Ордны залгамжлагч хэмээн үзэж энэ нэрийг хэрэглэжээ.


“Алтан Орд” хэмээх нэр нь оросын “Золотая Орда” гэх нэрийн хэсэгчилсэн орчуулга юм. Харин энэ нь өөрөө түрэг хэлний “Алтан Орда” гэх нэрийн хэсэгчилсэн орчуулга гэж үздэг. Энэ үйл явцад “Золотая”-г “Алтан” гэж орчуулж, “Орда”-г “Орд” хэмээн галиглажээ. “Алтан” гэх тодотгол нь монголчуудын дайны үед хэрэглэдэг байсан алтан өнгийн майхан, эсвэл Бат хаан, Өзбег хааны хэрэглэж байсан жинхэнэ алтан майхан, эсвэл хааны асар их баялгаас үүдэлтэй гэж тайлбарладаг. Мөн алтлаг өнгө нь эзэнт гүрний сүр хүчийг илэрхийлдэг байжээ. Оросууд монголчуудын “орд” буюу нүүдлийн хүрээ, хааны сууринг заах “ордо” гэх үгнээс гаралтай “Орда” гэх нэрийг хэрэглэдэг байв. Цаг хугацаанаас шалтгаалан Ижил мөрөн–Уралын бүс нутгийг “Орда” (“Орд”), “Золотая Орда” (“Алтан Орд”), “Большая Орда” (“Их Орд”) гэх мэт янз бүрийн нэрээр нэрлэж байсан бөгөөд мөн Зүчийн нэрээр “Зүчийн Улус” гэж ч нэрлэдэг байжээ. Англи хэлний “horde” гэх үг нь “олон тооны (ихэвчлэн аюултай) бүлэг” гэсэн утгаар хожим үүссэн бөгөөд энэ нь монгол ордуудын нэр хүндээс үүдэн зүйрлэн хэрэглэгдэх болжээ. Оросын он дарааллын бичгүүдэд “Золотая Орда” гэх нэрийг Монголын эзэнт гүрний энэ залгамж ханлигийг заан тодорхой хэрэглэх болсон нь зөвхөн 16-р зуунаас эхтэй. Энэ нэрийн хамгийн анхны мэдэгдэж буй хэрэглээ нь 1565 оны “Казаны түүх” хэмээх орос сурвалжид гардаг бөгөөд Сарай хотод төвтэй Бат хааны улсыг ингэж нэрлэжээ.


Алтан Ордыг дурдсан хамгийн эртний орос сурвалжуудад тус улсад албан ёсны нэр байдаггүй байсан бөгөөд “татарууд” гэх мэт янз бүрийн нэршлийг хэрэглэж байжээ.


Тухайн үеийн перс, армян, исламын бичиг сурвалжууд болон 13-14-р зууны эхэн үеийн “Юань улсын судар”, “Судрын чуулган” зэрэг сурвалжид уг ханлигийг “Зүчийн Улс”, “Дешт-и Кипчак” (“Кипчакын тал”), “Кипчакын ханлиг”, мөн “Куман” гэж нэрлэж байв. Орчин үеийн түүхчид “Алтан Орд” болон “Кипчакын ханлиг” гэх нэрийг ашигладаг. Зүүн буюу зүүн гар жигүүрийг оросын он дарааллын бичгүүдэд “Хөх Орд”, харин Төмөрийн үеийн сурвалжуудад “Цагаан Орд” гэж нэрлэж байжээ. Өрнөдийн судлаачид Төмөрийн сурвалжийн нэршлийг дагаж, зүүн жигүүрийг “Цагаан Орд” гэж нэрлэх хандлагатай байдаг. Гэвч Хорезмын түүхч Өтемиш Хажжи (ойролцоогоор 1550 он) зүүн жигүүрийг “Хөх Орд” гэж нэрлэсэн бөгөөд тэрээр ханлигийн аман уламжлалыг сайн мэддэг байсан тул оросын он дарааллын бичигчид зөв байсан, мөн ханлиг өөрөө зүүн жигүүрээ “Хөх Орд” гэж нэрлэдэг байсан байх магадлалтай ажээ. Харин ханлиг өөрийн баруун жигүүрийг “Цагаан Орд” гэж нэрлэж байв. 1225 онд Эзэн Богд Чингис хаан эзэлсэн газар нутгаа өөрийн хөвгүүддээ хувааж өгөх үед ууган хүү Зүчид Эрчис мөрнөөс баруун тийш, Хорезмоос урагш бүх газар нутгийг түүнд өгчээ. Алтан орд улсыг Зүч хааны хүү Бат хаан 1242 онд байгуулсан юм.  Зүчийн улс буюу Алтан орд улс бол Их Монголын 30 мужийн зөвхөн нэг нь л юм. Тэр үед казах гэж байгаагүй, харин казахуудын өвөг дээдсийг кипчак гэдэг байсан юм. Кипчак, орос, татарууд Монголын Зүчийн улсад алба хаадаг байсан юм, Монголын армид алба хаадаг байсан юм.


Зүчийн улс буюу Алтан орд улсад монголчууд ирдэг, эргээд эх орон руугаа буцдаг байсан. Монголчууд энэ улсыг олон жил бүрэн хяналтдаа байлгаж байсан. Монголчууд хэзээ ч түрэг угсаатан байгаагүй.


Түрэг угсаатан бол монголчуудын удирдлага дор амьдарч байсан. Эхлээд тэд кипчак гэгддэг байсан, дараа нь тэд түрэг хэлтэн татарчууд гэгддэг байлаа. Европчууд Алтан ордны хүмүүсийг бүгдийг нь татарчууд гэдэг байв. Татарчуудыг дотор нь крымийн, кубаны, казаны, ногайн , астраханы, увины, башкирын, дагестаны, сибирийн татарууд гэдэг байлаа. Казахуудын өвөг дээдэс кипчакуудыг эхлээд монголчууд бутцохиод Алтай давуулаад өрнө зүг шахсан. Кыпчакуудыг оросууд половчууд гэдэг байсан. Марко Поло болон Плано Карпини нар ”Алтан орд улсын кипчакууд бол татар монголчуудын захиргаан дор байсан хамжлагууд нь байлаа” хэмээн тэмдэглэж байжээ. Алтан Орд буюу Зүчийн улс нь Их Монгол Улсын бүрэлдэхүүн хэсэг байсан бөгөөд Чингис хааны ач хүү Бат хааны удирдлага дор Дунай мөрнөөс Балхаш нуур хүртэлх өргөн уудам нутагт оршин тогтносон, монголчуудын байгуулсан төрт улс юм. Эзэн Богд Чингис хаан 1206 онд Их Монгол Улсыг байгуулаад өөрийн хүүхдүүдэд газар нутгаа хуваан өгсөн бөгөөд Бат хааны эцэг Зүчи өөрийн эзэмшил харьяа нутагтаа бие даасан улс байгуулах эхлэл тавьсан нь түүхэнд Зүчийн Улс буюу Алтан Ордны Улс хэмээн нэршиж үлджээ.


1227 онд Зүчи хан нас барж түүний хүү Бат хаан ширээнд залран сууснаар Алтан Ордны Улс буй болж төлөвшсөн юм. Анх Алтан Орд нь Зүчид өвлөгдөн үлдсэн газар нутгаас бүрдэж байв.


Эзэн Богд Чингисийн залгамжлагч Өгөдэй хаан кипчакуудыг сөнөөхөөр илгээсэн армийг 1235 онд Бат хаан үргэлжлүүлэн удирдан явснаар Алтан ордын газар нутаг нь үлэмж их тэлжээ. Монголчууд Урал голыг 1237 онд гатлан Кипчак, Булгар, Башкир зэрэг улсуудыг эзлэн төв Русьт нэвтрээд Москва, Киев зэрэг олон хотуудыг довтлон эзэлжээ. Монголчууд Оросоор дамжин өрнөдийн Польш, Герман, Силези, Унгарт очив. Дараа нь 1240 онд Люблин, Харьковыг эзлэв. Бат хаан 1241 оны дөрөвдүгээр сард Легницийн ойролцоо Силез, Польш, Тевтоны нэгдсэн цэргийн армийг бут цохив. Алтан Ордны улс оргил үедээ Сибирь болон Төв Азиас эхлэн зүүн Европын хэсгүүдийг хамарч, баруун талаараа Уралын нуруунаас Дунай мөрөн хүртэл, өмнө талаараа Хар тэнгисээс Каспийн тэнгис хүртэл үлэмж их газрыг эзэгнэж байв. Алтан орд улс Кавказын нуруу болон Ил хаант улстай шууд хиллэж байв.


Монголчууд Неостадын бэхлэлтээр довтолгоогоо зогсоож, зүүн зүг буцан Ижил мөрний савд Бат хаан өөрийн гоёмсог өргөө гэрээ барьж Сарай хотыг нийслэлээ болгов. 


14-р зууны сүүлээр Алтан ордны улс Москвагийн бослогуудаас болж нилээд хүч нь сульдав. Төмөр хаан 1395 онд Алтан Ордны Улсыг нэгтгэсэн ч түүнийг нас бармагц Астрахань, Казань, Крым, Сибирь гэх дөрвөн улс болж хуваагджээ. 1480-аад онд Оросын III Иван Васильевич монголчуудад татвар төлөхөө злгсоож, улмаар 1502 онд Крымын ханлигт эзлэгдэн Алтан ордны улс оршин тогтнохоо больжээ.  Алтан ордны улс унасан ч Крымын ханлиг хүчирхэгжиж Русь руу үе үе хүчтэй довтлох болсон тул Русь довтолгооныг нь зогсоохын тулд эд бараагаар алба барьж байв. 1685 онд Русийн I Пётр хаан татарчуудад золиосны мөнгө төлөхийг бүрмөсөн болиулав. Дараа нь Алтан ордны улс яваандаа бүрмөсөн түрэгжиж түрэгийн буюу татар үндэстний улс болжээ. Крымын хан I Мехмед Гирей 1515 онд өөрийгөө "Бүх мугалчуудын падишах" цолд өргөмжилжээ. Мөн өөрийн харьяат татаруудыг мугал буюу монгол гэж нэрлэхийг оролдсон ч татарчуудын дийлэнх нь түрэг гаралтай тул энэ нэрийг хүлээж авсангүй. Крымын ханлиг, Казахын ханлиг, Астраханийн ханлиг болон Казанийн ханлигийн хаадууд бүгд Зүчийн угсааны хаадууд байв.


Алтан Ордны хамгийн сүүлчийн үлдэгдэл болсон Крымын ханлиг болон Казахын ханлиг нь тус тус 1783 болон 1847 он хүртэл оршин тогтнож, эцэстээ өргөжин тэлж байсан Оросын эзэнт гүрэнд эзлэгджээ...


Алтан ордын төрийн бүтэц нь анх Эзэн Богд Чингис хааны Зүчид өгсөн дөрвөн мянгат ардаас бүрдсэн хагас цэргийн зохион байгуулалт дээр тулгуурлан оршиж байв. Бат хаан Алтан орд улсаа байгуулсны дараа газар нутгаа зүүн баруун гарт хувааж, баруун гарыг Бат хаан өөрөө Ижил мөрнөөс, Болгар хүртлэх нутгийг захирсан нь хожим Хөх Орд, Алтан Орд гэх нэртэй болжээ. Бат хаан ах Ордад Эрчисээс Яик мөрний хоорондын нутгийг өгснийг хожим нь Цагаан Орд хэмээх болжээ. Харин Батын улс, Ордын улс хоёрын завсрын нутгийг дүү Шибанд өгч захируулсныг хожим Саарал Орд гэх болжээ. Алтан Ордын хааныг сонгохдоо монголчуудын Их хуралдайгаар гаргасан монгол ноёдын шийдвэр, өмнөх хааны гэрээслэлийг харгалзан үзэж шийддэг байв. Энэ ёсыг 1313 онд Тохта хааныг тэнгэрт халих хүртэл хэрэглэж байгаад, Өзбег хааны үеэс хойш Их Засаг хуулийг огоорч, зөвхөн хааны ордны хуйвалдаан, хаан ширээний төлөөх цус урсгасан тэмцэлд хэн хүчтэй нь ялж хаан болдог харгис буруу тогтолцоо руу шилжжээ.


Алтан Орд улс нь дараах арван тойрогт хуваагдаж байлаа. Үүнд:


  1. Хорезм
  2. Дешт-и Кипчак
  3. Хазарын улс: Дагестан орчмын нутаг
  4. Крым
  5. Азовын хязгаар
  6. Черкес
  7. Булгар
  8. Валахи буюу одоогийн Румын улсын нутаг
  9. Ас буюу Алан
  10. Орос орон


Алтан орд улс нь төрийн хэргийг цэрэг, иргэний гэсэн хоёр хэсэгт хувааж, Их Засаг хуулийг ёсчлон даган хэрэгжүүлж байв. Иргэний захиргааг везир хэмээх түшмэл тэргүүлж, санхүү, захиргаа, түшмэдийн асуудлыг хариуцаж байлаа. Төрийн бүх асуудалд везир чухал нөлөөтэй учир түүний эзгүйд орлогч түшмэл нь алба үүргийг хариуцдаг байв. Везирийн дор их бичээч, бичээч, эмир, наиб, баскак буюу даргач болон бусад албан тушаалтан ажиллаж байв. Цэргийн захиргааны үндэс нь Чингис хаанаас хувьлан өгсөн дөрвөн мянгатын ноён болон сүүлд дагасан харь орны цэргүүдээс бүрдэж байв. Энэ улсын хааны дор цэргийн дээд тушаалтныг Беклярбек гэдэг байв. Беклярбек нь орчин үеийнхээр цэргийн сайдын тушаалтай дүйцүүлж боллх юм. Беклярбекийн дараа дөрвөн улус эмир, өөр гурван эмир байна. "Зарлиг тушаал дээр султаны нэрний дараа, везирийн өмнө бичигдэнэ. Тэднээс нэг нь үгүй байсан ч, тухайн баримтад дөрвүүлэнгийнх нь нэрийг бичдэг байв. Харин Оросын хотуудаас авах татвар, гувчуурыг эхэн үедээ түшмэл томилж хураадаг байсан нь тэдгээр түшмэд хумслах, завших асуудал үүсч байсан тул Өзбег хааны үеэс хойш Оросын вангууд уг үүргийг өөрсдөө хариуцах болсоноор Оросын вант улсууд эдийн засгийн хувьд биеэ даах боломжтой болжээ.


Алтан орд улсын эхэн үеийн татварын тогтолцоо нь Их Монгол Улсын төрийн бодлогын салшгүй нэг хэсэг байв.


Баруун зүгт хийсэн Чингис хаан, Өгэдэй хааны үеийн аян дайнуудаар Зүчийн удмынхны захирсан улс Эрчис мөрнөөс Дорнод Европ хүртэл, Азербайжанаас умард Оросын нутаг хүртлэх суурин, нүүдэлчин соёлыг багтаасан өргөн уудам нутгийг эрхшээх болсноор малчдаас тогтмол бус хугацаанд авч байсан гувчуур татахаас гадна, хот суурины хүн амаас зоос, үр тарианы хэлбэрээр татвар авдаг болов. Чингис хааны үед Зүчийн улсын татварыг Махмуд Ялавач сайдаар захируулж байснаа, Өгэдэй хааны үед Чинтөмөр, Кургуз зэрэг түшмэдээр тус улсаас авах татвар гувчуурыг захируулдаг болсон. Өгэдэй хааны зарлигаар 1235 оноос эхлэн Их Монгол Улсад нэвтрүүлсэн татварын шинэчлэлээр малчдаас 100 мал тутмаас 1 толгой мал, суурин иргэдийн ургацын 10 хувьтай тэнцэх үр тариа татах буюу малчдаас 100-ны 1 хувиар бодож татварлах бол, тариачдаас 100-ны 10 хувиар бодож үр тариаг татварлах болжээ. Өгэдэй хааны хэрэгжүүлсэн нэг чухал ажил бол улс даяар өртөөны зам байгуулж, эзэмшил бүртэй холбох ажлыг эхлүүлсэн нь худалдаа арилжаа аюулгүй өнгөрөхөд дэмжлэг болжээ.  Өгэдэй хааны зарлигаар 1230-аад онд хүн амын тооллого явуулахад Зүчийн Улсад уг ажлыг Кургуз сайд 1243он хүртэл гардан хариуцаж, газар бүрийг хариуцсан даргач ноёд эмирийн татварын мөнгөнөөс хумсалж, дур зоргоор аашилдаг байсныг болиулж, хүний тоонд үндэслэж татварыг ногдуулан татаж, улсын санд төвлөрүүлэх ажлыг амжилттай гүйцэтгэж байлаа. 1247 онд Бат хан, Аргун ага нар тус улсын шинээр эзэлсэн Оросын вант улсуудад хүн амын тооллого явуулжээ. Татвар төлөхөөс зайлсхийсэн хүн бүрт ял оноож боол болгох арга хэмжээг хүртэл авч байв.


Мөнх хааны үед хүн бүрээс бус, өрх айлын хөрөнгийн хэмжээг харгалзан жилд баян өрхөөс 10 алтан зоос, ядуу өрхөөс 1 алтан зоос байхаар хуульчилж, Зүчийн улсын татварыг хариуцах түшмэлээр Бэрх хэмээх ноёныг илгээсэн нь Орос дахь Мөнх хааны татварын шинэчлэлийг хэрэгжүүлсэн ажил болов..


Мөнхтөмөр хааны үеэс тус улсын биеэ даасан байдал бэхжиж, гувчуур, худалдаа гаалийн Тамга татвар, тариалангийн газрын татвар, Яам татвар буюу зам өртөөний татвар, усан тээврийн татвар зэрэг тогтмол татвар авахаас гадна тогтмол бус татварууд байв. Алтан Ордны Улсын татвар нь газар орны байдлаас шалтгаалж анжис тутмаас, зөгийн үүр, загас болон агнасан амьтан тутмаас зэрэг харилцан адилгүй эд зүйлээс татварыг орлуулж авдаг байсан. Алтан ордны улс Оросын нутгаас татварыг Оросын ван ноёд цуглуулсан татвараа анх даргач буюу баскакт тушааж байснаа 1330-аад оноос Оросын вангууд өөрсдөө татвараа цуглуулж тушаах болж, баскак томилогдон очих явдал зогсож, Монгол хаан-Оросын ван гэсэн харьцаагаар татварын харилцаа шийдэгдэх болжээ.


Алтан Орд улсад Орос улс талархах ёстой юм л даа. Юунд талархах вэ гэвэл:


-Улс болгосонд нь

-Армитай болгосонд нь

-Санхүүгийн тогтолцоотой болгосонд нь

-Татварын тогтолцоотой болгосон

-Хаант засаглалтай болгосонд нь

-Ази, европыг холбож өгсөнд нь

-Чөлөөт сүм хийдтэй болгосонд нь

-Аливаа шашныг адил тэгш тэвчих болгосонд нь.

-Шуудан холбоотой болгосонд нь.

-Дарьтай болгосонд нь 

-Олон улсын диломат харилцаатай болгосонд нь

-Худалдааг чөлөөтэй, баталгаатай болгосонд нь

-Цаасан мөнгөтэй болгосонд нь 

-Армийг аравт, зуут, мянгатын системд оруулж хүчирхэг болгосонд нь монголчуудад талархах ёстой юм.


Монголчууд Алтан орд улсад Сарай, Сарай Бат, Сарай бэрх, Увек, Кафа зэрэг 150 гаруй үзэсгэлэнт хот байгуулж, Газрын дундад тэнгисээс Номхон далай хүртэлхи уудам өргөн нутагт шуудан, худалдаа, зам харилцааг буй болгож хөгжүүлсэн гавьяатай юм. 


Орос орон тэр үед католик шашны нөлөөгөөр хавчигдан гадуурхагдаж байсныг нь зогсоож, Үнэн алдартны буюу Прославия шашныг нь дэмжиж 30 орчим сүм байсныг нь нэмж 100 гаруй болгож шашин, соёлыг нь хадгалан үлдээсэн юм.


Харамсалтай нь Оросын хорьдугаар зууны түүхийн сурах бичгүүдэд “Оросын ард түмэн 200 жилийн турш татар-монголчуудад боолчлогдон дарлагдаж байсан” хэмээн худал мэдээлэл тарааж өдий хүрсэн байдаг юм. Зүчийн улс буюу Алтан орд улсыг Бат хаан /1227-1256/-аас эхлээд Кучук Мохаммед хаан /1465-1459/, Муртаза хаан /1498-1500 / хүртэл Эзэн Богд Чингис хааны удам 273 жилийн турш 51 хаан захирчээ. Алтан орд улсыг байгуулж захирсан Эзэн Богд Чингис хааны удмын хаадуудын агуу түүхийг хэн ч үгүйсгэж чадахгүй юм. Алтан ургийн хаадын алдар бадартугай.



Доржийн СҮХБААТАР  2026.10.14