сонин mn
Мэдэгдэл
 
Монгол Улсын засгийн газраас саяхан Санжаасүрэнгийн Зоригийн амь насыг онц хэрцгийгээр хөнөөсөн хэргийн материалыг бүхэлд нь төрийн нууцаас гаргаж нээлттэй болгохоор шийдвэрлэсэн нь зөв зүйтэй алхам боллоо гэж талийгаачийн ар гэр бид үзэж  байна.
Өнгөрсөн хугацаанд хэргийг төрийн маш нууцын зэрэглэлд хамруулж, шүүх ажиллагааг бүх шатанд хаалттай явуулсныг бид анхнаас нь эсэргүүцэж, энэ үндэслэлээр шүүх хурлуудад зөвхөн өмгөөлөгчөө оролцуулан хохирогч бид оролцоогүй.
Бид хэргийн материалыг нууцаас гаргахыг шаардаж прокурор, шүүх, УИХ зэрэг төрийн байгууллагуудад удаа дараа хандаж байсан боловч аль нь ч нааштай шийдвэрлэж байгаагүй. 
Шүүхийн шийдвэр үндэслэлтэй гарсан гэдэгт ч ихээхэн эргэлзэж байгаагаа бид тухайн үед мэдэгдэж байсан билээ.
 
Одоог болтол хэргийг шийдвэрлээгүй, үнэн мөнийг тогтоогоогүй байгаа гэж талийгаачийн ар гэр бидний зүгээс үзэж байна.  
 
 
Хэргийг илрүүлээгүйгээр барахгүй гэм зэмгүй хүмүүсийг хилсээр шийтгэсэнд бид маш их харамсдаг, цаашид ч гэсэн энэ хэргийн улмаас хэн нэгэн хэлмэгдэх ёсгүй гэсэн хатуу байр суурьтай байдаг юм. 
Санжаасүрэнгийн Зоригийн амь насыг хөнөөсөн хэрэг илрээсэй хэмээн энэ олон жил биднийг дэмжиж хамт байсан ард түмэндээ талархаж байна. 
 
 
Санжаасүрэнгийн Баяраа, Санжаасүрэнгийн Оюун
 
2021 оны 4-р сарын 20