sonin.mn
Алс холын анир гүм  хязгаар нутагт “АН-24” онгоц осолдож, хүүхэд, том хүн нийлсэн 30 гаруй хүний амийг авч одсон хар  дарсан зүүд шиг  өдрүүдээс хойш 30 жил өнгөрсөн ч ар гэрийнхний нь гашуун нулимс хатсангүй. Энэ явдал Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан суманд болж, аймаг, сум даяараа сэтгэл санааны дарамтад орж, олон айл хагацал өнчрөлийн сүүдэрт дайруулсан юм. Тэдний нэг  өдгөө нас сүүдэр 75 хүрч байгаа С.Цэвээн гуай тухайн үед  судалгааны ажлаар  хилийн ангиудыг зориод эргэж ирээгүй ханийнхаа сүнсийг амраах, “хоёр удаа нөхөн төлбөр авсан” гэж гүтгүүлсэн нэр төрөө  сэргээнэ хэмээн  Төрийн ордны гадаа суулт зарлаад 70 хонож байна.  Биднийг очиход \2021.8.24\ тэрбээр Төрийн ордны баруун талын хаалганы хажууд сууж байсан бөгөөд том охин нь хамт байж таарсан юм. Олон хоног суулт хийж, ядарч  чилээрхсэн болов уу царай нь цонхийсон  С.Цэвээн гуай “Намайг  нэг хөгшин ганцаараа  тэнд суугаад яав л гэж бодож, энэ төр засаг тоохгүй  байх шиг байна. Би ганцаараа биш шүү дээ, надтай хамт 31 хүний сүнс хамт “жагсаж”, шударга ёсыг хүсч байгаа” хэмээн гомдонгуй ярьж байна. Сэтгүүлч миний бие тэрхүү онгоцны ослыг нүдээр харсан нэгэн гэрч, түүн  дотор үрэгдсэн олон эрхэм хүмүүсийг таньж мэдэхээр барахгүй зарим нь  ном заасан багш, хүнд өвдсөн үед эмчилсэн эмч, ах дүү садан мэт ээнэгшсэн дассан айл саахалтынхан, нэг байгууллагад ажиллаж  байсан гэдгээ тодотгоё.  С.Цэвээн гуайгаас цөөн асуултад хариу авснаа хүргэе.
 
-Сайн байна уу, таны  бие  ямар  байна. Энэ хүртэл ямар нэгэн шийдвэр гараагүй учраас  суултаа үргэлжлүүлж байна уу?
 
-Монголчууд “Нэр хугарахаар яс хугар” гэдэг. Төрдөө гүтгүүлж, хэлмэгдэж, одоо доромжлуулж байгаадаа гомдоод баршгүй нь. Монголын төр иргэнээ ингэж болохгүй биз дээ. Миний ядрах, өвдөх, зовох яах вэ. Би шударга ёсыг хүсэмжлэхдээ энд сууж байна. Эгч нь ганцаараа суугаагүй юм шүү, энд. Надтай цуг  тэр  өдөр миний ханьтай хамт онгоцны ослоор үрэгдсэн 30 гаруй хүний хамт шударга ёсыг нэхэж байгаа, энэ төр засгаас. Надад ухрах газар үгүй.
 
 
 
Би шударга шийдвэрийг, үнэн мөнийг тунгаасан хариуг л хүсч байна.
 
 
 
ХЗДХ-ийн сайд Х.Нямбаатар “Засгийн газар судалж шийднэ” гэсэн ч хариу өгсөнгүй. Засгийн газрын ХЭГ-ынхан  уулзсан, бас л чимээгүй байна. С.Одонтуяа гишүүн уулзаж “Таны бие тааруу байна, амарч биеэ сувилуул” гэхээр нь хэсэг завсарласан, мөн наадмаар хэд хоног гэртээ байсан, ингээд эргээд суулт хийж байна.
 
-Суулт хийх болсон шалтгааныг бол ойлгож байна. Танд ямар  баримтууд байгааг тодруулна уу?
 
-“АН-24” онгоц 1990  оны хоёрдугаар сарын 22-нд осолдсон. Гэтэл 1990 оны хоёрдугаар сарын 21-нд  надад 700 мянган төгрөгийн  буцалтгүй тусламж үзүүлсэн гэсэн бичиг үйлдээд архивт хийчихсэн байдаг юм байна. Мөн 1993 оны хоёрдугаар сард  өөрийнх нь хүсэлтээр дахиад  2000  төгрөг өгсөн гэсэн бичиг үйлдэж архивт хийчихсэн нь ил болсон. Би нөхөн олговор, тусламж  хөөцөлдөөд,  хүсэлт гаргаад олж авах нь   бүү хэл тухайн үед ханийнхаа  ажлын өрөөнөөс  сэйфэндээ хадгалсан эд зүйл, хадгаламжийн дэвтрийг  нь ч олж авч чадаагүй. Тиймээс ингэж  гүтгүүлсэндээ харамсалтай  байна. Өдий олон жилийн дараа үүнийг яагаад мэдсэн бэ гэвэл бага охин маань үл хөдлөх хөрөнгөө  хувь хүнд зарахдаа “Голомт” банкинд чадуулж луйвардуулсан тул би “Аавынхаа ажиллаж байсан Дотоод хэргийн их сургууль руу очиж уулз, олон хуульч бэлтгэж гаргадаг том сургууль  учраас хуулийн талаас тусламж дэмжлэг авахыг бод” гэж хэлснээс эхлэлтэй. Миний хань Сонинпил  хилийн цэргийн хүн,  нас барахаасаа  өмнө  Цэргийн сургуулийн захирлаар ажиллаж  байсан юм. Охин маань  тэр сургууль дээр очоод  уулзахад “Аавыг чинь өнгөрсний дараа  тусламж дэмжлэг үзүүлсэн. Бичиг баримт нь байгаа даа, чи шүүлгээд үзээрэй” гэсэн. Ингээд шүүлгээд  2020 оны хоёрдугаар сарын 17-нд нөхөн төлбөр олгосон гэх бичгийг бид олж авч миний тэмцэл эхэлсэн.
 
-Олгосон гэсэн албан бичиг л байгаагаас авсан, өгсөн гэх гарын үсэг бүхий санхүүгийн баримт алга уу. Ямар хүн, хэн гарын үсэг зурж авсан  юм бол?
 
-Санхүүгийн бичиг нь олдохгүй, гарч ирэхгүй байгаа юм. Тийм нотлох бичиг байхгүй болохоор Чингэлтэй дүүргийн шүүх, хуулийн байгууллагууд бидний гомдыг  хэрэгсэхгүй болгоод байдаг. Шүүхийн шатанд хоёр ч удаа хэрэгсэхгүй болгосон. Тэгээд “олгосугай, өгсүгэй” гэсэн бичгийг үндэслээд “Та авчихсан л байна шдээ” гэх маягтай. Намайг авсан гэж батлах баримт бичгийг гаргаж ирэхгүй, нөгөөх холбогдох газрууд нь тэр бичгийг нь гаргаж өгөхгүй болохоор   “Та авсан л байна шдээ” гэж шүүх хурал хийж болохгүй шүү дээ. Аргаа бараад би Төрийн ордны гадаа ирээд суусан. Гэтэл араас дуудаад 10, 20 сая төгрөг өгье, наадахаа зогсоо гэх жишээтэй. Тэгэхээр нь  би “Та нар хаанаас, хэнээс  даалгавар аваад надад ингэж хэлээд сууж байгаа юм бэ” гэж эсэргүүцсэн. Гэтэл  биднийг гутаан доромжилж эхэлсэн. Байдал ийм л байна.
 
-Таныг болон танай хүүхдүүдийг  өндөр төлбөр нэхсэн, охиноо Итали улсад  суух Элчин сайдаар  томилуулахаар шантаажилж байна гэсэн мэдээлэл гарсан?
 
-Тэгж цуурхал тарааж, биднийг гутааж, доромжлоод  байна. Нэхэмжилж байгаа 262 сая төгрөг гэдэг бол хууль эрхзүйн үндэслэлтэй юм. Хууль  мэддэг хүмүүсээр нь судлуулахад 30 жилийн дараа авч үзэхэд ийм байхаар юм байна гэдэг тооцоо, судалгаа, хуулийн үндэслэлийг гаргаж өгч байгаа. Дээр нь сэтгэл санааны хохирол гээд яривал зөндөө юм бий. Орчин үед тэгж тооцдог болсон юм гэнэ лээ.   Өнөөдөр төр, засаг биднээр “шантаажлуулж байна”  гээд байгаа бол өөрсдөө тэгүүлэх зүйлээ хийсэн байна гэж хэлэх үндэстэй биз дээ. “Шантааж” гэдэг чинь нэг нь нөгөөгөө чи тэгж байгаа бол би тэгнэ шүү” гэсэн  утгатай  үг байх аа, утга нь. Тэгэхээр “шантаажлуулж байна” гэж байгаа бол цаана нь асар муу муухай юм байна гэсэн үг. Хэрэв үнэхээр  “Элчин сайд  болъё” гэж хэлчихсэн бол  иргэн хүн тэгж хэлж яагаад хэлж болохгүй гэж. Чи сайн ойлгоорой, хэрэв хэлсэн бол гэж байна шүү, түүнээс бид тийм зүйл огт яриагүй. Ер нь бол Монгол Улсын  иргэн хүн хэн ч байсан  тэгж хэлэхэд юу нь болохгүй  гэж. Харин ч  иргэн хүн тэгж хэлж чадаж байвал сайн биш үү. “Би чадна”  гэдэг хүн цөөн байх. Тэгж хэлж байвал шүүж шалгаад, түүнд тэнцэх мэдлэг боловсрол байна уу, хариу өгдөг байгууллага байдаг биз дээ.
 
 
 
Гол нь миний тэмцлийг зогсоох гэж, төр өөрсдийн хийсэн муу муухай үйлдлийг булзааруулах гэж миний хүүхдүүдийг  харлуулж, охины минь нэр хүндийг гутааж, гүтгэж, доромжилж болохгүй. Ийм зүйлүүд зохион байгуулалттайгаар явагдаж байгаад  би эх хүний хувьд, энэ улсын  иргэний хувьд харамсч байна.
 
 
 
 -Тэр үед оршуулгын комисст орж ажилласан хүмүүсээс одоо байна уу, та асууж сураглав уу?
 
-Тэр үед Ерөнхий сайд нь Ш.Гунгаадорж байсан байх. Хилийн цэргийн удирдах газраас  Ш.Арвай генерал өөрийн биеэр очсон. Талийгаачийн минь сургуулиас төлөөлөгчөөр Бямбасүрэн гэж хүн  явсан. Цэргийн ерөнхий прокуророор одоогийн ЗГХЭГ-ын дарга, Хуульзүйн сайд асан Ц.Нямдорж ажилласан. ЗГХЭГ-ын даргын хувьд наайг хоёр удаа хүлээж авч уулзсан. Би шийдэж өгнө гэж итгэж хүлээсээр л байна шүү дээ, гэтэл таг чиг байгаад байх юм.
 
-Онгоцны ослоор амиа алдсан 31 хүнийг та бараг л нэр усаар нь мэдэж байх шиг байна?
 
-Би  нэрсийн жагсаалтыг нь олж авсан юм, одоо ч надад байна. Тэр дотор   зургаан цэргийн албан хаагч, найман хүүхэд, бусад нь насанд хүрсэн хүмүүс байгаа. Зургаан цэрэг бол тухайн үед 18-19 настай  байсан байх,  хүний жаахан үрс шүү дээ тэд чинь. Тэгэхээр лав 14 нь хүүхэд байсан гэж болно. Энэ олон хүний сүнсийг тайван байлгахсан, шударга ёсыг тогтоолгохсон гэж би хүсч байна.
 
-31-ээс илүү байх, яагаад гэвэл нас барсан эмэгтэйчүүд дотор хоёр ч бүсгүй  амаржих дөхчихсөн, нэг нь ихэр ураг тээж явсан юм...
 
-Тийм бол 32-32 хүний амь эрсэдсэн гэж үзэх үндэслэлтэй юм байна. Энэ хүмүүсийн сүнс намайг “эргэж” байна, үнэнийг олоорой гэж байна. Би тэдний төлөө сууж байна даа, энд. Бас нэг сонин зүйл бол 1990 оны хоёрдугаар сард онгоц осолдож, намайг нөхөн төлбөр авсан гэсэн бичиг үйлдэгдсэн  байгаа юм. Түүнээс 30 жилийн дараа тэр бичиг нь мөн 2020 оны хоёрдугаар сард олдож байгаа юм. Нэг учир бий биз.  Монголын төр үнэнийг олж өгөх ёстой. 30 жилийн өмнө нэрийг минь барьж мөнгө авахдаа  намайг мэдсэн төр, 30 жилийн дараа яагаад намайгаа  танихгүй  болчихдог байна аа. Энэ хооронд намайг үхчихнэ гэж тооцсон юм уу, хаашаа юм бэ.
 
 
Ч.Үл-Олдох
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин