sonin.mn

"Улаанбаатар импекс" компаний орчим төмөр замын гарам дээр сэлгээ хийж явсан зүтгүүртэй, нийтийн тээврийн автобус мөргөлдсөн осол гарсан. Энэ талаар Төмөр замын Цагдаагийн хэлтсийн хошууч Г. Басбишээс тодрууллаа.

-Энэ сарын 10-ны 20.цаг 45 минутын үед нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн нутаг дэвсгэрт, "Улаанбаатар импекс компаний орчим төмөр замын гэрлэн дохиогүй, тэмдгээр зохицуулагддаг гарам дээр сэлгээ хийж явсан зүтгүүртэй, нийтийн тээврийн том оврын 43-73 УБС дугаартай автобус мөргөлдсөн осол гарсан. Хэргийн газарт үзлэг хийхэд "Тэнүүн Огоо" компаний автобус байсан. Ослын хэрэг мөрдөн байцаалтын шатанд явж байна.

Тухайн үед автобус дүүрэн зорчигчидтой явсан бөгөөд одоогийн байдлаар гурван хүн гэмтсэн. Шүүх эмнэлгийн дүгнэлт бүрэн гараагүй учраас хүнд, хөнгөн гэмтэл аль нь болохыг хэлэх боломжгүй. Тухайн өдөр осолд орсон автобусанд зорчиж яваад гэмтэж, бэртсэн хүмүүс байвал Төмөр замым Цагдаагийн хэлтсийн Мөрдөн байцаах албанд хандаж, уулзах хэрэгтэй.

Хүмүүс нэмэгдэж ирж байна. Автобусны жолооч Ё.Гансүх тухайн үед согтууруулах төрлийн ундаа хэрэглээгүй байсан. Харин тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан ч автобус жолоодож явсан нь илэрсэн.

-Төмөр замын гармаар зорчиж байгаа жолооч нарт юу анхааруулж хэлэх вэ?

-2012 он гарсаар төмөр замын гарам дээр машин, галт тэрэг, зүтгүүртэй мөргөлдсөн осол дөрвөн удаа гарлаа. Жолооч нарт анхааруулахад төмөр замын гарам дээр галт тэрэг, зүтгүүр ойртон ирсэн үед хөдлөх бүрэлдэхүүнийг заавал өнгөрөөж гарах ёстойг хэлмээр байна. Түүнчлэн төмөр замын гармын аюулгүй байдал, бүрэн хангагдсан эсэхийг шалгах хэрэгтэй. Галт тэрэг, зүтгүүрийг өнгөрөөхгүй, улаан гэрлэн дохиогоор орсноос болж эдгээр осол гарсан.

Д.Дамдин
Эх сурвалж: "Ган зам" сонин