sonin.mn
Автотээврийн болон өөрөө явагч хэрэгслийн албан татвар, агаарын бохирдлын төлбөр, автозам ашигласны төлбөр хураах ажил өнгөрсөн ням гаригт дуусгавар болсон. Энэ онд нийслэлээс татвар хураах ажлыг иргэдэд чирэгдэлгүй хүргэх үүднээс төлбөр хураах нэг цэгийн үйлчилгээг 21 байршилд ажиллуулсан юм. Мөн автомашины улсын дугаарын сүүлийн оронгоор ангилан тодорхой саруудад оношлогоонд орж, татвараа төлөх боломжийг бүрдүүлж өгсөн онцлогтой.
 
Гэвч өнгөрсөн сарын 25-ны өдрийн байдлаар татвараа төлөөгүй иргэд багагүй байгааг албаны хүмүүс онцолж байсан юм. Тиймээсхотын Ерөнхий менежерээр ахлуулсан ажлын хэсэг хуралдаж татвар хураах нэмэлт цэгүүдийг Чингисийн талбайд ажиллуулсан бөгөөд дүүргүүдийн Татварын хэлтэс, нэг цэгийн үйлчилгээнүүд уртасгасан цагаар ажиллалаа. 
 
Төвийн зургаан дүүргээс Чингисийн талбайд гарч ажилласан нэмэлт цэгүүд амралтын өдрүүдэд 10:00-17:00 цагийн хооронд татвар хураах ажлыг эрчимжүүлэн ажилласан. Мөн энэ үеэр тээврийн хэрэгслийн болон жолоочийн хариуцлагын даатгалыг хийж байлаа. Түүнчлэн Улаанбаатар хотын Замын цагдаагийн газраас Чингисийн талбайд татвараа төлөхөөр ирсэн жолооч нарын автомашиныг байршуулан зогсоолыг гарган, түүнд хяналт тавьж ажилласан юм. 
 
Талбайн урд байрлах талбайг автомашины зогсоол болгосон нь чирэгдэл багатай байгаа тухайн үед татвараа төлөхөөр очсон хүмүүс хэлж байсан. Мөн тэд энэ онд татвар хураах ажлыг хоёрдугаар сараас эхлүүлж, олон цэгийг ажиллуулсан учраас чирэгдэл багатай байсанг онцолж байлаа. Гэвч Чингисийн талбайд амралтын өдрүүдэд татвараа төлөхөөр очсон хүмүүс урт дараалал үүсгэж байгааг албаны хүмүүс онцолсон.
 
Хэрэв энэ сарын 1-ний өдрөөс өмнө татвараа төлөөгүй бол тухайн тээврийн хэрэгсэлд өдөр бүр торгууль ногдуулахыг албаны хүмүүс хэлсэн юм. Тухайлбал,нийслэлийн Татварын газрын Тээврийн татварын хэлтсийн дарга М.Шижирбаяр “Энэ жил татвар төлөх ажлыг ирэгдэд чирэгдэл багатайгаар зохион байгуулсан. Тиймээсдүүрэг бүрт нэг цэгийн үйлчилгээнүүд уртасгасан цагаар ажиллаж байгаа. Татвар төлөх хугацаа дууссан өдрөөс хойш нэгдсэн арга хэмжээ зохион байгуулна. Заримаас нь дурдвал замын цагдаа тээврийн хэрэгслийг зогсоож, төхөөрөмжөөрөө татвараа төлсөн эсэхийг шалгана. Тухайн төхөөрөмжид татвар төлсөн эсэх бүхий л мэдээллийг суулгасан. Шалгахад татвараа төлөөгүй бол торгууль ногдуулна. Торгуулийн хэмжээг Замын цагдаагийн газар тогтооно” гэсэн юм. 
 
Торгуулийг нийслэлийн Засаг даргын захирамжийг биелүүлээгүй гэдэг үндэслэлээр тогтоох бөгөөд торгуулийг арга хэмжээг өдөр бүр авна. Өөрөөр хэлбэл жолооч та тогтоосон хугацаанд татвараа төлөөгүй бол өнөөдөр, маргааш гээд татвараа төлөх хүртлээ өдөр бүр торгуулна гэсэн үг.
 
Татвараа төлсөн эсэхийг шалгах нэгдсэн арга хэмжээг Замын цагдаагийн газрын алба хаагчид авахаас гадна тус арга хэмжээнд Улаанбаатар хотын Замын хөдөлгөөний удирдлагын төв хамтран ажиллах юм. Тодруулж хэлбэл, татвараа төлөөгүй тээврийн хэрэгслийг хяналтын камераар илрүүлэн торгуулийн хуудсыг нь гэрийн хаягаар хүргэх юм. 
 
Энэ мэтээр татвараа төлөөгүй тээврийн хэрэгслийг торгуулийн арга хэмжээ авна. Энэ талаар Улаанбаатар хотын Замын цагдаагийн газрын дарга Ч.Жаргалсайхан “Татвар төлөх хугацаа дууссаны дараахь нэгдсэн арга хэмжээг жил бүр л зохион байгуулдаг. Энэ жил ч нэгдсэн арга хэмжээг зохион байгуулна. Хэрэв татвараа тогтоосон хугацаанд төлөөгүй бол Захиргааны хариуцлагын хуулийн дагуу торгуулийн арга хэмжээг авна” гэсэн юм.
 
Ямартай ч энэ жил татвар хураах ажлыг тээврийн хэрэгслийн улсын дугаараар ангилан сар бүр авч байх ажлын эхлүүллээ. Гэхдээ энэ онд туршилтаар уг арга хэмжээг туршилтаар зохион байгуулж байгаа юм. Цаашдаа автомашины татвар хураах ажпыг энэ хэлбэрээр зохион байгуулна. Тиймээс ирэх 2016 оны нэгдүгээр сараас эхлэн сар бүр татвар хураах юм. Тодруулбал, жолооч таны автомашины улсын дугаар
 
•1,6 тоогоор төгссөн бол нэгдүгээр сард
 
• 2, 7 тоогоор төгссөн бол хоёр дугаар сард
 
• 3, 8 тоогоор төгсссөн бол гуравдугаар сард
 
• 4, 9 тоогоор төгссөн бол дөрөвдүгээр сард
 
• 5,0 тоогоор төгссөн бол тав дугаар сард албан татвар, төлбөр хураамжаа төлнө. Харин татвараа тухайн сардаа төлөөгүй бол торгуулийн арга хэмжээг авна.
 
Улаанбаатар хотын хэмжээнд 475 мянга орчим автомашин байдаг гэсэн тоо бий. Гэхдээ үүнээс 100 гаруй мянган автомашин нь замын хөдөлгөөнд оролцдоггүй аж. Гэсэн хэдий татварыг нөхөн төлөөлүүлэх замаар татвар хураалтын төлөвлөгөөг биелүүлдэг аж. Энэ жил тээврийн хэрэгслийн татвар хураалт, агаарын бохирдлын төлбөр зэргээс 22.5 тэрбум төгрөгийг төвлөрүүлэх төлөвлөгөөтэй. Тус хөрөнгө нь нийслэлийн автозамын бүтээн байгуулалтын ажилд зарцуулагдах юм.
 
Г.Баярцэцэг
Эх сурвалж: "Нийслэл таймс" сонин