sonin.mn
Хотынхны хөл дүүжлэн ажил, сургуульдаа очдог нийтийн тээврийнхэн өнгөрөгч сарын 25-наас эхлэн ажил хаялт зарлаад өнөөдөр ес дэх хоногтойгоо залгаж байна. Өөрөөр хэлбэл, “Зорчигч тээврийн нэгтгэл” ОНӨААТҮГ буюу “Автобус-1”, “Автобус-2”, “Автобус-3”, “Цахилгаан тээвэр” компанийн 500 орчим ажилчид “цалингаа нэм" гэдэг шаардлагыг холбогдох хүмүүст тавиад байгаа юм. Гэвч энэ хэд хоногийн хугацаанд талууд ширээний ард суусан ч гэлээ ямар нэгэн шийдэлд хүрч чадахгүй л байна. 
 
Төрийн өмчит нийтийн тээврийн компани буюу “Зорчигч тээврийн нэгтгэл” нийт 298 том оврын автобус, троллейбус, 1600 гаруй ажилтантай. Тэгвэл өнөөдрийн байдлаар үүнээс 27 автобус найман чиглэлд үйлчилгээ үзүүлж байна. Үүний 13 троллейбус, 14 автобус үйлчилгээнд гараад байгаа ажээ. Уг нь бол тэд нийт 27 чиглэлд 240 орчим автобусаар үйлчилгээ үзүүлэх үүрэг хүлээсэн байдаг юм билээ. Дайны хажуугаар дажин гэж төрийн өмчит ганц компанийн ихэнх ажилчид ажил хаясныг далимдуулж бага оврын микроавтобус, жижиг тэрэгтэй “халтуурчид” үнээ нэмж олон иргэдийг бухимдуулж байна. Бараг арван өдрийн өмнөөс эхэлсэн ажил хаялт өнөөдрийг хүртэл үргэлжилж байгаа нь хоёр нарны хооронд амьдралаа залгуулж байгаа жирийн иргэдэд хүндээр тусч байгааг хэлэх хүн олон байгааг дуулгах гэсэн юм.
 
Аливаа асуудлыг оролцогч талууд хоёр талаасаа суугаад зөвшилцөж болдогсон. Гэвч нийтийн тээврийн ажил хаялт болохоор гарц олдож, шийдэлд хүрэхгүй байгаа нь хачирхалтай. Ер нь болж буй үйл явцаас харахад хэн нэгний ашиг сонирхол яваад байгааг ч үгүйсгэхгүй. Тухайлбал, ажил хаялт зарласан нөхдүүдийн ард талд Монголын тээвэр, холбоо, газрын тосны ажилтны Үйлдвэрчний эвлэлийн холбоо гэх байгууллага байгаа юм байна. 
 
Тэгэхээр Монголын тээвэр, холбоо, газрын тосны ажилтны Үйлдвэрчний эвлэлийн холбоо гэх байгууллага төрийн өмчит газрын үйл ажиллагаанд хөндлөнгөөс оролцож, олон хүний эрх ашгийг уландаа гишгэх хэр ёс зүйтэй асуудал юм бол гэх асуулт гарч байна. Нэг талаас зорчигч тээврийн үйлчилгээ үзүүлж байгаа хүмүүсийн хамгийн тулгамдсан асуудал цалин хөлсийг нэмэгдүүлж нийгмийн батлагааг хангах нь байж болох асуудал. Гэвч ажлаа хиймээр байна гээд ирсэн 100 орчим ажилчдыг “Ажилдаа гарах юм бол хохь нь шүү. Аятайхан байгаарай” гэх ухааны юм яриад сууж байгаа нь эрхийг нь хамгаалаад байна уу эсрэгээрээ зөрчөөд байна уу. Үүнийг тэд бас бодох л ёстой. 
 
Ер нь Үйлдвэрчний эвлэл гэдэг байгууллагын хамгийн сайн хийж чаддагажил нь хэн нэгнийг турхирч, хөлсөөр зохион байгуулалттай “Ажил хаялт хийлгэх” гээд хэлчихэд нэг их буруудахгүй болов уу. Яагаад гэвэл өмнөх бүх үйл ажиллагаа яг ийм л найруулгатай явж ирсэн билээ. Тэгвэл одоо Монголын тээвэр, холбоо, газрын тосны ажилтны Үйлдвэрчний эвлэлийн холбоо гэх байгууллагаас асуух асуулт байна. Тэд ажил хаялтад оролцсон хүмүүсийн нийгмийн сайн сайхны төлөө ямар ажил хийв? Цалинг нэмэгдүүл хэмээн шантаажлахаас өөрөөр шүү дээ. 
 
Энд албаны хүний яриаг онцлоё. Учир нь тэрээр халуун тогоонд ажиллаж байгаа тул аль аль талын байр суурийг голыг нь олоод хэлчихсэн байна. Тухайлбал, Зорчигч тээврийн нэгтгэл ОНӨААТҮГ-ын захирал Ц.Одонтунгалаг нэгэн хэвлэлд өгсөн яриандаа “Дулаан, цахилгаан, эрүүл мэнд, нийтийн тээврийн салбар бол улсын онцгой обьект гэж явдаг. Энэ онцгой обьектууд ажил хаялт зарлахыг хуулиараа хориглосон байдаг. Үйлдвэрчний эвлэл болон Хөдөлмөрийн тухай хуульд ч тодорхой заасан байдаг. Манай байгууллагаас ажил хаялтыг зохион байгуулаагүй, тодорхой тооны ажилчид дэмжих хэлбэрээр оролцож байгаа. Ажил хаялт зохион байгуулсан, хамтын маргаан үүсгэсэн газар нь Үйлдвэрчний эвлэлийн төв зөвлөл. Тэр дундаа Газрын тосны үйлдвэрчний эвлэлээс зохион байгуулсан. Энэ байгууллага хамтын маргаандаа дэмжлэг авахын тулд харьяа салбар автобус баазуудыг татан оролцуулсан. Уг нь үүссэн асуудлыг шийдвэрлэх олон гарц боломж байхад ажил хаялт зарлаж, эргээд ажил хаялтаар шаардлагаа биелүүлэх гэсэн шантаажлах байдал ажиглагдсан. Улаанбаатар хотод ажиллаж амьдарч байгаа 1.2 сая иргэдийн сая орчим иргэн нь нийтийн тээврээр үйлчлүүлдэг. Гэтэл нийтийн тээврийн үйлчилгээг дуртай үедээ зогсоож, ард иргэдэд хохирол учруулж байгаа нь хууль зөрчсөн хэрэг шүү дээ. Зарим ажилчид маань үүнийгээ ч мэдэхгүй, цалинг нь нэмүүлнэ гэсэн сургаар дэмжиж, ажлаа хаяж байна. Бид ажилчдын цалин, урамшууллын асуудлыг шийдвэрлэх гэж өнгөрсөн нэгдүгээр сараас хойш уулзаж, ярилцсан. Хоёр тал ажилчдын цалинг 25 хувиар нэмнэ гэсэн шийдэлд хүрсэн байсан. Гэтэл Үйлдвэрчний эвлэлээс ажил хаялт зарлаж нийслэлийн удирдах байгууллагад тарифын хэлцлийг мөрдүүлэх шаардлагыг тавьж гэнэт ажил хаялт зарласан. Үйлдвэрчний эвлэлд ажил хаялт зарлахаас өөрөөр асуудлыг шийдвэрлэх боломж байсаар байхад хамгийн эцсийн хувилбарыг хэрэглэсэн нь нэгдүгээрт иргэдэд маш том хүндрэл үүсгэлээ. Нөгөө талд нийгмийн захиалгат үйлчилгээ явуулдаг онцгой обьектын хэвийн үйл ажиллагаа алдагдахад хүргэж байна. Үйлдвэрчний эвлэл ажилчдын эрх ашгийг хамгаалж шаардлага тавих эрхтэй. Харин ниймгийн онцгой обьектын хэвийн үйл ажиллагааг зогсоож болохгүй. Нэг талаараа хууль зөрчсөн хэрэг’’ гэжээ. Эндээс олон нийт ажил хаялттай холбоотой бас нэг ойлголтыг авах биз ээ.
 
Жолооч, кондукторууд сард 700.000-1.000.000 төгрөгийн цалин авдаг
 
Зорчиг тээврийн нэгтгэлийнхэн тарифт цалин буюу жолооч, кондуктор нарын нэг цагийн цалинг 4000-5500 төгрөгөөр бодохыг шаардан ажил хаялт зарлаад байгаа. Тэд өнгөрсөн гуравдугаар сард мөн ийм арга хэрэглэн цалингаа 25 хувиар нэмүүлсэн. Үндсэн цалинг нь ийн нэмээд байхад нийслэлийн 1.2 сая хүнд хүрч үйлчилдэг Салбар гэдгээрээ түүрий барин тус компанийн жолооч, кондукторууд даврах нь хэрээс хэтэрлээ. 
 
Хэрэв тэдний хүссэнээр нэг цагийн цалин 4000 мянган төгрөг ажлын найман цаг гээд бодохоор өдөрт 32 мянган төгрөгийн цалинтай болж таарах нь. Үүнийг нэг сараар нь буюу 22 хоногоор бодоод үзэхэд 704 мянган төгрөгийн цалин гарахаар байна. Үүн дээр шагналт цалин, урамшуулал нь нэмэгдэхээр нөгөө хэлээд байгаа нэг сая төгрөг чинь өлхөн хүрнэ. Энэ бол одоо нэмээгүй байгаагаар нь тооцож үзсэн хэрэг шүү. Ер нь бол тус компанийн жолооч сард дунджаар нэг сая 170 мянга, кондукторууд 700 мянган төгрөгийн цалинтай юм билээ. 
 
Гэтэл үүнийгээ дахин нэмүүлэхээр улайрч буй нь ёс зүйгүй үйлдэл гэдгийг хүн бүхэн яриад байгаа. Учир нь Үндэсний статистикийн газраас гаргасан судалгаагаар монголд дундаж цалин 598 мянган төгрөг. Магадгүй үүнээс бага цалин аваад амьдралаа залгуулж буй маш олон өрх бий. Гэтэл автобус компанийн жолооч, кондукторууд дунджаас дээгүүр цалин хөлс авч байж ахин дахин “цалин нэм” хэмээн шантаажилж байгаа нь өөрөө утгагүй асуудал. 
 
Мэдээж хэн ч гэсэн боломжийн цалинтай, сайхан амьдрахыг хүсэлгүй л яахав. Гэтэл өнөөдөр улс орны нөхцөл байдал ямар байгаа билээ дээ. Тэгэхээр Зорчигч тээврийн нэгтгэлийн ажил хаялт зарлаад байгаа нөхдүүдэд бодит байдлаа нэг хараад үзээрэй гэж сануулмаар байна. Харин ч тэд цалингаа нэмүүлнэ гэж улайрч, олон нийтийн эрх ашгийг хохироож байхынхаа оронд сайн ажиллаж, тэр хэмжээндээ цалингийн нэмэгдэл авч болох. Хэн сайн ажилласан нь өндөр цалин авдаг бичигдээгүй дүрэм аль ч байгууллагад бий. 
 
Мөн үйлчилгээний соёл, харьцаан дээрээ гайхмаар өөрчлөлт хий л дээ. Тэгвэл магадгүй олон нийтийн зүгээс үнэхээр нийтийн тээврийн үйлчилгээнд шинэчлэл гарлаа гээд та бүхнийг дэмжихийг үгүйсгэхгүй. Яг үнэндээ ажил хаялт зарлагсдын тавьсан шаардлагыг хүлээж авбал шатахуун болон нийгмийн даатгалд өртэй байгаа компани энэ ачааллыг даахгүй гэсэн тооцоог эдийн засагчид хийсэн байна лээ. Үйлдвэрчний эвлэлийн хүссэнээр жолооч, кондукторуудад тарифт цалинг нь өгөхөд таван тэрбум төгрөг шаардлагатай аж. Ийм мөнгө одоо байхгүй. Тийм ч учраас өнгөрсөн хугацаанд үндсэн цалинг 25 хувиар нэмэгдүүлэх саналыг хүлээн авч шийдвэрлэсэн юм билээ.
 
Холбогдох хүмүүс нь шийдвэрээ хурдан гаргамаар байна
 
Нийслэлчүүд ажил хаясан нийтийн тээвэртээ “барьцаалагдаад” арав хонож байхад холбогдох хүмүүс ямар нэгэн шийд гаргахгүй байгаа нь хачирхалтай. Нөгөө иргэддээ чирэгдэлгүй үйлчлэх ёстой төрийн үйлчилгээ чинь хаана байна. Яг үнэндээ цалин нэмэх асуудлыг Зорчигч тээврийн нэгтгэл бие даан шийдвэрлэх эрхгүй юм билээ. Учир нь, тус компанийн эрх бүхий байгууллага буюу нийслэлийн удирдлагууд шийдвэр гаргах ёстой. Одоогоор улсаас тогтоосон тарифт цалинг мөрдөж ажиллах чиглэл өгөөгүй аж. 
 
Тарифын хэлэлцээрийг дагаж мөрдөх талаар асуудлын хүрээнд 2013 онд Засгийн газар, яам, нийслэл, ажил олгогчдын холбоо, том оврын автобусны холбоод нэгдэн хэлэлцээр байгуулжээ. Тэгэхээр Зорчигч тээврийн нэгтгэл компанийн захирал Ц.Одонтунгалагын хэлснээр “Талууд тарифт цалин олгохын тулд үүргээ биелүүлж ажиллах ёстой. Манайх нийслэлийн өмчит үйлдвэрийн газар учраас төсөв захиран зарцуулах хэмжээ хязгаарыг нийслэлээс зааж өгдөг. Тарифт цалинг хэрэгжүүлэх эцсийн шийдвэрийг нийслэлийн Засаг дарга, түүний Санхүү эрхэлсэн орлогч дарга Н.Батаа нар гаргах" юм байна. 
 
Иргэдийн зүгээс хүсч байгаа нэг зүйл нь ердөө л автобуснуудаа ажилдаа гаргаач гээд байгаа. Үнэхээр төрийн өмчит компани юм бол болох болохгүйгээ ярилцаад шийдэлд хүрч чадахгүй дүлэгнэж байхаар төр хатуудаа хатуу байх бодлогоо хэрэгжүүлээч. Төрөөс явуулж байгаа нэгдсэн бодлогод захирагдаж ажиллахгүй гэсэн хүмүүсийнх нь тойрохыг зураад явуулахад ч буруудах юмгүй. Яагаад гэвэл тэд хөдөлмөрийн гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлэхгүй хичнээн хоног шантаажлах юм бэ. Эсвэл хэн нэгний ашиг сонирхол байгаа юмуу. 
 
Яг үнэндээ олон нийтийн зүгээс бол ажил хаялтын цаана ашиг сонирхлын асуудал байгааг ч үгүйсгэхгүй гэх “тэнэмэл үг” яваад байгааг нийслэлийн удирдлагуудад дуулгамаар байна. Хэрэв энэ “хээрийн үг” оргүй бол ямар нэгэн зоригтой шийдвэр гаргаад асуудлыг нэг тийш шийдээд өгөөч. Үгүй дээ л арав хоногийн хугацаанд жирийн иргэдийн хувийн унаанд төлж байгаа мөнгө ч гэсэн цагаа тулахаар нэмэр болмоор л юм. Ажил хаялт болсноос хойш нийтийн тээвэрт хичнээн төгрөгийн алдагдал болов гэдгийг ч гаргаад л тавь. Хэн ямар хариуцлага хүлээх ёстой юм бэ. Хууль дүрэм гэж байна уу. Ингэж “өөх ч биш булчирхай ч биш” байхын оронд нийтийн тээвэртээ “барьцаалагдсан” иргэддээ тоймтой хариулт өгөөч ээ.
 
О.Жаргал
Эх сурвалж: "Нийслэл таймс" сонин