sonin.mn
Засгийн газрын хуралдаанаас Байгалийн түүхийн музейг  Их тэнгэрийн аманд барьж байгуулах шийдвэрийг гаргасан.  1924 онд Үндэсний музей нэртэйгээр анх байгуулагдаж одоогийн барилга нь 1955 онд Хөдөө аж ахуйн техникумын зориулалттай баригдсан байдаг. Барилгын ашиглалтын хугацаа бүрэн дуусч 2013 оноос Байгалийн түүхийн музей олон нийтэд үйлчлэх үндсэн үйл ажиллагааг бүрэн зогсоосон.  
Соён гэгээрэл, урлаг, түүх нь улс үндэстний амин судас. Тийм ч учраас У.Хүрэлсүхийн Засгийн газар эх орныхоо нэн чухал бүтээн байгуулалт хэмээн үзэж Их тэнгэрийн аманд зай талбай, агаар орчин, жишиг бүтээн байгуулалт бүхий цогцолбор хэлбэрээр шинээр  барьж байгуулах ажлыг шуурхайлахаар шийдвэрлэв. Шинэ “Байгалийн түүхийн музей” нь авто зогсоол болон гэр бүлийн амралт чөлөөт цагт зориулсан үйлчилгээтэй байх тул Богд уулын цогцолборын дагуу Их тэнгэрийн аманд баригдахаар болж байна. 
Засгийн газрын тэргүүн “Байгалийн түүхийн музей”-г Их тэнгэрийн аманд барих асуудлыг дэмжиж, холбогдох хууль тогтоомжийн хүрээнд газар ашиглуулах гэрээ байгуулан хамтарч ажиллахыг холбогдох хүмүүст даалгасан бол музейн барилгын ажлыг гүйцэтгэхэд шаардлагатай техникийн нөхцөл, зөвшөөрлийг холбогдох хууль, журмын дагуу олгож дэмжлэг үзүүлж ажиллахыг ч мөн холбогдох газрын удирдлагуудад үүрэг болгоод байна. 
Дашрамд сонирхуулахад Төрийн тусгай хамгаалалттай Их тэнгэрийн ам хэсэгт АСЕМ-ийн үеэр хувийн компанид 7.4 га газар олгосон НОЦТОЙ асуудал байдаг юм байна. Тус газрыг судалж холбогдох хуулийн дагуу Музейн газраар шийдвэрлэхийг Ерөнхий сайд үүрэгджээ. 
Байгалийн түүхийн музейг Их тэнгэрийн аманд барих шийдвэр гаргасан явдлыг мөн хуучин барилгын газрыг ямар хэлбэрээр ашиглах тухайд цахим орчинд нэлээд шүүмжлэл дагуулж байна. Тэгвэл Ерөнхий сайдын зөвлөх А.Үйлстөгөлдөр тайлбартаа “Байгалийн түүхийн музей”-н одоогийн барилгын газрыг дуудлага худалдаагаар юмуу ямар нэгэн зохицуулалтаар хэн нэгэнд шилжүүлж хувьчлахгүй. Харин уг барилгыг нураан оронд нь дахин музей босгоно. Одоогоор хаадын эсвэл түүхийн гэх мэт хувилбарууд яригдаж байна” гэх тайлбарыг өөрийн цахим хуудсаараа мэдэгдсэн байна.