sonin.mn
Ливийн Үндэсний зөвшилцлийн газрын тэргүүн Фаиз Сараж Олон улсын  эрүүгийн  шүүхэд  маршал Халифа Хафтарын удирдсан Ливийн үндэсний армийн үйл ажиллагааг судлахыг уриалсан байна. Тэрээр “Би энэ шүүхээс Хафтарын цэргүүдийн үйлдэж байгаа гэмт хэргийг судлах багийг Ливи рүү яаралтай илгээхийг хүсч байна” гэж  Олон улсын эрүүгийн шүүхэд илгээсэн захиандаа бичжээ. Түүний захидлыг Триполи хотын Гадаад хэргийн яамны хэвлэлийн төлөөлөгч  Мухамед Аль Каблави “Ливия аль Ахрар” телевизээр  дамжуулсан хэвлэлийн хурлын үеэр уншсан байна. Фаиз Сараж “ Ливи рүү илгээх судлаачдын багийн хийх аяллыг хөнгөвчлөхийн тулд хэрэгтэй тусламж болон бүх арга хэмжээг авна” гэж амлаж байгаагаа дурджээ.Түүний хэлснээр Хафтарын арми хүмүүс амьдардаг бүс нутаг, онгоцны буудал, цэргийн сургууль, дүрвэгчдийн төв байрыг бөмбөгдсөн байна. Мөн Ливийн парламентын нэг гишүүнийг барьцаалжээ.Ливи  улсад 2011 онд удирдагч Муаммар Каддафи сөргөлдөгч хоёр хүчний мөргөлдөөний үеэр амь үрэгдсэнээс хойш  хямрал үргэлжилсээр байна. Энэ оронд одоо Хафтарын Үндэсний Ливийн арми дэмжиж байгаа зүүн нутгийг нь хянаж байгаа  түр Засгийн газар, Триполи хотод төвтэй Фаиз Саражийн тэргүүлж байгаа Үндэсний зөвшилцлийн Засгийн газар гэсэн хоёр газар ноёрхлоо тогтоогоод байгаа юм.
 
 
Х.Оюунболд
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин