sonin.mn
Туяра Саввина гэдэг орос эмэгтэй гэр бүлээрээ Харбинд олон жил амьдарчээ. Түүнээс хятадууд корона вирустай яаж тэмцсэн талаар сурвалжлагч ярилцжээ. Жирийн иргэний ажиглалт ч гэсэн их сонирхолтой бөгөөд авууштай юм. Хятадуудын шуурхай ажиллагаа, өндөр зохион байгуулалт таалагдаж байна гэж жигтэйхэн. Энэ ярилцлагыг орчуулан хүргэе. Үүнийг манайхан бүгдээрээ, түүний дотор манай дарга нар заавал уншаасай гэж хүсч байна. Учир нь энд авах юм маш их байна. 
 
– Цар тахлын үеэр Хятадын хотын гудамжуудыг тусгай уусмалаар ариутгаж байсан. Энэ нь чухам юу юм бол, Та үүнийг мэдэх үү ?  
 
Тусгай техникээр ариутгах бодис цацаж байсан. Чухам юу болохыг би мэдэхгүй, гэхдээ үнэр нь хлорыг санагдуулж байсан. Гудамжийг цагаан хөөс бүрхтэл цацсан, иймээс би хлороор ариутгасан гэж ойлгосон.   
 
– Орцуудыг  ч бас адилхан уу ?  
 
Байшингийн орц, лифтүүдийг бүгдийг нь хлороор угаасан. Үнэр нь яг эмнэлгийнх шиг байсан.  
 
– Гараа байнга угааж байсан уу ?
 
Гаднаас гэртээ орж ирэх болгондоо ариутгагчаар угааж байсан. Нүүрээ ч гэсэн угаавал зүгээр.
 
– Нүүрэндээ битгий гар хүр гэж заагаад байсан, салслаг бүрхэвчид…
 
Тийм ээ, бид нүүрэндээ гараа хүргэж байгаагүй.
 
– Нүүрэндээ гар хүрэхгүй байх хэцүү юу ?
 
Дасдаг юм аа. Сүүлдээ сурчихсан.
 
– Гаднаас орж ирснийхээ дараа гадуур хувцсаа бас л ариутгаж байсан уу ?
 
Балкон дээрээ гаргаж, тэнд салхинд тавьдаг байсан. Дараа нь үүднийхээ өрөөнд өлгөж болно. Гадагш гарахдаа ахиад л өмсөнө. 
 
– Гутлаа яах болж байна ?
 
Улыг нь хлороор арчиж цэвэрлэдэг байсан.
 
– Дэлгүүрээс хүнс авахдаа яахав ?
 
Бүх хүнсийг заавал битүү боодолд ороосон, түүнийгээ спиртээр арчиж байсан. Ингээд гаднаас гэртээ орж ирмэгцээ худалдаж авсан бүх зүйлээ ванны өрөөнд оруулж, тэндээ савтай сүү, тараг, лааз, болон хатуу зүйлийг савантай халуун усаар угааж байсан. Үүний дараа бүгдийг нь спиртээр ахин нэг арчина.   
 
– Хаалганы бариулыг арчиж байсан уу ?
 
Тийм ээ, спиртээр арчиж байсан. Гаднаас орж ирээд гар хүрсэн бүх зүйлээ арчиж байсан. Дашрамд  гар утсаа спиртээр арчихаа мартав аа.
 
– Гадаа гудамжинд юманд хүрэхдээ зөвхөн бээлийтэй хүрдэг байсан уу ?
 
Бээлийгээ авдаггүй байсан. Хүйтэн байвал энгийн бээлийгээ өмсөөд дээрээс нь нэг удаагийн целлофан бээлий өмсөж байсан. Харин дулаан болохоор зөвхөн латекс бээлий өмсдөг болсон.       
 
– Латекс бээлийгээ хэрэглэсний дараа хаядаг байсан уу ? Хоёр дахь удаагаа өмсөөгүй биз дээ ?
 
Нэг удаагийнх юм чинь хаялгүй яахав.
 
– Та ямар нэг тусгай ариутгагч хэрэглэж байсан уу ?
 
Манай хотын бүх оршин суугчдад нэг нэг лонх эмнэлгийн спирт үнэгүй өгсөн. Эсвэл хотын мэр бэлэглэсэн, эсвэл спирт заводын захирал хандивласан байх.
 
– Арчихын тулд эмнэлгийн спирт дээрээ ус нэмж шингэлнэ биз дээ ?
 
Үгүй, тэр спиртийг цэврээр нь ашиглах хэрэгтэй, шингэлсэн спирт ямар нэмэр болох билээ ?
 
– Та түүнийгээ шүршигчид хийсэн үү ?
 
– Хавтгай хөвөнд шингээгээд арчдаг байсан.
 
– Бүхий л хорио цээрийн үеэр хэр их спирт хэрэглэсэн бэ ?
 
– Сард нэг литрийн лонх спирт, заримдаа арай илүү орно.
 
– Гудамжинд дэг журам сахиулж, хорионы үеэр байрны гадаа жижүүрлэж, халуун хэмжиж байсан тэр хүмүүс ямар хүмүүс вэ ?
 
– Ханцуйдаа улаан туузтай нь сайн дурынхан, тэр байрны жирийн оршин суугчид. Идэвхитэй хөршүүд гэж болно. Үүний дээрээс орцны жижүүр, байрны хамгаалагчид нэмэгдэнэ.  
 
– Тэд өөрснөө туслах гэж ирсэн үү ? Үнэ хөлсгүй юу ?
 
– Мэдээж өөрсдөө. Тэдэнд ямар ч нэмэлт мөнгө өгөөгүй.
 
– Цар тахлын ид үеэр Хятадад маска дууссан. Энэ үед Та яасан бэ ?
 
Цар тахлын бүр эхэнд л маска дууссан, тэр ч байтугай онлайнаар ч олох боломжгүй болсон. Манайд ердөө л 50 маска байсан юм. Энэ маань дуусангуут бид хуучин маскаа угааж, индүүдээд хэрэглэж эхэлсэн. Ингэхгүй бол хаанаасаа маска олох билээ ? Гадагшаа маскагүй гарч болохгүй байсан. Бас ариутгалтай холбоотой бүх зүйл хомс болсон. Хлор, угаагч нунтаг алга болж, бүх саванг, ялангуяа бактерийн эсрэг саван нүдний гэм болсон. 
 
–Дархлаагаа дэмжихийн тулд юу идэхийг, юунаас татгалзахыг зөвлөж байсан бэ ?
 
Бид юунаас ч татгалзаж байгаагүй. Дархлаагаа дэмжихийн тулд имбир, лимон, зөгийн балтай цай ууж байсан. Имбирээ үрүүлээр үрж жижиглээд л цайндаа хийнэ. Харин улс оронд даяар хүмүүсийг хянах ажлыг сонор сэрэмжтэй хөрш, сайн дурынхан хийж байсан юм.   
 
– Хотын гудамжийг юугаар цэвэрлэж байсныг би их сонирхож байна. Гэтэл энэ бодисын  найрлагыг хаанаас ч олж чадсангүй.
 
Энэ талаар хаана ч бичиж байгаагүй. Харин гар болон гадаргууг спиртийн суурьтай уусмалаар ариутгадаг  байсан. 
 
– Аптекуудын ариутгах бүх бодисыг бүгдийг худалдаад авчихсан юм биш үү ?
 
– Аптекийнх бол маш хурдан дууссан. Гэхдээ маш олон орон сууцанд манай СӨХ-тэй төстэй байгууллага айлуудад үнэгүй спирт тараасан, бид түүгээр нь өрөөнийхөө бүх гадаргууг ариутгаж байсан. Тэр байтугай бид хаалгын бариул, ариун цэврийн зангилааг (санузел) цэвэрлэж байсан.    
Лифт, орцны хаалга болгонд спиртэн салфеткатай хайрцаг тавьж, хонх, хаалганы бариул зэрэгт гараараа огт хүрдэггүй байсан. Бүх зүйлд салфеткаар жийрэглэн хүрдэг байв. Гэтэл вирус усан хоолойн ууршилтаар дамжиж тархдаг гэсэн мэдээлэл гарсан юм. Хятадын сантехникч болгонд усны хоолойн бөглөө гаргах багаж байдаггүй юм. Бидэнд сантехникийн узелээ ариутгахыг зөвлөмж болгосон. Ийм болгоомжлолын энэ арга илүүдэхгүй, хэнд ч саад болохгүй.           
Олон айл гудамжинд өмссөн хувцсаа ариутгаад бусад зүйлээсээ тусгайд нь байлгадаг байсан. 
 
– Масканы явдал юу болсон бэ ?
 
– Хэн нэгний маска дуусвал тэр айл СӨХ рүүгээ хандаж, түүгээр дамжуулан маскаа захиалж байв. Хоёр өдрийн дараа гэр бүлийн бүх хэрэглээг хангах тооны маска ирдэг байлаа. Бээлий болон улавчийг ч гэсэн яг ингэж олж авна. Сайн дурынхантай харилцах, оршин суугчдад мэдээлэл хүргэхийг чат хийж онлайнаар явуулна. Бүхий л төрлийн санал зөвлөмжийг Хятадын Эрүүл Мэндийн Яам боловсруулж, нийтэд тараана.      
 
– Сайн дурынханд бүртгүүлсэн ухамсартай иргэд гэдэг чинь хэн юм бэ  ?
 
– Оршин суугчдын өөрийн зохион байгуулалт маш их үүрэг гүйцэтгэсэн. Хятадад орчин үеийн орон сууцнуудын олонхи нь тусгай тусгай байшин биш, харин нийтийн хаалттай талбай бүхий хэд хэдэн олон давхар барилга буюу “гарден”, эсвэл хэд хэдэн  багавтар орон сууц байдаг юм.      
СӨХ-ийн бааз суурь дээр оршин суугчдаас бүрдсэн сайн дурынхны бригад байгуулсан ба тэд “гардены” газар нутгийг хамгаалж, нийтийн талбай болон орцуудыг ариутгана. Энэ бүх ариутгах бодисыг улсаас төвлөрсөн журмаар олгодог байсан.      
Сайн дурынхан СӨХ-ийн хамгаалагч нартай хамтран орсон, гарсан оршин суугчдыг тусгай дэвтэрт бүртгэж, оршин суугчид “2-1-1” дүрмийг биелүүлж байгааг байнга хянана. Энэхүү “2-1-1” дүрэм нь өрхийн зөвхөн нэг гишүүн 2 хоногт зөвхөн 1 удаа хүнсэндээ гарч болно гэсэн зарчим юм. Түүнээс гадна сайн дурынхан хөршүүдийнхээ халууныг хэмжиж, айлуудаар тойрон явж үзлэг хийх бөгөөд  өвдсөн хүний талаар эмчид мэдэгдэнэ.           
Захисан хүнс болон барааг байрны хамгаалалтын пунктэд хүргэх ба тэндээсээ айлууд руу сайн дурынхан хүргэж өгнө. Зарим тохиолдолд оршин суугчид өөрсдөө очиж авч байлаа. Гэхдээ байрны гадаа хүргэж ирсэн хүргэгчтэй харьцаж огт болохгүй. Байрны гадаа ирсэн хүнс, бараа бүхий бүх хайрцгуудыг дахин ариутгана. Зарим том байрны хогийг мөн л сайн дурынхан ирж авна. Харин оршин суугчид хогоо үүдэндээ тавина. 
Дашрамд дурдахад байрны эзэд хорионы үеийн байрны төлбөрийг биднээс аваагүй, хоёр сар өнгөрөөд байхад аваагүй л байна.         
Дээрээс нь маш олон хүн хувийнхаа хадгаламжаас вирустай тэмцэх санд маш их мөнгө хандивласан. Бас эмч нарын сан гэж байсан бөгөөд тэр фондоос халдвар авч өвдсөн болон нас барсан эмнэлгийн ажилтнуудын нөхөн олговрыг өгдөг байсан. Мөн маш олон барилгачид түр эмнэлэг барих үедээ цалин авахаас татгалзаж байв.          
 
– Ийм хэрэгцээнд зориулсан хувийн сан байгуулсан уу ?
 
Бүх сан улсынх. Гэхдээ энгийн хүмүүсийн олонхи нь энэ санд мөнгө хийдэг байсан.
 
– “Зөвхөн хар амиа бодох” гэдэг ойлголт хятадуудад байхгүй гэж үү ?
 
– Хятадуудын бүх юм өөртөө ч, бусдад ч тэнцвэртэй байдаг юм. Тэднийг төгс болгох хэрэггүй л дээ. Жишээлбэл, Уханьд хөл хорио тогтоомогц 5 сая оршин суугч хар амиа бодон машиндаа сууж аваад хотоос зугтан гарч явсан. Ингээд л  халдвар тараасан юм даа. Карантин зарласны  дараа зам хаах тушаал оройтож өгсөн түшмэлийг хожим албан тушаалаас нь халж, шүүхээр шийтгэсэн.     
 
– Хорионы үеэр цагдаа ямар үүрэгтэй байсан бэ ?
 
Халдвар авсан хүн илэрсэн зөвхөн тэр тохиолдолд л цагдаа нарыг тийш жижүүр хийлгэхээр явуулах ба бүх байр, байрны комплексийг 14 хоног хатуу хорионд оруулна. Хоол хүнс, бүтээгдэхүүнийг айлуудын үүдэнд үлдээх ба үүнийг нөгөөх л сайн дурынхан гүйцэтгэнэ. Хорионы үеэр гэрээсээ гарахыг хатуу хориглосон.  
Энэ үйл явцыг “видео хяналтын” байранд сууж байгаа хамгаалагчид болон сонор сэрэмжтэй хөршүүд хянаж байсан юм. Үүнийг зөрчвөл эхлээд цагдаа нар ярилцана. Гэхдээ ихэнхи хятадууд  дэг журмыг бараг зөрчихгүй, хятадууд чинь маш сайн сахилга баттай улс.
Харин тахлын голомт Уханьд маскагүй явсан хүмүүсийг шууд торгож, эмнэлэг рүү авч явна. Цар тахлын эхэн үед бид цагдаа руу очиж, аль аптекад маска байгаа, тийшээ яаж очих зэргийг асуудаг байв. Цагдаа нарт бүхий л мэдээлэл байдаг байлаа.      
Цагдаа бас хотоос гарахыг хянаж байв. Хэрэв блокпост дээр, эсвэл дэлгүүрт очоод гэр рүүгээ орж яваа хүний халууныг хэмжинэ. Хэрэв халуунтай бол сайн дурын хүн буюу жижүүрийн эмчтэй хамт эмнэлэг рүү очиж шинжилгээ өгнө. Хэрэв үүнээс татгалзвал ёсорхоод байхгүй хүчээр авч явна. Ийм хүнд маш хүнд торгууль ногдуулж, улмаар түүний нийгмийн рейтингийг бууруулна, энэ нь түүний ирээдүйн ажил, зээл авах, бусад хүмүүстэй харьцахад ихээхэн хүндрэл учруулдаг. Корона вирусын халдвартай хүн орговол хуулийн хариуцлага хүлээлгэнэ. Эдгэрснийх нь дараа энэ хүнийг шоронд илгээнэ.            
 
– Бүх хүнийг үнэгүй эмчилж, шинжилсэн үү ?
 
Үнэгүй. Бас  нэг сонин юм нь аптекийн ажилтнууд жоргүйгээр халуун намдаах эм худалдаж авсан хүнийг нүүр царай таних тусгай албанд мэдээлэх үүрэгтэй. Ийм хүн шууд л сэжиглэлд орох бөгөөд төлбөрийн системийн суурь өгөгдөл болон нүүр царай таних системийн суурь өгөгдлөөс тэр хүнийг дор нь олж, гэрт нь ирж бүх гэр бүлийг нь шалгаж шинжилнэ…
 
 
Цар тахлыг ялсан Хятадын бүх нууц гэвэл энэ л байна даа…
 
Орчуулсан: Судлаач Х.Д.Ганхуяг.
 
2020 оны 11 дүгээр сарын 20.