сонин mn
СӨҮЛ. /Yonhap/. БНСУ "COVID-19"-ийн эсрэг вакцинжуулалтаа ирэх сараас эхлүүлж, энэ оны есдүгээр сар гэхэд хүн амынхаа 70 хувийг үнэ төлбөргүйгээр дархлаажуулахыг зорьж байна гэж тус улсын Өвчинд хяналт тавих, урьдчилан сэргийлэх төв өнөөдөр мэдээллээ. 
БНСУ-ын Засгийн газар Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын “COVAX” хөтөлбөр болон гадаадын эмийн дөрвөн компанитай гэрээ байгуулснаар 56 сая хүнийг дархлаажуулах “COVID-19”-ийн вакциныг авахаар тохиролцжээ. Мөн 20 сая хүнийг дархлаажуулах вакцин нэмж авахаар АНУ-ын “Novavax” эмийн компанитай гэрээ байгуулахаар ажиллаж байгаа ажээ.
Өвчинд хяналт тавих, урьдчилан сэргийлэх төвийн мэдээлснээр, эдгээр вакцин нь 52 сая хүн амыг дархлаажуулахад хангалттай хүрэлцэх юм. БНСУ-ын вакцинжуулалтын хөтөлбөрт эхний ээлжид халдвар авах эрсдэл өндөр бүлэг болох эмнэлэг, сувилал, асрамжийн газрын ажилтнуудыг энэ оны эхний улиралд хамруулна.
Дараагийн ээлжид 65 болон түүнээс дээш насны хүмүүс, эмнэлгийн бусад байгууллагад ажилладаг хүмүүсийг хоёрдугаар улиралд дархлаажуулна. Үүний дараа архаг суурь өвчтэй болон 19-64 насны хүмүүсийг гуравдугаар ээлжид буюу гуравдугаар улиралд вакцинжуулахаар төлөвлөжээ.
Эрх баригчдын мэдээлснээр, “AstraZeneca” компани болон “COVAX” хөтөлбөрийн вакциныг хамгийн эхэнд буюу хоёрдугаар сард хүлээн авах бол “Johnson & Johnson”, “Moderna” компани вакцинаа хоёрдугаар улиралд, “Pfizer” вакцинаа гуравдугаар улиралд нийлүүлэх ажээ. 
 
 
Э.Хулан
Эх сурвалж: Монцамэ агентлаг