sonin.mn
НЬЮ-ЙОРК. /TASS/. БНХАУ хиймэл оюун ухааны чиглэлээр хийсэн судалгаа, шинжилгээний тоогоор Европын холбоо /ЕХ/, АНУ-ыг ардаа орхиж, дэлхийд тэргүүлэгч орон болсон тухай Стэнфордын их сургуулийн мэргэжилтнүүд судалгаандаа дурджээ.
 
Тус улс шинжлэх ухааны сэтгүүлүүдэд гарсан эрдэм шинжилгээний өгүүлэл, шүүмж нийтлэлийн аль алиных нь тоогоор гол өрсөлдөгчид болох ЕХ, АНУ-ыг гүйцэж түрүүлжээ. Шинжлэх ухааны сэтгүүлүүдэд гарсан эрдэм шинжилгээний нийт өгүүллийн 22.4 хувийг Хятад улс эзэлж байгаа бол 16.4 хувь нь ЕХ, 14.6 хувь нь АНУ-д ногдож байна. Шүүмж нийтлэлийн хувьд БНХАУ 18 хувь, АНУ 12.3 хувь, ЕХ 8.6 хувийг тус тус эзэлжээ.
 
Гэсэн хэдий ч Стэнфордын их сургуулийн мэргэжилтнүүдийн тэмдэглэснээр, хиймэл оюун ухааны чиглэлээр практик үйл ажиллагаа эрхэлдэг эрдэм шинжилгээний байгууллагууд, компаниудтай хамтран хийсэн судалгааныхаа хэмжээгээр, мөн судалгаагаа амьдрал дээр хэрэгжүүлсэн байдлаар АНУ тэргүүлсэн хэвээр байна.
Дэлхийн хиймэл оюун ухааны салбарын судалгааны асуудлын талаарх Стэнфордын их сургуулийн судалгаа лхагва гарагт гарчээ. Энэ нь 2017 оноос хойш хийсэн дөрөв дэх судалгаа юм. Эрдэмтэд энэ удаа хиймэл оюун ухааны чиглэлээрх судалгааны ажилд коронавирусний цар тахал хэр их нөлөөлсөнд гол анхаарлаа хандуулсан байна. 
 
 
Д.Жаргал
Эх сурвалж: Монцамэ агентлаг