сонин mn
Хүн төрөлхтний түүхэнд анхны төрт улсыг үндэслэн байгуулж, хүчирхэгжүүлэн мандуулж, өргөн уудам тал нутагт нүүдэллэн аж төрж байсан монголчуудын аугаа эзэнт гүрнийг эмхлэн байгуулахад хатан ухаант, эрэлхэг дайчин бүсгүйчүүдийн оруулсан хувь нэмэр үлэмж их билээ. 1921 онд гадаадын эзлэн түрэмгийлэгчдээс эх орноо чөлөөлж, улсынхаа тусгаар тогтнол, бүрэн эрхт байдлыг хангаж, улс орноо сэргээн хөгжүүлэх их үйл хэрэгт эмэгтэйчүүд идэвхтэй оролцон, гадаад, дотоодын дайсны эсрэг зэвсэг барин тэмцэхээс эхлээд цэргийн аж ахуй, ар талын хангалтыг амжилттай зохион байгуулж, Н.Янжмаа, Ц.Бадамжав, Д.Пагмадулам тэргүүтэй нам, төрийн зүтгэлтэн, эх оронч тэргүүний эмэгтэйчүүд цөөнгүй төрөн гарсан түүхтэй. 1942 оны 7 дугаар сарын 7-ны өдөр Цэргийн явдлын яамны сайд, Бүх цэргийн жанжин, маршал Х.Чойбалсангийн тушаалаар “МАХЦ-т эмэгтэйчүүдээс цэргийн албаныг хаах тухай” зааврыг батлан гаргасан нь Монголын эмэгтэйчүүдийн цэрэг, батлан хамгаалах үйл хэрэгт хувь нэмрээ оруулах эхлэлийг тавьсан түүхэн ач холбогдолтой үйл явдал болсон юм.
 
 
1990 оноос дэлхий дахины цэрэг, улс төрийн нөхцөл байдал өөрчлөгдөж, олон улсын цэргийн хамтын хүч, хэрэгслийг онцгойлон авч үзэх болсонтой уялдан Монгол Улсын Зэвсэгт хүчин түүний дотор эмэгтэй цэргийн алба хаагчид НҮБ-ын энхийг сахиулах ажиллагаанд оролцох болсноор улс орны батлан хамгаалах, аюулгүй байдлыг хангах нэгэн шинэ үеийг эхлүүлсэн юм.
 
2006 оноос хойш Монгол Улсын 900 гаруй эмэгтэй офицер, ахлагч НҮБ болон НАТО-гийн энхийг сахиулах ажиллагаанд цэргийн ажиглагч, штабын офицероор болон цэргийн багт үүрэг гүйцэтгэж, НҮБ-д цэрэг хандивлагч дэлхийн 126 гаруй улсаас нийт энхийг сахиулагчдын тоогоор 25, эмэгтэй цэргийн алба хаагчдын тоогоор 17 дугаарт бичигдэж, нэг хүнд ногдох энхийг сахиулагчдаараа Ази тивдээ тэргүүлж байна.
 
Монгол Улсаас үүрэг гүйцэтгэсэн эмэгтэй цэргийн алба хаагчдын анхдагчдаас онцолбол 2006 онд НҮБ-ын Энхийг сахиулах ажиллагаанд анхны эмэгтэй ажиглагч офицероор ЗХЖШ-ын Цэргийн хамтын ажиллагааны хэлтсийн дарга, хурандаа Н.Нямжаргал, 2008 онд анхны эмэгтэй цэргийн алба хаагчид цэргийн багт, 2010 онд цэргийн хүчний штабт анх удаа штабын офицероор, 2013 онд анх удаа хүчний төв штабт хэлтсийн даргаар, 2015 онд НҮБ-ын Нью-Йорк хот дахь төв штабын Энхийг сахиулах ажиллагааны газарт анх удаа мэргэжилтнээр, 2015 онд анхны цэргийн багийн захирагчаар, 2018 онд хүчний штабт анхны эмэгтэй цагдаагаар, 2019 онд Афганистан улсад явагдаж буй НАТО-ийн эвслийн тэргүүлсэн “Шийдвэртэй дэмжлэг” ажиллагаанд ХБНГУ-ын Зэвсэгт хүчинтэй хамтарсан цэргийн багт анх удаа эмэгтэй бүрэлдэхүүн оролцож, өнөөдөр ч тэдний буухиа амжилттай үргэлжилсээр байна.
НҮБ-аас эмэгтэй энхийг сахиулагчдын оруулж буй хувь нэмэр, ач холбогдлыг дараах байдлаар үнэлсэн байна.Үүнд:
-Ажиллагаа явагдаж буй тухайн улс орны эмэгтэйчүүдийг чадваржуулах;
-Нийгэм дэх эмэгтэйчүүдэд хүмүүнлэгийн ажиллагааг ойртуулахад туслах;
-Орон нутгийн эмэгтэйчүүдтэй шууд харилцах, тэдний идэвх, оролцоог нэмэгдүүлэх;
-Мөргөлдөөн, сөргөлдөөнийг багасгахад туслах гэжээ.
2019 оны 7 дугаар сард зохион байгуулагдсан НҮБ-ын Энхийг сахиулах ажиллагаанд цэрэг илгээгч орнуудын Жанжин штабын дарга нарын хурлын үеэр яригдсан үндсэн 3 сэдвийн нэг нь Аюулгүйн зөвлөлийн “Эмэгтэйчүүд, энх тайван, аюулгүй байдал” тогтоолын хэрэгжилтийг хангахын тулд эмэгтэй энхийг сахиулагчдын тоог нэмэгдүүлэх асуудал байв. Учир нь эмэгтэй энхийг сахиулагчид нь тухайн орчиндоо үлгэр дуурайл болж, эрэгтэйчүүд давамгайлж буй нийгэм дэх эмэгтэйчүүдийг өөрсдийн эрхээ хамгаалах, энх тайвны үйл явцад оролцохыг уриалсан байдаг юм.
Зэвсэгт хүчний эмэгтэй цэргийн алба хаагчид даян дэлхийд энхийг сахиулахаас гадна орчин цагийн түүхт 100 жилийн түүхэнд удирдах албан тушаалаас эхлээд ар тал, үйлчилгээний алба хүртэл хүлээсэн үүргээ нэр төртэй гүйцэтгэсээр байгаа юм.