sonin.mn
Олон улсын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдрийг тохиолдуулан Зэвсэгт хүчний Хуурай замын цэргийн командлалын Санхүүгийн хэлтсийн дарга, хурандаа Т.Анухатанг энэ удаагийнхаа “Дугаарын зочин”-оор онцоллоо. Тэрээр Монгол Улсын Зэвсэгт хүчний хамгийн отгон эмэгтэй хурандаа юм.  
 
Таны бага насны дурсамжаас хоёул яриагаа эхлүүлье гэж бодлоо?
 
-Би бусад эмэгтэй цэргийн алба хаагчдын нэгэн адил жирийн нэг офицер, хүний хань, үр хүүхдийн ээж, сайн аавын охин. Аавыгаа дагаж машиных нь кабинд уйлсаар сууж, ажил руу очиж байсан тэр цагаас хойш цэргийн алба гэдэг миний хамгийн дотно орчин болсон. Миний бага нас цэргийн орчинд өнгөрсөн, хамгийн танил газар маань юм.
 
Тэгэхээр та чинь удам дамжсан цэргийн хүн байна шүү дээ?
 
-Тийм ээ. Миний аавыг Батдоржийн Төмөр гэдэг. 1971-1975 онд Цэргийн ерөнхий дээд сургуулийг автын мэргэжлээр төгсөж, Зэвсэгт хүчинд олон жил ажилласан хүн бий. Аав маань Монголын суудлын автомашины бартаат замын уралдааны улсын анхны аварга бөгөөд энгийн болон цэргийн салбарт 2000 гаруй жолооч, бага мэргэжилтнийг сургаж бэлтгэсэн багш хүн бөгөөд өдгөө гавьяаныхаа амралтыг эдэлж, ач зээгээ тойруулан жаргаж сууна.
 
Хэдхэн хоногийн дараа эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдөр тохионо. Ээжийнхээ талаар дурсаач? 
 
-Ээж маань бурхан болоод 11 жил өнгөрчээ. “Ээжийгээ хайрлахад маргааш гэж байдаггүй” гэдэг үгийг өнгөрсөн хойно нь л ойлгосон. Хүн ер нь аливаа юмыг сүүлд ухаардаг юм байна. Ижийгээ баярлуулж чадсан бил үү гэж бодохоор гол зураад явчихдаг.
 
Хань ижил, үр хүүхдийнхээ төлөө гэсэн ээжийн минь сэтгэл агуу байсан. Эрх зүйч мэргэжилтэй боловч намайг бага байхад эмч, багш, хуульч, сэтгэл зүйч, цагдаа гээд их олон мэргэжилтэй хүн шиг л санагддаг байлаа. Хүний дээд, амьдралын минь түшиг ээжийнхээ тухай дурсахад инээмсэглэл нь л хамгийн түрүүнд бууж байна. Ухаан орохоос эхлээд айлын бэр болтол минь хайрлаж өсгөсөн их хайр нь үнэхээр агуу байсан. Бидний багад их хатуу хүн байсан. Манайх 3 охинтой айл. Би дундах нь. Эгч ууган нь, дүү отгон нь гээд их эрх. Хамаг ажил над дээр буудаг байлаа. Сахилгагүй, хөдөлгөөнтэй хүүхэд байсан болоод тэр байх. Мөн чамгүй банга хүртэнэ шүү. Манай нөгөө хоёр туранхай, эмэгтэйлэг, би жаахан эршүүд маягтай. Тэр ч утгаараа аавыгаа дагаад цэргийн хүн болсон байх. Багадаа мөрдөн байцаагч эсвэл нисгэгч болно гэж мөрөөддөг байлаа. Би 6 дугаар ангид байхаасаа машин барьж, аавын калибр буугаар буудаад сурчихсан байсан. 
 
Мөрдэстэй бүсгүй болох сонголтод аавын нөлөө их байсан нь анзаарагдаж байна?
 
-Тэгэлгүй яах вэ. Өөрийн хүсэл сонирхол ч байсан. Есдүгээр ангид ордог жил ЦИС-ийн харьяа лицей анги нээгдэж таарсан. Тэр үед аав ээж хоёр ОХУ-д байсан ч санаандгүй байдлаар орчихсоноо тод санаж байна. Лицей төгсөөд ЦИС-д шалгалтгүйгээр элссэн. Сургууль төгсөх үед нэг дэд хурандаа орж ирээд “Офицерын сургуульд орох уу, ахлагчийн сургуульд орох уу” хэмээн асуухад ялгааг нь сайн мэдэхгүй болохоор хурдан төгсөх юм байна гэж ойлгоод ахлагчийн сургуульд орохоор саналаа өгч билээ. Харин ээж загнаад учрыг нь тайлбарлаж, тэгээд л ЦИС-ийн Ерөнхий зориулалтын цэргийн сургуулийн ерөнхий цэргийн ангид элсэн орж байлаа. Хоёрдугаар дамжаанаасаа ар тал, эдийн засгийн ангид шилжин суралцаж 2000 онд төгссөн. Зэвсэгт хүчинд 25 дахь жилдээ алба хааж байна. 
 
 
 
Халшрах үе байв уу?
 
-Халширч байсан үе ёстой байгаагүй. Сургуулийн багш нар сонсогчдыг эрэгтэй байна уу, эмэгтэй байна уу гэж ерөөсөө ялгахгүй. Тийм болохоор эрчүүдтэйгээ эн зэрэгцээд үзээд байдаг байсан. Эндээс би юу олж авсан бэ гэхээр “Би эмэгтэй, би даарна, ядарна” гэсэн ойлголтыг тархинаасаа авч хаяж чадсан. Эргээд бодоход амьдралд минь ч их хэрэгтэй чанар болж төлөвшсөн. 
 
Ажлын гараагаа хаанаас эхлүүлж байв?
 
-2000 онд Зэвсэгт хүчний 032 дугаар ангиас эхлүүлсэн. Олон жилийн түүхтэй бахархам, бусдаас онцлогтой анги шүү. Их ч мундаг дарга нартай, олон жилийн арвин туршлагатай хамт олонтой ажиллаж байлаа. Захирагч, ар талын дарга, нягтлан нярвуудаасаа олон зүйлийг сурсан. Нэг сайхан дурсамж дэлгэхэд, 2002 онд ангийн хүндэт самбарт миний зураг хоёр удаа тавигдсан. Нэг нь оны аварга, нөгөөх нь оны аварга буудагч гээд. Би ер нь хүндэт самбарт нэг хүний зураг хоёр байхыг харж байгаагүй. Ангийн захирагч хурандаа Ж.Дүүрэнжаргал ганц эмэгтэй хүнийг бардаггүй гээд ангийн офицеруудад их уурлаж билээ. Ажлын анхны гараа маань ингэж дардан эхэлж байлаа. Үүнээс хойш 2000-2005 онд Зэвсэгт хүчний 032 дугаар ангид Хүнс, хувцасны албаны даргаар, 2005-2016 онд ЗХЖШ-т Цэргийн хөдөлмөрийн аюулгүй байдлыг хангах алба буюу одоогийн Хяналт, шинжилгээ, үнэлгээний газрын Санхүүгийн хяналтын хэлтэст санхүүгийн хяналтын улсын байцаагчаар, 2017-2018 онд Зэвсэгт хүчний Агаарын цэргийн командлалын Санхүүгийн хэлтэст төсвийн офицероор, 2018-2019 онд Зэвсэгт хүчний Хуурай замын цэргийн командлалын санхүүгийн хэлтэст санхүүгийн ахлах офицероор, 2019 оны 11 дүгээр сараас мөн командлалдаа Санхүүгийн хэлтсийн даргаар томилогдон ажиллаж байна.
 
Таны онжавуудын талаар асуухгүй өнгөрч болохгүй нь?
 
-Манай онжавууд нэг нэгнийхээ жаргал зовлонгийн аль алинд хамт явдаг.  Өдгөө бүгд нэгэн жигд амжилттай яваад баярлаж, тэднээрээ бахархдаг. Энэ жил манай онжавууд 25 жилийн ойгоо тэмдэглэх төлөвлөгөөтэй байгаа. Нөхөрлөлийн 25 жилийн ой ч гэж нэрлэж болно. Миний хувьд онжавуудынхаа 29 дэх бөгөөд анхны эмэгтэй хурандаа цолтон нь.
Хурандаа цолоо гардаж авах үе хөл хориотой цагаар таарсан. Тиймээс эрсдэлээс шалтгаалаад хот руу ирэхгүйгээр “Хуурай замын цэргийн командлагчийг цолыг нь гардуулаарай” гэсэн болохоор Төв аймагт командлал дээрээ цолоо гардаж авсан. Онжавуудыгаа ирэхгүй нь гэж бодож байтал бүгд хамрагдах ёстой шинжилгээгээ өгөөд олуулаа шаагилдаад ороод ирэхэд маш их баярлаж байлаа. 
 
Зэвсэгт хүчинд эмэгтэй цэргийн алба хаагч хурандаа цол хүртэнэ гэдэг нэр төрийн хэрэг. Цолоо зүүж байх агшинд юу бодогдож байв?
 
-Их догдолсон. Үгээр хэлэмгүй сайхан мэдрэмж төрж байсан. Ээж минь тэнгэрээс харж ихэд бахархаж, баярлаж байгаа даа гэж эрхгүй бодогдсон. Энх тунх байхдаа “Аавынхаа авч чадаагүй цолыг миний охин аваарай” гэж хэлж байсан нь санагдаад цолоо гардаж байхдаа золтой л уйлчхаагүй. 
 
Та буудлагын спортод багагүй амжилт гаргасан байх аа?
 
-Би буудлагын спортод их дуртай. Ажлын ачааллаас шалтгаалаад энэ спортоо цааш нь хөгжүүлж, тэмцээн уралдаанд төдийлөн оролцоод байж чаддаггүй. Аавыгаа дагаад хүүхэд байхаасаа л калибраар буудаж сурсан. Зэвсэгт хүчний цэрэгжлийн буудлагын аварга шалгаруулах тэмцээний гар бууны тогтоол болон хурдан буудлагын төрлөөр хэд хэдэн медаль хүртсэн. Хэрэв багаасаа бэлдсэн бол өдийд чамгүй сайн буудагч болсон байх гэж боддог.
 
Ингэхэд та гэр бүлээ танилцуулахгүй юу?
 
-Миний ханийг Б.Гантулга гэдэг. Төрийн тусгай хамгаалалтын газарт ажилладаг. Дэд хурандаа цолтой. Төрийн гурван өндөрлөгийн хамгаалалтад 16 дахь жилдээ ажиллаж байгаа мундаг залуу бий. Зэвсэгт хүчний 032 дугаар ангид хамт ажиллаж байсан. Бид охин, хүүтэй. Миний ар талыг сайн дааж, үр хүүхдүүддээ анхаарч ажил албыг минь хүндэлж, дэмжиж явдаг ханьдаа баярлалаа гэж хэлье. 
 
Хурандаа маань хэр сайн гэрийн эзэгтэй вэ?
 
-Өөрийгөө гайгүй л гэж боддог шүү. Сайн хань, сайхан ээж байхын төлөө аль болох  хичээдэг. Гэхдээ хүүхдүүдийнхээ даалгаврыг хийлгэхээрээ их ширүүн ээж болчихдог. 
 
Таны амьдралдаа баримталдаг зарчим юу вэ?
 
-Аливаад шударга хандахыг хичээдэг. Дарга ч бай, цэрэг ч бай ялгалгүй тэгш хандахыг илүүд үзнэ. Хүнтэй ялгаж харьцах дургүй, тийм араншинтай хүмүүс надад таалагддаггүй. Мэдээж албаа нэр төртэйгээр гүйцэтгэхийг хичээдэг.
 
Тэмдэглэж байсан эмэгтэйчүүдийн баяруудаас сэтгэлд тод үлдсэн нь аль нь вэ? Дурсамжаасаа хуваалцахгүй юу? 
 
-Бодоод байсан, эмэгтэйчүүдийн баяр гэхээсээ илүүтэй цэргийн баяраараа эрчүүдтэйгээ хамт баярлачихдаг юм байна. Гэхдээ хамт олон минь юу гэж зүгээр байх вэ. Хэзээд бидэнд гэнэтийн бэлэгтэй байдаг. Хяналт, шалгалт, үнэлгээний газар ажиллаж байхад "Мартын 8"-аар урлагийн тоглолт зохион байгуулж, миний нууцлагдмал авьяасыг нээн илрүүлж байсан нь сэтгэлд хоногшин үлджээ.  
 
Нийт бүсгүйчүүддээ хандаж мэндчилгээ дэвшүүлэхгүй юу?
 
-Батлан хамгаалах салбар, Зэвсэгт хүчинд ажиллаж байгаа нийт эмэгтэй офицер, ахлагч, ажилтан, алба хаагчид болон эр цэргүүдийнхээ найдвартай ар тал болсон халамжит бүсгүйчүүддээ Олон улсын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдрийн баярын мэндийг хүргэж, аз жаргал, амжилт бүтээлийн дээдийг хүсэн ерөөе.
 
Хошууч Д.Оюунгэрэл
 
Эх сурвалж: "Соёмбо" сонин